МӨНГӨНИЙ БОДЛОГО ЧАНГАРСНААР ЭДИЙН ЗАСАГТ УРТ ХУГАЦААНД ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛНӨ
Монголбанк өнгөрсөн долоо хоногт гаргасан мөнгөний бодлогын мэдэгдэлд ‘Төлбөрийн тэнцлийн дарамтыг арилгаж, эдийн засгийг хүндрэлээс гаргахын тулд төсвийн тогтвортой байдлыг хангаж, экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар гадаад валютын орох урсгалыг эрс сайжруулах нь чухал” хэмээн онцлон дурьдсан байсан. Хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол эдийн засаг улам л муудна. Гэхдээ эдийн засгаа улам дордуулахаас сэргийлж Төвбанкнаас мөнгөний бодлогыг чангаруулах арга хэмжээ авснаа зарласан билээ.
Сүүлийн хэдэн жилд манай улсын эдийн засгийн гадаад орчин тасралтгүй муудсан. Төлбөрийн тэнцлийн алдагдал сүүлийн жил хагас тааруухан үзүүлэлттэй байсан учраас олон улсын зах зээлд төлснөөсөө бага гадаад валютын орлоготой байсан тухай Төвбанкнаас илэрхийлж байгаа. Ийнхүү удаан хугацаанд мөнгөн хөрөнгийн эх үүсвэр муутай байснаас дотоодын нийт эрэлтийг үргэлжлүүлэн дэмжих боломжгүй болж, тиймээс ч мөнгөний бодлогын хүүг нэмэх шийдвэр гаргасан байдаг. Мөнгөний бодлогыг чангаруулснаар эдийн засагт урт хугацаанд эерэгээр нөлөөлнө гэдгийг эдийн засагчид бараг нэгэн дуугаар хэлж буй. Хэрвээ манай эдийн засаг дунд, урт хугацаандаа тогтвортой байх орчин бүрдвэл гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлэх юм.
“Өнөөгийн макро орчинд нийт эрэлтийн өсөлтийг сааруулж, эдийн засгийн гадаад тэнцвэрийг аажим сайжруулах бодлогын арга хэмжээ авах нь дунд, хугацааны тогтвортой байдал бүрдүүлэх нэг нөхцөл болно. Эдийн засгийн эдгээр хүндрэлүүд инфляци, валютын ханш гэсэн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс цаашид иргэдийн бодит орлогыг хамгаалах шийдвэр гаргалаа” хэмээн Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна билээ.
Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн бодлогын шийдвэр нь товчхондоо гадаад орчинг тэнцвэржүүлэн, эрэлтийг бууруулах чиглэлд өөрчилж байгаа тохироо юм. Мөнгөний бодлогын шийдвэр нь зах зээлийн орчинг өөрчлөх замаар эдийн засагт нөлөөлдөг учраас ирэх онуудад хөрөнгө оруулалтын илүү таатай орчин бүрдэх өндөр магадлалтай. Хамгийн гол нь мөнгөний бодлогыг хатууруулж байгаа энэ үед төсвийн бодлогыг үүнтэй уялдуулах нь чухал аж. Тийм учраас төсвөөс гадуурх санхүүжилтийг оруулж тооцсон нэгдсэн төсвийн бодлогыг үүсээд байгаа хүндрэлийг арилгах зорилготойгоор уялдуулна гэвэл төсөвтэй адилтгах зардлыг бууруулах шаардлагатай гэнэ. Энэ нь төсвийн үргүй зарддыг багасгаж, төсвийн зарцуулалтад хариуцлагатай хандах хэрэгтэй гэсэн үг.
Мөнгөний бодлогыг чангаруулсантай холбогдуулж эдийн засагчид байр сууриа хэрхэн илэрхийлэв.
МУИС-ИЙН БАГШ, ДОКТОР Л.ОЮУН:
-Ер нь бол үйлдвэрлэл өндөр хөгжөөгүй байгаа үед мөнгөний хатуу бодлого нь зөв байдаг.
Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд инфляци өсөхгүй байх учиртай бөгөөд мөнгөний нийлүүлэлт бага байх шаардлагатай. Үүнийг хатуу бодлого гэж ойлгож болно. Мөнгөний илүүдэл нийлүүлэлт үнийг улам өсгөх эрсдэлтэй учраас тодорхой хэсгийг нь гүйлгээнээс татах хэрэгтэй.
Монголбанк бодлогынхоо хүүгээр нийт эрэлтийг хумьж инфляцийг барина гэж бодсон ч, засгийн газар улсын төсвөөр, бас төсвөөс гадуур мөнгө нийлүүлээд, эрэлтийг өдөөгөөд байж таарахгүй. Тиймд улсын төсөв, төсвөөс гадуурх зарцуулалтыг адилхан хумихгүй бол болохгүй. Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлнэ, мөнгөний нийлүүлэлтийг хумина гэж бодож байгаа бол Монголбанк, Засгийн газар хоёулаа адилхан бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлого, төсвийн бодлого уялдаатай яваасай гэж хүсч байна. Үгүй бол үр дүнгээ өгөхгүй.
ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ЭДИЙН ЗАСАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ:
-Бидэнд бодлогын хувилбар байгаа. Богино хугацаанд мөнгөний бодлогоо хатууруулбал дунд, урт хугацаанд эдийн засаг эрүүл, тогтвортой өсөх боломжтой болно. Манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт зогсч, гадаад валютын орж ирэх урсгал эрс татарсан өнөөгийн нөхцөлд бодлогын зөв хувилбар нь энэ. Мөнгөний бодлого хатуурах нь тав, арван жил үргэлжлэх мөнхийн зүйл биш. Макро эдийн зараг маань тогтворжсон, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин илүү сайжирсан нөхцөлд бодит эдийн засаг, хувийн сектороо эргээд дэмжсэн бодлогоо хэрэгжүүлэх нь зүйтэй.
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ Ж.ДЭЛГЭРСАЙХАН:
-Манай эдийн засгийн хувьд яг одоогийн нөхцөл байдалд бол мөнгөний хатуу бодлого нь илүү зохимжтой болоод байна. Макро эдийн засгийн цаашдын том эрсдэлээс хамгаалж, ойрын хугацаанд жижиг хүндрэлийг тоохгүй байя, түүнийг хүлээн зөвшөөрье гэсэн үг л дээ. Мөнгөний бодлогыг хатууруулснаар богино хугацаандаа аж ахуйн нэгж, иргэдийн нуруунд мэдээж сөргөөр нөлөөлнө. Байгууллага, иргэдийн худалдан авалтанд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ энэ бол байж болох үзэгдэл. Яагаад гэвэл энэ нь богино хугацааны эрсдэлтэй боловч макро түвшиндээ урт хугацаанд эрсдэл хүндрэлээс хамгаалах боломжийг бүрдүүлж чадна.
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ Б.МӨНХЗАЯА:
-Миний хувьд мөнгөний хатуу бодлого явуулахыг дэмжсэн байр суурьтай байгаа. Нэг ёсондоо үнийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв. Мэдээж хэрэг аль ч бодлогыг хэрэгжүүлэхэд эерэг, сөрөг тал байгаа.
Ямар ч байсан мөнгөний нийлүүлэлтийг дэмжээд, үнийн өсөлт, ханшаа алдаж байснаас одоогийн байдлаар мөнгөний хатуу бодлого явуулах нь арай бага эрсдэл хүлээх юм.
Ц.ШИЖИР /ӨДРИЙН ШУУДАН/
URL: