Хүчирхийллийн эсрэг төвийг “хүчирхийлдэг” болжээ
40 настай Н Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн харьяа түр хамгаалах байранд байдаг охиноо дарамтлах гэж уржигдар очжээ. Тэрээр түр хамгаалах байрны цонхыг хагалж, танхайран хамгаалтад байгаа хүүхэд эмэгтэйчүүдийг айлгасан байна.
Энэ талаар Хүчирхийлийн эсрэг үндэсний төвийн үйлчилгээний менежер Б.Хүрэлцэцэгээс тодруулахад “Хүчирхийлэл үйлдэгч эцэг манай нийслэлд байдаг хамгаалах байранд хохирогчийг дарамтах гэж очсон. Тэр нь бүтээгүй болоогүй болохоор хамгаалах байрны цонхыг хагалж, хаалгыг эвдсэн. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчид жилээс жилд ихэсч байгаа.
Он гарсаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 300 гаруй хуүхэд, эмэгтэйчүүд байна. Тэднийг хамгаалах түр байрууд нийслэлд хоёр, Өвөрхангай, Сэлэнгэ, Баянхонгор, Төв, Дундговь аймагт тус бүр нэг байдаг. Говь-Алтайд сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүд ихэсч байгаа учир аймгийнхаа цагдаагийн хэлтсийн хажууд хохирогчдыг хамгаалах түр байр барихаар төлөвлөж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд 1995 онд 26 хүүхэд, эмэгтэйчүүд өртөж байсан бол 15 жидийн дараа жилд дунджаар 700-800 болж өсчээ. Тэдний 60 гаруй хувь нь хүүхдүүд. Манай төвд хандахаасаа өмнө хохирогчид амиа хорлохоор оролдсон байдаг. Тэднийг хамгаалах түр байранд байлгахад хүртэл зарим хүчирхийлэгчид дарамтлахаар ирж, цонх хаалгыг эвдэж сүйтгэж байна.
Ураг төрлийн хүчирхийлэлд өвөө, аав, төрсөн ах, хамаатныхаа ахад доод тал нь долоо хоногоос таван жилийн хугацаанд хүчирхийлүүлсэн жишээ бий. Зарим нь эдийн засгийн аргаар хүчирхийлэлд өрстөгчийг, дарамталж гомдлыг нь буцаалгаж байна” гэв.
О.Бүрнээ
URL: