Юу болоод байна вэ
Монголд юу болоод байна вэ? Хэдэн янзын зөрүүтэй мэдээлэл, тайлбар сэлтээр тал талаасаа “бөмбөгдүүлэв”.
Уржигдар “news.mn”, “gogo.mn”, “shuud.mn” зэрэг мэдээллийн томоохон сайтуудын үйл ажиллагаа багагүй хугацаанд доголдсон бол өчигдөр өглөө энэ нь Монголын ихэнх цахим хуудаст “халдварлаж” орхив.
Цахим халдлагын “хэргээрээ” Азид тэргүүлдэг монгол залуу байдаг тухай өчигдрийн үйл явдлын дараа л танилаасаа олж мэдлээ
Хэн буруутай юм гэхээр бүгд л мөрөө хавчин толгойгоо сэгсэрнэ. “АТГ-ын дээр хөх тэнгэр л бий”, “Хурандаа нарын ард хэн байв” гэсэн хоёр материал оруулсны төлөө цахим халдлага хийж, дээрх бичвэрүүдийг арилгаад, өөр таван ч мэдээнийх нь гарчгийг бүдүүлэг үг хэллэгээр сольсон нь эрх мэдэлтнүүдийн санаатай үйлдэл гэдгийг “news.mn” сайтынхан мэдэгдэж байгаа.Тиймээс зарим хүн тэднийхийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтын газар бохироо Туул гол руу шууд цутгаж байгаа тухай мэдээлснийхээ төлөө “амаа үдүүлсэн” “amjilt.com”-ын араас орох нь хэмээн халаглаж суув.Хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэмтэй Монгол Улсын иргэд мэдээллээр хангагдах эрхээ эдлэхэд хэн ч саад хийх ёсгүй билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ямар учраас дөрөв дэх засаглал гэдэг юм бэ. Энэ бол хэн дуртай нь хүссэн үедээ нус, шүлсээ хаяад байдаг бохирын сав биш. Гэтэл тус сайт руу цахим халдлага хийсэн 15.30-18.00 цагийн хооронд “gogo.mn”, “shuud.mn” рүү хэн нэгэн мөн л хиймэл хандалт үүсгэн гацаасан тухай үзэг нэгт нөхдөөсөө дуулаад ямар орчинд ажиллаж, амьдарч байгаадаа эргэлзэн гайхахад хүрэв.
Цахим хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү гэнэт халдсан уржигдрын дайралт олныг гайхшийг барж байтал өчигдөр өгл өө Монголын ихэнх сайт уншигч олондоо мэдээллээ хүргэж чадахгүй чамгүй удаан саатсан. Өглөөхөн л бүх зүйлийн зангилаа Үндэсний дата төвд гарсан гэмтэл байсан бол үд гэхэд эрлийн үзүүр огт өөр тийш чиглэсэн. Ямар учраас сайтуудын үйл ажиллагаа саатсан шалтгааныг Үндэсний дата төв, Мэдээлэл холбооны сүлжээ компани хоёр нэг нэгэн рүүгээ түлхсээр эцэстээ хакерууд гол буруутан болж таарав.
Хачирхалтай нь хакерчид болон цахим халдлагатай тэмцэх ёстой Тагнуулын ерөнхий газрын харьяа Кибер аюулгүй байдлын албаныхан үүнд ямар ч тайлбар өгөлгүй, харин ч Үндэсний дата төвд гарсан гэмтэлтэй холбоотой гэсэн байх юм. Тагнуулынхан л “мэдэхгүй” гэсэн хариулт өгөхөөр хакерчдыг тэгээд хэн зогсоох болж байна аа.Хоёрхон хоногийн өмнө “Цахим аюулгүй байдлаас хэрхэн сэргийлэх вэ” гээд л сүрхий анхааруулга өгөөд байсан Кибер аюулгүй байдлын албаныхны ийм олхиогүй гэдгийг тэд мэдчихээд өөрсдөөр нь даажигнаад байгаа юм биш үү.
Энэ удаа хакерчдын “туршилтын туулай” нь цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байлаа. Харин дараагийн удаа төрийн байгууллагуудыг онилбол энэ янзаараа цоож, цуургагүй хаалгаар нь ядах юмгүй нэвтэрч, нууц мэдээллийг нь хулгайлах бололтой. Яагаад гэвэл цахим халдлагын “хэргээрээ” Азид тэргүүлдэг монгол залуу байдаг тухай өчигдрийн үйл явдлын дараа л танилаасаа олж мэдлээ. Гэтэл бид “Монголд хакерчид байдаг юм уу” хэмээн аанай сэрүүн зүүдэлж суудаг. Яана даа.
URL: