Алдаагаа ухаарах нь АН-ынханд өлзийтэй
Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүл болон түүний нөхдийн санаачилсан “хотын төвөөр ядуусыг зорчуулахгүй байх журам”-д алдаа байгааг ард түмэн олж хараад тэгтлээ эсэргүүцсэн хэрэг.
Улмаар энэ тухай мэдээллийг баталгаажуулж цэнхэр дэлгэцээр ярьсан засаг даргын орлогч Н.Гантөмөр гэгч царай зүс, хамар, амаараа “матарлуулж” дуусав. Н.Гантөмөр бээр хэлэхдээ, “Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар Хотын төвөөр зорчиж буй автомашины 30 орчим хувь нь тодорхой зорилгогүйгээр сэлгүүцэн хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байдаг. Иймийн тул зохих журмыг гаргаж арга хэмжээг авахаар боллоо” хэмээсэн нь дайран дээр давс асгах гэдгийн үлгэр болов.
Нийгмийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан Нийслэлийн өндөр албан тушаалтнууд энэ удаад наймдугаар сарын 13-нд буюу маргааш НИТХ-аар хэлэлцэгдэн батлагдах ёстой байсан тус журмыг хэлэлцэх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Энэ бол сошиал сүлжээ хэрхэн хүчээ авч, шийдвэр гаргагчдад нөлөөлж чадаж байгаагийн бас нэгэн үзүүлэлт юм.
Хэрвээ дээрх журмыг Нийслэлээс баталж гэмээнэ, Н.Алтанхуяг нарын балагаар тэртэй тэргүй нэр хүнд нь өдрөөс өдөрт унаж байгаа АН ирэх сонгуульд шууд “авслагдах” зам руугаа орж явчих магадлалтай.
Тэр бүү хэл дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нь дэвшиж магадгүй тухай хүчтэй яригдах болсон хотын мээр Э.Бат-Үүлийн улсыг толгойлох гэсэн нууцхан хүсэл нь нурж унана. Нөхцөл байдал нэгэнт ийм тул, урдны бүдүүлэг харанхуй ард түмэнтэй биш илүү цахимжсан, смарт сонгогчдоос санал авахын тулд алдаагаа эртнээс ухаарч, засаж явах нь эрх баригчдад өлзийтэй биз ээ.
- See more at: http://politics.time.mn/content/48196.shtml#sthash.XZntPVh2.dpuf
URL: