Толбо арилгах энгийн аргууд
Аливаа толбыг арилгахын өмнө эхлээд тоос шорооноос нь цэвэрлэх шаардлагатай. Шууд толбыг арилгах гэвэл цэвэрлэгдээгүй тоос шороотой холилдож бүр завааруулах нь бий. Янз бүрийн толбыг арилгах хамгийн энгийн арга бол савангийн уусмал юм. Хэрвээ энэ арга үр дүнгээ өгөхгүй бол илүү эрчимтэй арга хэмжээ авах нь зөв.
Тослог толбо
Үүнийг арилгахын тулд бензин, ацетон зэргийг ашиглаж болно. Мөн худалдаанд байгаа шингэн найрлагатай толбо арилгагчийг сонгоорой.
Тосон будгийн толбо
Хэрэв шинэхэн толбо бол ацетон эсвэл цэнхэр керосиноор арилгах боломжтой. Үүний тулд дурьдсан аль нэг шингэнийг хөвөнд норгоод бохирдсон хэсгийг сайтар арчина.
Өвс ногооны толбо
Хувцсан дээр үүссэн ийм толбыг савангийн бүлээн уусмалаар угаахад арилна. Усандаа бага зэргийн нашатырын спирт хийвэл үр дүнтэй. Удсан ногооны толбыг найруулсан спиртээр арчихад арилна.
Жимсний толбо
Шинэхэн жимсний толбыг халуун усаар арилгана. Мөн толбыг халуун сүүнд хэдэн минут байлгахад, дараа нь заавал үр дүнгээ өгнө. Удсан ийм толбыг нимбэгний хүчлийн уусмалаар арилгадаг /нэг аяга усанд 2 гр хийнэ/. Үүний дараа бүлээн усаар угаана.
Загас, сүү, соуснаас үлдсэн толбо
Хэрэв эдгээр нь шинэхэн бол савангийн уусмалаар амархан арилагдана. Дараа нь бүлээн усаар угаахаа мартуузай. Хуучирсан толбыг хөвөнд бүлээн глицерин шингээгээд арчина.
Цусны толбо
Ийм толбыг эхлээд хүйтэн усаар угааж дараа нь савангийн уусмалаар угаадаг. Харин эсэргээр байж болохгүй. Эхлээд халуун усаар угаавал шарлаад, арилгахад маш хүндрэлтэй болдог. Толбо болсон ор хөнжлийн даавууг угаахын өмнө хүйтэн усанд хэдэн цаг дэвтээнэ.
Нимгэн торгон эдлэл
Төмсний цардуулаар арилгана. Төмсний цардуулыг хүйтэн усанд хийж найруулна. Бохирдсон хэсэгт цардуул түрхээд хатаана. Үүний дараа цардуулаа сэгсэрч, энгийн аргаар угаана.
Чирнелийн /нил ягаан/ толбо
Цайвар өнгийн хувцас, эдлэл дээр тогтсон ийм толбыг нимбэгний хүчлийн тусламжтай арилгаж болно. Мөн шинэхэн үүссэн ийм толбыг спирт болон хүнсний соодны тусламжтай арилгана /нэг аяга усанд 1-2 халбага спирт, хүнсний соод/.
Ялааны толбо
Үүнийг найруулсан /1:10/ нашатырын спиртээр арилгаж дараа нь хүйтэн усаар зайлна.
Хөгцнөөс үүдсэн толбо
Хөвөн даавуун эдлэл дээр тогтсон ийм толбыг соод хийсэн савантай халуун усаар угаавал арилна. Мөн нашатырын спиртээр толбыг арилгаж болно /нэг аяга усанд 1-2 цайны халбага спирт/.
URL: