Ерөнхийлөгч өө, таны “тангараг”-тай Х.Тэмүүжин тэмцээд байна, одоо яах вэ?
Хуульзүйн сайд Х.Тэмүүжин анх ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа л “Чөтгөр ав, бүх юм тонил цаашаа. Миний сайд байх нь хэнд хамаатай юм. Монгол Улсад авлигатай хатуу тэмцэх нь л чухал” хэмээн бичиж “од” болсон. Мөн ХЗДХЯ-ны нэр дээр сургуульд суралцсан томчуудын хүүхдүүдийн жагсаалтыг илчилж, экс Ерөнхийлөгчийн гэргий О.Цолмонгийн сүрдүүлсэн мессежийг нийтэд дэлгэн ёстой л ажлыг гялалзуулж байсан түүнд бүгд итгэж байлаа. Харин энэ нэр хүндийг сэвтүүлсэн эхний асуудал нь Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг татан буулгаж Хууль сахиулах байгууллагын цогцолбор болгох шийдвэр байв. Төсвийн тухай хуулийг зөрчсөн энэ үйлдэл түүнийг бага зэрэг цочроосон ч энэ үеэс өөрийгөө, намаа хүчтэй байгааг мэдэрч “буруу зоригжин” алдаа гаргаж эхэлсэн.
Одоо тэр тэс өөр болсон. Шоудаад байж болдгийг мэдэж, үнэнд гүйцэгдээд ирэхээрээ элдэв битүү хатуу утгатай үгс чулуудан түншиж үзэж байлаа. Тиймээс ч өөрийг нь огцруулах тогтоолыг өргөн барьсны дараа “Сумаа харвачихаад нумаа нуудаг хүмүүс юм. Сум нь ч яахав Баасанхүүд байна. Нум нь хэнд байгаа нь л сонин байна” хэмээн цахим хуудсаар бичсэн. Төдөлгүй “Над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулаад байна” гэж сонины хуудаснаа “хашхирсан”. Энэ үеэс л хүчний байгууллагуудыг талцуулах “ажиллагаа” эхэлсэн гэж хэлж болно. Харин энэ ажил дэндүү хурдтай, бас хүчтэй явж байгаа нь олон нийтийг айлгаж эхэллээ.
Эхлээд Хууль зүйн сайд удирдлагадаа байгаа хүмүүстэй таарахгүй Засгийн газраас томилсон агентлагийн даргаар оролдох, өөрийн эрх мэдлийн дагуу зарим хүнийг халж сольж байгаа дүр зураг харагдаж иргэд энэ мэдээг сонсоод зөвхөн мөрөө хавчаад өнгөрч байсан. Харин одоо бухимдаж тэр ч байтугай айж эхэллээ. Тус яамны эрхлэх асуудлын хүрээнд 11 агентлаг, байгууллага байдгийн дотор долоон Ерөнхий газрыг хариуцдаг нь ямар өргөн цар хүрээтэйг харуулдаг. Энэ долоон Ерөнхий газрын дотор ЦЕГ, ШШГЕГ ч багтсан. Гэтэл дээрх агентлагуудын удирдлагыг халж солихдоо “арай өөр нүд”-ээр хараад байгааг салбарынхан шүүмжилж байв. Үүнийг эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн үйлдэл гэж үзэхэд яамныхаа үндсэн зорилго болсон “Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлж” чадсан уу. Хууль зүйн яам бол энэ салбарыг эрх зүйн шинэтгэлийн бодлого, хууль зүйн нэгдсэн бодлогоор хангах чиг үүрэгтэй. Үүнийхээ хэрэгжилтийг хянах үүргээ ч мэдэж байгаа нь лавтай.
Харамсалтай нь одоогийн байдлаар Ерөнхийлөгчийн эрхлэх асуудлын хүрээнд багтдаг, тэр ч байтугай өргөсөн тангарагт нь үүрэг нь багтдаг АТГ-тай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэмцэлдэж эхлэв. Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, ШШГЕГ, ЦЕГ, түүний харьяанд ажилладаг Төрийн тусгай хамгаалалтын газар гэх байгууллагууд аль институцийн эрхлэх асуудлын хүрээнд байдгаас үл хамааран хууль сахиулах, авлигатай тэмцэх, гэмт үйлдлийг илрүүлэх үүрэгтэй. Энэ нэгэн үзүүрт үүргээ биелүүлэхэд нь нэгдмэл удирдлагаар хангах салбар нь Хууль зүйн яам, хариуцах эзэн нь тус яамыг удирдаж буй сайд Х.Тэмүүжин юм.
Гэтэл ТЕГ нь АТГ-ын тавьсан чагнах төхөөрөмжийг эрх мэдэлтнүүдэд мэдээлдэг, Төрийн тусгай хамгаалалтын газрынхан нь “АТГ-ыхан Төрийн нууц задрууллаа” гээд хэвлэлийн бага хурал хийж байгаа зэргээс харахад Монголд төрийн нууц байтугай Төр байгаа эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Энэ бүхэн эцэстээ Үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлж болох юм гэдгийг ҮАБЗ-ийн Тэргүүний хувьд онцгой анхаарч тангарагтаа үнэнч үлдье гэвэл Х.Тэмүүжинтэй тангараг тасрахгүй бол оройтож мэдэхээр байгааг сануулъя.
Олон нийтэд ойлгомжтой байгаа нэг зүйл бол Засгийн газрын 2012 оны 63 дугаар тогтоолын 4-р хавсралт буюу Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн 3.3.6-д “Улстөржихгүй байх зарчим. Тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэгжлэгчид өндөр мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан байх” гэдэг хэсэгтэй харьцуулбал Хууль зүйн сайд ч, Төв аймаг дахь ШШГА-ны холбогдох удирдлага, албан хаагчид ч хууль зөрчсөн байж таарч байна. Гэтэл Төрийн тусгай хамгаалалтын газрынхан “АТГ хууль зөрчлөө” гэж байна.
Магадгүй Төрийн тусгай хамгаалалтын газрынхны дээр ЦЕГ, Хууль зүйн яам бий болохоор тэгж хэлэхээс аргагүйд хүрсэн байх. Ямар ч шалтаг, шалтгаантай байсан энэ салбар болохоо байчихлаа, Ерөнхийлөгч өө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд та эрх мэдлийнхээ хүрээнд авлигыг илрүүлж болдог, АТГ-тай тэмцэж болдоггүй гэдгийг ойлгуулж өгөөч гэж гуйя. “Гэдсэндээ хөлөө жийлцэж” өөр хоорондоо тэмцэлдэж байх бидний энэ эмгэнэлт дүр зураг гаднынханд ямар мессеж өгч байгаа, цаашид Үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөхийг төсөөлөхөд ч бэрх аж. Магадгүй өмнөд хөршийн нэгэн суутны хэлсэнчлэн “Хуваах тусам хуваагдана” гэх зарчим ийн биелэлээ олж байж ч мэдэх юм.
Ж.Мөнхбаяр /Zaluu.com/
URL: