Сургуулийн хашаанд зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураав
Баянгол дүүргийн XV хорооны нутаг, ерөнхий боловсролын 40 дүгээр дунд сургуулийн хашаанд үйл ажиллагаа явуулж байсан “Нью Капитал” ХХК-ийн мэдэлд байдаг “Champion” билльярд, теннисний төвийг өчигдөр нураалаа. Хууль зөрчин барьсан дээрх барилгыг нураахад тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо оролцсон бөгөөд тэрбээр “40 дүгээр сургуулийн хашаанд барьсан “Нью Капитал” ХХК-ийн энэхүү байгууламж нь олон жил болж байгаа. Гэвч албан ёсны газар эзэмших зөвшөөрөл, гэрээ, гэрчилгээ байдаггүй. Тэгсэн мөртлөө “газар чөлөөл” гэхээр маргаан үүсгээд байдаг. Бид сургууль цэцэрлэгийн хашаанд байгаа албан ёсны газар эзэмших зөвшөөрөлгүй байгууламжуудыг буулгах ажлыг зохион байгуулж байна. “Нью Капитал” ХХК-д газар чөлөөл гэж удаа дараа мэдэгдсэн. Гэвч шаардлагыг биелүүлэхгүй байгаа учраас албадан газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна” гэв.
Дашрамд мэдээлэхэд газар албадан газар чөлөөлөх ажилд 10 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд энэхүү хөрөнгийг дүүргийн Засаг даргын нөөцөөс гаргасан ажээ.
ӨДРИЙН ШУУДАН
URL: