Хүн чанарыг егүүтгэсэн нь
Хүн чанар хэмээх хочтой жүжигчин өвгөн Билгүүн өндөр байшингийн долоон давхарт гарах гэж зүтгээд амьсгаадан зогсов. Агаар дутсан мэт ам нь ангалзан толгой нь эргээд тэрбээр эгээтэй л уначихсангүй. Хар хөлс нь цувж хамрын үзүүрээс хөлс под под урсан дусалж байлаа.
-Та яаж байна аа өвөө? Алив би туслах уу? хэмээн жаахан охин дээрээс бууж явснаа зогтусан асуухад гэзэгний хоёр цэцгэн тууз нуруун дээр нь хийсэн тоглов.
-Зүгээр ээ охин минь… Энэ чинь зургаан давхар биз? Амьсгаагаа дараад орхиё доо. Тэгсэн цагт…
- За яахав…Гайгүй биз…
- Та хэнийд орох гэсэн юм бэ?
- Галсангийнд… Өөрөө намайг урьсан юм….
Ингэж хэлүүтээ Хүнчанар өвгөний нүд харанхуйлан чих шуугив. Нэг их нэлийсэн гал нүүрэн дээр унаад ирэх шиг боллоо. Тэрхүү шөрвөлзсөн гал түймэр Хүнчанарыг байтугай суудлын тасалгаат вагонд байгаа жаахан хүүг одоохон галын хэлээрээ хамж авах гэж дайрах шиг Хүн чанар хаалгаа сайтар хаан гялалзсан цагаан төмөр түгжээгээр нь дангинатал түгжив.
Одоо яалтай. Би ч яах вэ дүүрч… Хөл муутай, хөгшин хонины насгүй болсон намайг үхэл авдаг бол авна л биз. Энэ нялхаараа шахуу амьтан ийм жаахнаараа галд өртвөл юу болох билээ. Хүн чанар цонхыг нээх гэж оролдов. Галт тэрэг хэдийнэ замаасаа гараад одоохон унах гэж хазайж байх шиг… Олон амьтан аврал эрэн хашгиралдаж нялх хүүхэд уйлах дуун эмх замбараагүй сонсогдоно.
Одоохон галт тэрэг хазайн онхолдох нь…Түймэрт автсан тэрхүү цуваанаас амьд хүн үлдэхгүй ч байж магад… ээ бурхан минь… Энэ хүүгийн амийг л аварч хайрла…
Хүн чанарт удаан бодох сэхээ байсангүй. Цонхон дээгүүр гал шөрвөлзөн одоохон тэрхүү гал тэдний өрөөний хөшгийг юуны өмнө хаман залгих гэж ховдог улаан хэлээрээ долоон долоон байв.
Хүнчанар юуны өмнө цонхны хөшгийг ярж, хэрэвзээ хүчлэн доош дарж гэм онгойх ёстой цонхны түгжээг дарлаа. Өвлийн хүйтэн шуургатай өдөр цан хүүргэнд баригдсан уу цонх доошоо бууж өгөхгүй зовоов.
“Чамаас болж түүний дүү нар өнчрөлийн гашуун зовлон үзсэн болохоор чиний шархдуулсан түүхий зүрх чамайг хүлээж авахгүй биш үү? Энэхэн амь эрсдэм мөчид Хүнчанар ийм нэгэн үгийг амандаа шивнэн хэлжээ. Байз? Би юугаа шивнэх нь энэ билээ.
Энэ бол Чадраабалын Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн эхлэл үзэгдэл дээр гарсан Хүнчанар хэмээх дүрийн үг юм. Хүнчанар энэ үгийг таван хүүхдээ хаясан зуйгуул эр Шагдарт хөшигний өмнө хэлдгийг санаж байна уу.
Жинхэнэ нэр нь Билгүүн хэмээх энэ жүжигчин чухам энэ дүрээ улсын Драмын театрт тоглож өгнө үү хэмээн урьснаар Дархан хотоос өнөө өглөө гарчээ. Хэдийгээр туслах чанарын жаахан дүр болов чиг Билгүүний тоглолт хүн бүрт хүрсэн тул тэрбээр энэ дүрээрээ нэрд гарчээ.
Олон хүн түүнийг Билгүүн гэхээсээ илүү “Хүнчанар гуай” хэмээн хүндэтгэн дууддаг. Тэр бас олон жүжигчинд эрдмээ заасан театрын сайн найруулагч ажээ.
Тар нярхийсэн чимээ гарлаа. Тавь гарсан болов чиг тэнхлүүн өвгөн юутай ч атугай өрөөний цонхыг чүү ай доош нь дарсаар нээж чадлаа. Шатаж буй вагоны цонхоор эрүүл агаар сэнгэнэн орж ирэв.
Хоолой багалзуур хорсгосон утаа намсав уу гэтэл харин ч тэрхүү цонхоор мөнөөхөн галын улаан хэлнүүд хэнийг ч, юуг ч хаман залгин гэсэн мэт цоролзжээ. Хүнчанар юу ч бодолгүйгээр яаран сандран арваад настай жаал хүүг өргөн цонхоор чулуудав… Тэгээд ухаан алджээ…
* * *
-Өвөө, өвөө та яаж байна аа?
Жаахан охин тууз зүүсэн гэзгээ моодойлгон өвөө Хүнчанарын гараас зууран, уйлж байлаа. Бин битүү саванд агаар дутагдан тарчлах шиг амаа ангалзуулан байсан Хүнчанар сая нэг юм сэхэх шиг болов. Тэр хана налж эгээтэй л унасангүй. Азаар жаахан охин түүний гараас зуурч түшин авчээ.
Ай лай гэж… Ерээд онд болсон галт тэрэгний ослоос хойш ингэж Хүнчанар үе үехэн ухаан алдах болсон билээ. Өндөр даваа өөд мацаж явсан суудлын галт тэрэг замаасаа гарч онхолдох үед Хүнчанар харин азаар амьд үлдсэн ажээ.
Олон хүн өрөөнөөсөө цонхоороо гарч зугтсан тул шатаж буй вагонд хүн осолдоогүй ажээ. Энэхүү цусгүй аваарийн тухай хожим болтол хүмүүс ярьсаар байсан даа. Чингэж гал авалцсан галт тэрэгнээс буухдаа Хүнчанар хөлөө гэмтээжээ. Баруун хөлийн шилбэ хугарчээ.
Тавь гарсан хөгшин хүн бужигнан уралдаж буусан олны түлхэлцээнд хүйтэн хайруу газар хальт гишгэн унажээ. Хэдийгээр шилбэ хугарч, цус сад тавих нь мэдрэгдэн байсан боловч тэрбээр үймж шуугисан олны зүг,
-Хүүхээд нэг жаал цонхоор унасан юмсан. Түүнийг аварч үзээрэй… хэмээн хашгирч байсан билээ. Шархтсан, түлэгдсэн олон хүний хамт Хүнчанарыг гэмтлийн эмнэлэгт аваачжээ. Тэрхүү хуучин цагийн хоёр давхар байшинд хөлөө бороолтол олон хоног хэвтэхдээ мөнөөхөн хүүг суга таягтай хонгилд явж байхыг харжээ.
-Хүүе миний хүү… Сайн уу? хэмээн Хүнчанар дуу алдан тэврэв. Тэр цагаас хойш Хүнчанар хүүгээс салсан нь үгүй. Тэр хүүг Дархан хотын нэгэн багш багаасаа дуулж хөгжимдөх авьяастай хэмээн урлагийн сургуульд бүртгүүлж өгөөч хэмээн захисан байлаа.
Хүнчанар хэдэн өдөр гүйж, бүр сайд дарга нар дээр орж баймааж хүүг бүртгүүлжээ. Хүү үнэхээр авьяастай нэгэн байв. Гэм нь галт тэрэгний ослоос цонхоор шидүүлэхдээ хөлөө гэмтээсэн тул бага зэрэг маажиг доголон болжээ. Тэр ямар хамаатай. Хүү харин хэдэн жил Хүнчанарын гэрт байж урлагийн сургууль төгсчээ.
* * *
Жаахан охин Хүнчанар өвөөг хүссэн айлд нь түшсээр оруулж өгөв. Хотын гангацуул шиг тохижсон дөрвөн өрөөнийхөө нэгэн буйдан дээр Галсан хажуулдан хэвтэж байлаа. Царай нь хүрзийн одоохон ходоодоо эргэтэл бөөлжих нь үү дээ гэмээр муухай царайлах ажээ.
-Аа… Хүнчанар. Та ашгүй ирэв үү? Аль вэ намайг авраарай. Үхэх нь ээ… хэмээн Галсан буйдангийн өмнө тавьсан түмпэн руу тонгойв. Хажууд нь очихын аргагүй архины эхүүн үнэр ханхийв. Яг л ийм байдлаар Галсан Хүнчанарыг олонтаа дуудсан билээ.
Ерээд оны эхний ид шуурганаар анх найруулагч болчихоод хэдэн жүжигчинтэй нийлэн уугаад өглөө нь босч чадахгүй дуудсаныг Хүнчанар санав. Тэр сонгуулиар тойрогтоо ялагдан санаа сэтгэлээр унан үхэх шахаад дуудаж л байсан…
Театрын уран сайхны удирдагч болов хэмээн урлагийнханд гайхуулан уугаад дуудсан… Олон доо олон… Хамгийн сүүлд гэхэд саяхан “Ард түмний гавьяат” хэмээх цолыг хэдэн хүн архидуулж авчихаад бас л уусан байсан…
Тэр болгонд Хүнчанар хүүхэд шиг л архинд нь гүйдэг байсан… Анхныхаа уран сайхны киноны найруулагчийн төлөвлөгөөг гаргаж чадахгүй Хүнчанарт өгөөд өөрөө савж алга болсон ч удаа бий.
Ямар нэгэн явдалд хэмжээ хязгаар байх л ёстой бол одоо тэр нь болсон баймаар… Алийн болгон Хүнчанар түүний шарын тайлан гүйх билээ. Гэвч Хүнчанарт өчүүхэн боловч хүн хайрлах сэтгэл байгаа тул шилтэй архиа халааснаасаа гарган өглөө.
-За ашгүй дээ…
Галсан амаа нэгэнтээ хайхрамжгүйхэн шудран арчаад мөнөөхөн шилтэйгийн бөглөөг мултлан шилэн аяганд хол хол хийлгэн. хийв. Тэгээд Хүнчанарыг ярвайн дотор муухайртал ус мэт залгилжээ. Хүнчанар зогссоор л байв. Галсан суу ч гэсэнгүй.
Ай чааваас… Энэ хүн хэзээ ч билээ архи уудаг байсан бол, одоо архи түүнийг уудаг болжээ хэмээн Хүнчанар халаглан бодлоо. Бүх насаараа л энэ хүнийг өөд татах гэж Хүнчанар хичээсэн. Сургуулиа төгсөхөд нь театрт боломжийн ажилд оруулж өгсөн.
Овоо хэдэн жил авьяасаараа зүтгэн нэрд гарсан нь үнэн. Тэгээд найруулагч болжээ. Сайн ч найруулагч байсан даа хөөрхий минь. Харин сүүлдээ архинд оржээ. Үе үе ингэж Хүнчанарыг тэр дуудан шараа тайлуулдаг болсон. Нас нь яагаа ч үгүй байдаг. Яана даа энэ амьтан… хэмээн Хүнчанар бодон зогссоор…
Анхныхаа жүжгийг найруулахаас нь эхлээд Хүнчанар хажууд нь байсан даа. Олон ч жүжгийн зөвлөх найруулагч нь байж, мөн ч монголдоо урдаа барьдаг танил зохиолчоороо сайн жүжиг бичүүлэн Галсанд өгч тавиулсан.
Галсангийн найруулсан хэмээн нэрд гарсан тэр сайхан жүжгүүдийн торго имэрдэг шиг яс үзэн имэрч үздэг сэн бол насаараа найруулагч хийсэн, залуудаа шаггүй жүжигчин байсан Хүнчанарын санаа оноо илүү ч байж магадгүй ээ. Харин тэр тухай Хүнчанар буюу Билгүүн өвгөн огт бодоогүй билээ.
Галт тэрэгнээс хүмүүсийг буулган түргэн тусламж зэрэг зэрэг ирж сувилагч нар дамнуур дээр хөл гар нь хугарсан, түлэгдсэн шархтсан хүмүүсийг тавилан зөөж байхад Хүнчанар хэдий хөл хугархай ч,
-Та минь ээ тэнд нэг хүү… Нэрийг нь Галсан гэдэг дээ. Олоод өгөөч… хэмээн хашгирч л байсан. Тэр хүү одоо том болоод баян гэрийнхээ буйдан дээр шартан үхэх гэж нүдээ анин хэвтэж байгаа нь энэ шүү.
-Аа муу Билгүүн өвгөн… хэмээн эцэст Галсан согтуу дуугаар хашгирав.
-Яаж байна даа миний хүү. Бие нь гайгүй юу?
-Чи яах гэж ирээ вэ? хэмээн Галсан бүр агсан тавих шинжтэй өндийв.
-Үгүй хүү минь чи өөрөө дуудаа биз дээ. Шартаж үхлээ гээд… Би өчигдөр тэтгэврийнхээ хэдийг аваад… Гэрээ дулаалах гэсээр оройтож… гэж Хүнчанар аргадах гэтэл Галсан:
-Хаана байна, тэр архи чинь… хэмээн агсарав.
-Хүү минь битгий их уу. Наад диваны чинь өмнө архи чинь байна. Дотроо засаад сайхан амар. Багш нь шөл хийж өгөх үү?
Галсан гараа хөнжлөөсөө гаргаж, явган ширээн дээр байгаа архийг авч шилээр нь ам руугаа хөнтрөв.
-Хэрвээ хүмүүн цэцэгхэн гэвээс… хэмээн согтуу дуугаар ханын шохой холтрон унатал дуулж гарлаа.
Зохиолч Д.Гармаа
URL: http://www.fact.mn/179946.html