Гар чичрэх эрхгүй алба

-Хагалгаа хийлгэсэн бо үхлийн талаар бодолтгүй-

Хавдар судлалын үндэсний эмнэлэг нийслэлийн зүүнтээ оршдогийг хүмүүс мэднэ. Тэнд “Оч” гэсэн эмнэлгийн хуудастай иргэд, тэдний ойр дотныхон нэг үе уйлаан, “майлаам” болон явцгаадаг байж билээ. Тэр хаалгаар л орвол “эргэж ирэхгүй” гэсэн сэтгэл тээгддэг асан юм уу даа. Одоо өөр болжээ. Төвийн хашаагаар орвол, нэгэн эмчийн цээж баримал угтана. Учрыг лавлавал, хавдартай тэмцэх албыг олон жил удирдсан, АУ-ны доктор Н.Нямдаваагийн хөшөө гэнэ.

Төвийн үүдээр оруут, хэн нэгнийг хүлээсэн сахиур, карт нээлгэх, үзлэгийн дараалал авах гэсэн хүмүүсийн бужигнаан тослоо. Хаа очиж эмгэнэж гашуудсан, уйлж унжсан нэгэн харагдсангүй. Эмч, сувилагч, асрагч нар нь инээд цацраан явцгаах нь энэрлийн газрыг илтгэх мэт. Баруун жигүүрийн дөрөвдүгээр давхарт гарвал, “Мэс эаслын тасаг” гэсэн хаяг үээгдэх нь бидний зорьсон газар бололтой. Халуун савтай хоол,цай барьсан хэдэн хум үүднийх нь сандалд сууцгаана. Ажиглавал, амар амгалан хэдий ч, хагалгаанд орсон нэгний ар гэрийнхэн нь илт, “Одоо дөхөж байгаа. Очироо эмч эргээд хагалгаатай гэсэн, Онцгой алба юм даа” гэцгээх нь содон.

Төдөлгүй хагалгаа дуусч, бидний хүлээсэн Я.Эрдэнэ-Очир эмч гарч ирлээ. Өвчтөний ар гэр бас намайг толгой дохин өрөөндөө дагуулж оров. Эмчийн нүүр нүд, дууны өнгө, хөдөлгөөн мэс засал амжилттай болсныг илтгэх агаад, биднийг нэг мөр тайвшруулж орхив. Тэрбээр, “Хагалгааг дурангаар хийлээ, Азаар сунасан ходоодтой хүн юм, Эгэмний дээгүүр цоолж улаан хоолойг суллан тайрч, ходоодыг нь сойж залгасан. Ойр орчмын булчирхайнуудыг авсан нь үсэрхийлж хүндрэхээс сэргийлж байгаа хэрэг, Өвчтөн 82 настай ч тэнхлүүн хүн тул хурдан эдгэнэ, айлтгүй” гэлээ.

Гэрийнхэн нь гунигийн бус баярын нулимс унаган талархаснаа илэрхийлэх нь даанч сайхан. Дараагийн хагалгааг 30 настай залууд хийхээр төлөвлөчээ. Тэр болтол цаг хожиж эмчтэй хэдэн хором хөөрөлдөв. “Би чамд нэг сонин тохиолдол ярих уу” гээд ийн өгүүлэв. Таван жилийм өмнө Увсаас нэгэн дуудлага ирлээ. Очтол, 70 гарсан эмгэний улаан хоолой хавдрын улмаас задарчээ. Хотоос нэмэгдэл “хүч” дуудаж, зардал, чирэгдэл бололтой биш. Улсын клиникийн төв эмнэлгийн унтуулагч эмч Н.Ганбатыг дуудуулав.

Тэр ч ирж хагалгаа эхэлтэл, улаам хоолой нь задарснаас идсэн, уусан нь цээжний хөндийд юүлэгдсэн байлаа. Түүнийг нь цэвэрлээд, оёх ямарч боломжгүйгээс хамраар нь гуурс шургуулан, задарсан хоолой дундуур нь явуулаад, гадуур нь цус тогтоогч губкаар ороогоод орхисон. Дэлхийд хаана ч, хэзээ ч хийгдэхгүй, хийгээ ч үгүй “монгол арга” юм даа. Гурван хоног сахиад буцсан. Хэдэн сар болов. Тэд ч ярьсангүй, би ч айгaад залгасангүй. Тэгтэл нэг өдөр ярьж байна аа. “Эмчээ баярласан шүү. Хөгшин маань эдгээд хэвэндээ орсон. Дуртай хоолоо л идэж байна” гэдэг юм байна.

Тэр эмээ одоо ч холбоотой гэснийг сонсоод өөрийн эрхгүй самсаа шархиран, дотор огшиж, ур чадвараар нь бахархах сэтгэл төрж байснаа нуух юун. Дараагийн хагалгаа үдээс хойш оров. Өмнөх хагалгаатай ижил аж. Өвчтөний цээжин хэсгийг ил гарган унтуулжээ. Эгэмний дээд хэсэг, ходоодон тушаа нь цоолон дурангаар улаан хоолойг нь салган, ходоодыг нь сойж залгав. Оёхдоо, эрхтэнүүдийн судас хагарч мэдэшгүй. Болгоомжтой байхгүй аваас горьгүй хэмээн өөртөө болон өрөөлд анхааруулах нь “гар чичрэх эрхгүй алба юм даа” гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ билээ.

Хагалгааны явцыг тоочоод ч яах билээ. Мамайхан айраг их уудгаас тэр үү, хоолонд “цайных” уу, ходоод нь нэлээн сунасан байсан нь ийм үед тун хэрэгтй юм шиг санагдсан. Мэс засал амжилттай болов. Залуу хүн тул, эрсдэлийг дажгүй давна гэж эмч маань дүгнэсэн.

Эмчийн өрөөнд үргэлжлүүлэн ярилцлаа.

-Жилд хэдэн хагалгаа хийдэг вэ?
-Долоон хоногийн дөрөвт нь хагалгаа ордог. Өдөрт хоёр гээд бод доо.

-Олон хагалгаа хийдэг юм байна, Бүгд амжилттай болох уу?
-Хавдар эхэлж байгаа, өөрөөр хэлбэл, эрт оношлогдсон үед хийнэ. Хоёр, гуравдугаар шатад орсон ч тохироо нь бүрдвэл болно. Өвчтөний бие тэнхлүүн, хавдар нь үсэрхийлээгүй бол гэсэн үг шүү дээ, Хагалгаа хийлгэсэн бол үхлийн тухай бодолтгүй. Гэхдээ хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй. Хавдар гурваас дээш шатад шилжсэн, хавийнхаа эрхтэнд үсэрхийлсэн, өвчтөн тураалд орсон үөд хийдэггүй. Хөнгөвчлөх эмчилгээ хийх ёстой.

-Хагалгааны арга тахник гэж байна биз?
-Тэгэлгүй дээ, Улаан хоолойг ходоодтой залгах, ходоод тайрах, аль алиныг нь нарийн, бүдүүн гэдсээр орлуулах гэхчлэн олон арга бий. Тухайн үеийн нөхцөлөөс болоод ямар ч арга сонгож болно. Яг тийм гэсэн товлол байхгүй.

-Хагалгаа амжилттай болж, хавдрыг даван туулсан жишээ хэлнэ үү?
-Алийг гэх вэ, Арав гаруй жилийн өмнө амжилттай хийсэн нэг хүнд хагалгааны эзэнтэй холбож өгье. Өөрөөс нь асуу. Ингээд Очироо эмчийн холбож өгсөн хүнтэй уулэахаар Улиастайг зорив. Б.Балчиндорж гуай хашааныхаа үүдэнд тосож зогсов.

-Таныг их хүнд хагалгаа хий л гэсэн гэх юм?
-Тэгсэн, Арван таван жилийн өмнө ходоодны хорт хөвдар тусч, хүндрээд, тураалдаа орсон амьтан очиж байлаа. Ингээд өнгөрдөг байжээ гэж бодсон. Азаар бусад эрхтэнд үсэрхийлээгүй. Очироо эмч ходоодыг нарийн гэдсээр орлуулах хагалгааны талаар японд мэргэжил дээшлүүлээд ирсэн үе нь ч таарсан. Тийм хагалгаа хийлгэсэн анхны хүн нь би.

-Одоо ингээд сууж байхыг бодоход тун амжилттай болжээ?
-Тэгэхгүй яах вэ, Сарын дараа л хоолонд орсон. Одоо юу л бол юу идэж, ууна. Өчигдөр гэхэд л арав гаруй бууз “цохиж” орхисон. Гам барих байтугай хавдраар өвдсөнөө ч мартжээ. Эмч утасдахаар л саналаа.

Бид ийн ярилцав. Монголд улаан хоолойн өмөн зонхилон тохиолддог хорт хавдрын дөрөвт ордог бөгөөд, 2005-2010 онд 100,00 хүнд 24.8 болж, эрс өсчээ. Нас баралт 100.000 хүнд 10, 15 тохиолдрл байгаа нь хоруу чанартай, үхэлд хурдан хүргэдэг болохыг харуулж буй хэрэг. Өөх, тостой хоол эрсдлийг нэмэгдүүлж, жимс, ногоо бууруулдаг байна.

Хэт таргалалт ч нөлөөлдөг гэсэн. Архи, тамхи, 70 хэмээс дээш халуун цай уух ч аюултай, Судалгааны нэг сонин үр дүнг танилцуулбал, спиртийн төрлийн ундаа хэрэглэсэн үед нүүр нь улайдаг хүмүүс өртөх магадлал өндөр тухай гарчээ. Эхэндээ тодорхой шинж илэрдэггүй, хүндэрсэн үед залгихад бэрх болж, “тээглэх”-ээр барахгүй хоол идсэний дараа бөөлжих, цээж, түүний араар өвдөх, турах, хоолой сөөнгөтөх, цусаар огих, хүчлээр гулгих шинж илэрдэг гэсэн.

Нас баралтын хувьд эрэгтэйчүүд хийгээд эмэгтэйчүүдийн харьцаа 2:1 буюу эрчүүдэд илүү нь ажиглагджээ. Өнгөрсөн жил шинээр өвчилсөн 339 хүн бүртгэгдсэн бөгөөд насны ангиллаар авч үзвэл 30-39 насанд дөрөв, 40-49 насанд 23, 50-59 насанд 53,60-аас дээш насанд 259 хүн өртсөн байна. Бид хэнэггүйгээсээ цаг алдаж эмнэлэгт ханддагийг эс тооцвол, энэ эмгэгээс тэгтлээ айх хэрэггүй санагдлаа.

Сурвалжилсан П.Түмэндэмбэрэл, Г.Мөнхнасан
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих