Т.Бат-Эрдэнэ тендер нь цуцлагдеан “Garden city”-д хууль зөрчин 20 гаруй сая төгрөг өгчээ

11Улсын эдийн засаг хямарч, элгээрээ мөлхөж эхэлсэн энэ цаг үед төсвийн мөнгийг хайрлаж, хямгадах үүрэг төрийн албан хаагч нэрнээс цаашгүй эрхмүүдэд тун их хамаатай.

Харамсалтай нь үүргээ умартаж, улсын мөнгийг өөрийн мэт цацахдаа төрийн ажлыг цалгардуулдаг толгой томтой хурган дарга нар олширчээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын удирдлагууд эрх мэдлээ урвуулан төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан тодорхой болоод байгаа аж. Тодруулбал, “Усны сан бүхий газрын  энгийн хамгаалалтын  бүсийг тэмдэгжүүлэх ажлын тендерт шалгарсан “Лаки лайф” ХХК-д дэндүү гэмээр давуу байдал олгожээ. Учир нь тус компани нь Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай өнгөрөгч оны зургадугаар сард гэрээ байгуулан ажлаа эхэлжээ.

Нийслэлийн найман дүүргийн нутаг дэвсгэрт нийтдээ 1525 цэгт бетонон шон болон “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс” гэсэн пайз тэмдгийг суурилуулах ёстой болсон аж. Үүний дагуу ажлаа эхэлж, суурилуулах ёстой шонгоос 1000 орчмыг нь босгосон ч санхүүжилтээ бүрэн аваад зогсоогүй, ажлаа хүлээлгээд өгчихсөн гэнэ. Хийж дуусаагүй ажлыг нь хийснээр тооцоод шан харамжийг нь төсвөөс төгрөг дутаалгүй өгөх шийдвэрийг гаргасан тул Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын удирдлага Авлигатай тэмцэх газрын хаалгыг татахад хүрээд байгаа аж.

Ажлаа хийж дууссан ч санхүүжилтээ авч чадахгүй хотын дарга нарын хаалга сахиж, сар жилийг үдэх компаниуд байхад ажил хийгээгүй мөртлөө төсвийн хөрөнгөөс татаас авч байна

Угтаа бол энэхүү салбарыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хариуцдаг. Гэтэл хариуцсан салбарынх нь удирдлага АТГ-ын хаалгыг татаад байхад Т.Бат-Эрдэнэ дарга ганц ч үг ган хийгээгүй бөгөөд хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байхад хариуцлага тооцохын оронд “хамгаалж” байгаа аж. Учир нь түүнд хариуцлага тооцох бус “хамгаалах” шалтгаан ганцаар зогсохгүй бололтой. Баянгол дүүрэг буюу “Гранд плаза”-гийн хажууд үйл ажиллагаа явуулж байгаа “Сод Монгол” шатахуун түгээх станцын дэргэд байрлах 0.5 га талбайн тохижилт хийлгүүлэхээр өнгөрсөн онд 125 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлажээ.

Тендерт “Garden city” компани шалгарч, ажлаа эхлэх гэтэл газрын маргаантай гэсэн асуудлаар тендер цуцлагджээ. Гэтэл тендер цуцлагдаж, ганц хүрз шороо ачаагүй атал Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас “багахан зүйл хийсэн” гэх баримтгүй үндэслэл дээр тулгуурлан 20 гаруй сая төгрөгийг тендерт шалгарсан “Garden city” компанид шилжүүлжээ. Нийт төсөвт өртгийн 18 хувийг ажил хийгээгүй ч зөвхөн тендерт шалгарсан учир өгч байгаа хэрэг үү. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед хаана хаанаа хэмнэлтийн бодлого баримталж ажиллахыг гүйцэтгэх засаглалын тэргүүн үүрэг болгосон. Гэтэл энэ мэтчилэн хурган дарга нар төсвийн мөнгийг үргүй зүйлд зарцуулж байгаа нь хэмнэлтийн бодлого мөн үү гэж асуумаар байгаа юм. Ажлаа хийж дууссан ч санхүүжилтээ авч чадахгүй хотын дарга нарын хаалга сахиж, сар жилийг үдэх компаниуд байхад ажил хийгээгүй мөртлөө төсвийн хөрөнгөөс татаас авч байна.

Энэ мэтчилэн хуулиас гадуурх үйлдэл олон байгаа учир хотын мээрийн орлогч Т.Бат-Эрдэнэ дуугүй байгаа аж. Уг нь тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлдэг “Алтангадас” фракцын хүн. Тэр ч утгаараа Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн суудалд фракцын томилгоогоор суусан гэдэг. Үүнээс гадна тэрбээр Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан. Ардчилсан намд өдөлсөн анхны жигүүр байгуулагдах үе буюу өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар түүнийг бүлгийн даргаас нь огцруулах асуудал яригдсан. Гэвч тэрхүү асуудал нь хүчийг авалгүй суларсан ч хожимоо тэрбээр бүлгийн даргын суудлаа өгсөн юм.

Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих