”Нарантуул” худалдааны тєв vерийн улмаас хаагдав

Нийслэлийн хэд хэдэн газар үер буужээ. Хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутагдэвсгэрт үерийн далан бараадан буусан айл өрхүүд хүндхэн байдалд байна. Онцгой байдлын албаныхан үерт автсан айлуудыг нүүлгэн шилжүүлж, аврах ажиллагааг явуулж байна. Өчигдөр гэхэд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо “Сүнжин гранд”-ын хойд талын үерийн далан усаар дүүрчээ. Оршин суугчид барилга барьсан хогоо үерийн ус зайлуулах далан уруу хийснээс суваг бөглөрч айлууд усанд автжээ.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид усыг зайлуулж, 200 метр газар суваг гарган шуудуу татсан байна. Мөн “Өгөөмөр” захын зүүн талын далан нуржээ. үүнээс үүдэн Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасгаас “Нарантуул” захын урд уулзвараас Чулуун-Овоо хүртэлх замыг хааж автомашины хөдөлгөөнийг түр зогсоов. Тиймээс “Нарантуул” олон улсын худалдааны төв болон “Өгөөмөр” захууд өчигдөр үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрчээ. Мөн Хан-Уул дүүргийн нутаг Гандийн гудамжны зам баруунаасаа зүүн чиглэлд сэтэрч хөдөлгөөн хаагдсан байна.

Албаны хүний мэдээлснээр нийслэлд үерт автах эрсдэлтэй 2889 айл байгаа аж. үүнээс Баянгөл дүүрэгт 122, Баянзүрх дүүрэгт 803, Хан-Уулд 328, Сүхбаатарт 434, Чингэлтэйд 462, Сонгинохайрханд 669 айл байна. Эн тэргүүнд нүүлгэх шаардлагатай айлын тоо 500-д хүрчээ. Нийслэлийн газрын алба, Захирагчийн ажлын албанаас далангийн дэргэд буусан айлуудад шинэ суурьшлын бүс шийдэж өгсөн юм.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 220, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 50, Налайх дүүргийн цэргийн ангийн урд талд 300 ам.метр талбайг суурьшлын бүс болгохоор болсон. Дээрх газруудад нүүж ирэх айлуудад зориулж ус, цахилгаан, нийтийн тээврийн үйлчилгээг шийдсэн байна. Харамсалтай нь зарим айл далангийн суваг, жалганы ирмэгийг илүүд үзсэнээр үерийн аюулд өртлөө.

Д.Мягмаржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих