Хан-Уул дүүрэг дэх урвалт, шарвалт

Гурван жилийн өмнөх орон нутгийн сонгуулиар ардчиллын тугийг мандуулж чадсан ганц дүүрэг бол Хан-Уул. Эрх баригч намууд 2008 оны орон нутгийн сонгууль, тэр тусмаа нийслэл, дүүргүүдийн ИТХ-ыг сонгох сонгуульд өмнөхөөс илүү хүч хаяж, зарим талаар УИХ-ын сонгуулиас ч ширүүхэн өрсөлдөөн бий болж байв. Гэхдээ хий хоосон амлаж, сайхан мөрөөдөл ярьсан нь бус хийж бүтээх боломжтой бодит ажил, оновчтой бодлого дэвшүүлж өрсөлдсөн нь орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан. Нийслэлийн есөн дүүргээс Хан-Уул дүүргийнхэн ардчиллыг сонгосон. Ийнхүү Хан-Уул дүүргийн АН илт давуу санал авч, нийслэл, дүүрэгт эрх мэдлээ тогтоож, жирийн иргэдээс өөрсдийгөө тусгаарласан тэр үеийн МАХН буюу өнөөгийн МАН-ыхны эцэс төгсгөлгүй мэт засаглалд салхи оруулж чадсан юм. МАН-ынхан олон үйлдвэрийн хаалга үүдийг нээнэ, олон оронтой тоонд багтсан хувьцаа, хишиг өгнө гэх мэтээр амандаа орсныг амалсан. Гэвч сайхан зүүд шиг энэхүү хоосон амлалт нь ажилчны дүүргийнхэнд итгэл төрүүлсэнгүй. Тиймээс тэд ардчиллынхныг дугуйлав.

Ингээд орон нутгийн сонгууль болдгоороо болж Хан-Уул дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 26 нь АН-аас сонгогдож, тэд олонх болж чадсан юм. Дүүргийн АН-ынхан шинэхэн Засаг даргадаа итгэл хүлээлгэн, их ажил даалгаж, Засаг дарга ч ажилдаа ханцуй шамлан орсон. Парламент, Засгийн газар, орон нутгийн удирдлага бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд ямар ажил хийв гэдэгт дараагийн сонгуулиар нь ард түмэн, сонгогчид дүн тавьдаг. Гэтэл ард түмний энэ эрхийг урьдчилан эдлэх гэсэн хүмүүс гарч ирэх нь тэр. Тэд ажлаа аваад жил хүрээгүй хугацаа өнгөрч байсан Засаг даргын хийсэн ажлын дүнг сонсоно гэж дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг хоёр хуваан хагаралдуулах мастер төлөвлөгөө боловсруулсан аж. Ингээд тэд эхний дайралтаа Хан-Уул дүүргийн АН-д хэрэгжүүлэв. Ямар жүжиг өрнөснийг олон хүн мэдэж байгаа даа. Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулна, өөрчилнө гэсэн хэсэг бүлэг нөхдийн сонирхлын зөрчлөөс болж хагарч хуваагдахад хүрсэн дүүргийн АН-ынхан дээр МАН-ын зальжин нөхөд нэмэгдсэн. Тэд гал дээр тос нэмэн дэвэргэж, сонин хэвлэлийн хуудсаар хэрүүл маргаан өрнүүлсэн. Энэхүү хэрүүл маргаантай асуудал хэсэг хугацааны дараа захиргааны хэргийн шүүхээр нэг тийш шийдэгдэж, дүүргийн Засаг дарга ажлаа үргэлжлүүлэн хийхээр болж, тэмцэгчид сэтгэл гонсгор үлдээцгээсэн.

Энэ зөрчилдөөнөөс үүдэн хоёр хуваагдаад байсан АН-ынхан сая нэг ойлголцолд хүрч гар хөлөө барилцан эв эедээ оров. Гэтэл сүүлийн үед ИТХ-ын дарга Н.Энхтүвшин, Засаг даргын орлогч Үнэнбат тэргүүтэй хэсэг бүлэг нөхдүүд Хан-Уул дүүргийн АН-ыг хагалан бутаргах “хор”-ыг найруулж эхэлжээ. Тэд МАН-тай сэм хуйвалдаж элдэв хуурамч баримт, материал зохион хэвлэлд бичүүлэх болсон нь үүнийг гэрчилнэ. Иймэрхүү хар PR цацах нь ах намынханд мэдээж ашигтай, тэд үүндээ ч гарамгай хойно. Ямар дайралт хийхээр хумсаа нуусан муур мэт гэтэж байгааг нь таашгүй. Нийслэл, дүүргийн удирдлагыг 20 шахам жил  гартаа атгасан МАН-ынхан Хан-Уул дүүргийг ардчиллынханд алдсандаа хорсон бачуурч байгаа нь энэ ажээ. Тэдэнд гэнэн мөрөөдөлтэй, албан тушаал амлавал хаашаа ч гүйхээр АН-ын дээрх нөхдүүд том өгөөш болж байгаа нь гарцаагүй.

Г.Анир


URL:

Сэтгэгдэл бичих