Гэмтнүүдийг өршөөх гэмт хэргийн хуулийн “зэрлэгшил”
Олон жилийн дараа төрийн эрхийг барьж байгаа Ардчилсан намынхан аливаа асуудлыг өөрсдийнхөөрөө шийдэж, засч янзлах, шинэчилж өөрчлөх ажилдаа ханцуй шамлан ороод багагүй хугацаа өнгөрч байгаа. Үүнийгээ тэд шинэчлэл хэмээн нэрийдсэн бөгөөд ажил л хийж байгаа хойно алдаа оноо, магтаал сайшаалын аль алийг араасаа дагуулж байгаа нь үнэ. Гэхдээ зарим талдаа шинэчлэлийн салхи хэт ширүүсч улмаар байгаа онохгүй байх магадлал өндөрсөж эхэлснийг нөхөд харах сөхөөгүй урагшилсаар байна. Тухайлбал, хууль зүйн салбарт хийж байгаа шинэчлэлийн хүрээнд нэлээдгүй олон хуулийн төслийг өргөн барьж, эхнээсээ хэрэгжиж эхлээд байгаа. Гэвч энэ салбарт хийсэн шинэчлэл эхнээсээ тараа таниулж, бодит амьдралд нийцэхгүй учир байсхийгээд л салбарын сайд Х.Тэмүүжинг буруутгадаг. Буруутгахаас өөр аргагүй.
Тухайлбал, шинэчлэлийн хүрээнд Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан боловч мэргэжил нэгтнүүдээс эсрэг санал авсан. Монгол Улсын эрүүгийн хариуцлагын тогтолцоо нь Гэмт хэргийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиас бүрдэнэ. Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг, төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал, хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор гэмт хэрэг түүнд хүлээлгэх ял, албадлагын арга хэмжээг Гэмт хэргийн тухай хуулиар, хууль тогтоомж, журмаар тогтоосон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор зөрчил, түүнд хүлээлгэх шийтгэлийн төрөл хэмжээг Зөрчлийн тухай хуулиар тодорхойлохоор хуулийн төсөлд тусгасан. Хууль санаачлагч “Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээг тодорхой болгох, ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах, олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх талаар нарийн судлан үзсэний үндсэн дээр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг боловсруулсан” хэмээн мэдэгдсэн.
Ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн зарим нэр томъёог залруулах нь энэхүү хуулийн төслийн гол зорилго. Гэтэл нэрнээсээ эхлүүлээд Үндсэн хууль зөрчсөн хуулийн төслүүдэд гол зорилгоор халхавч хийсэн олон ноцтой заалт байна. Жишээлбэл, Улсын хилийн дэглэм зөрчих болон тарчлаахыг гэмт хэрэгт тооцогдохгүй байхаар тусгажээ. Уг нь тарчлаах гэдэг нь хүнийг тамлан зовоож, бие эрхтнийг нь сэглэх. Үүнээс гадна бэлгийн замын халдварт өвчин тараах, доромжлох, гүтгэх, булш сүйтгэх, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах нь гэмт хэрэг биш болж байна. Танхайрах, тэсэрч дэлбэрэх бодис болон цацраг идэвхит бодистой холбоотой хэргүүд бас гэмт хэрэг биш гэнэ. Химийн гаралтай хорт бодис болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг булшлах, тээвэрлэх нь мөн л гэмт хэрэг биш. Үүнээс гадна усны болон ойн тухай хуулиуд зөрчиж, мөрийтэй тоглож, гэмт хэргийн талаарх мэдээлэл өгөхгүй байгаа нь гэмт хэрэгт тооцогдохгүй. Мөн хууль бусаар хүүхэд үрчлэх гэдгийг гэмт хэргээс хасчихсан. Гэтэл салбарын сайд өөрөө хууль бусаар хүүхдээ үрчлүүлсэн хэмээн дуулиан гарч байсныг уншигч та санаж байгаа байх. Үүнээс гадна сэтгүүл зүйн амин сүнс болсон эрэн сурвалжлах салбар нь мөн л гэмт хэрэгт тооцогдоно. Учир нь хуулийн төсөлд зөвшөөрөлгүй гэрэл зураг авч, дуу дүрс бичлэг хийх нь гэмт хэрэг хэмээн тусгасан.
Харин хууль бусаар газар орныхоо нэрийг өөрчлөх нь гэмт хэрэг хэмээн тусгажээ. Өнгөрсөн онд Хэнтий аймгийн Өндөрхааныг саяхан Чингис хот болгосон. Хэрвээ эдгээр хуулийн төсөл батлагдвал дээрх үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдоно гэсэн үг.
Хамгийн хачирхалтай нь хуулийн төсөлд торгуулийг тооцох нэгжээр хэмээн тусгажээ. Тооцох нэгж гэдэг нь валютыг Монголбанкны ханшаар дахин үржүүлсэнтэй тэнцэнэ. Валют нь зөвхөн ам.доллар байхаар тусгасан байна. Валютын ханшийн хөөрөгдлөөс болж эдийн засгийн хямралд хүрээнд байгаа энэ цаг үед үндэсний мөнгөн тэмдэгтээ үл тоож, ам.долларыг “шүтэж” байгаа нь хууль зүйн салбарын шинэчлэл мөн үү.
Эдгээр хуулийн төслийн талаар хууль зүйн ухааны доктор С.Нарангэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.
Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хуулийн хүмүүс учир дутагдалтай, түүхий болсон гэж шүүмжилж байгаа. Эдгээр хүмүүсийн нэг нь та. Яагаад ингэж үзэж байгаа үндэслэлээ хэлэхгүй юу?
Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа Гэмт хэргийн тухай хуулийн төслийг маш олон талаас нь нарийвчлан судалсан. Эрдэмтэн хүний хувьд хараат бус, бие даасан дүгнэлтээ бичгийн хэлбэрээр ч гаргасан байгаа. Хэрэв энэ хуулийн төсөл батладвал Монгол Улс товчхондоо сүйрлийн байдалд орно. Учир нь одоо 14-16 насанд хүрсэн хүүхдүүд найман төрлийн хэрэгт хариуцлага хүлээж байна. Тодруулбал, бусдыг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатайгаар учруулах, хулгайлах, булаах, дээрэмдэх, хүндрүүлэх шалтгаантайгаар танхайрах гэх мэт хэрэг ордог. Харин энэ төслөөр 14 нас хүрсэн л бол Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан 300 гаруй хэрэгт хүүхдийг бүгдийг хамруулан шийтгэх, хорих заалт орж байгаа юм. Тэгэхээр Монголд Улсад хуулиараа гэмт хэргийг нэмэгдүүлэнэ гэсэн үг. Мөн энэ хуульд шүүгчийн үзэмжээр хэрэг шийдвэрлэх тал нь давамгайлж байгаа юм. Шүүгч л юу гэж үзнэ түүгээр шийдэнэ. Өөрөөр хэлбэл, шүүгч хэрэг мөн гэвэл мөн, биш гэвэл биш гэх хэлбэрээр ажил явах нь. Энэ нь бодит байдал дээр улстөрийн эсвэл бусад байдалд ч нөлөөлөх талтай. Жижиг гэлтгүй асуудал дээр ч илрэх боломжтой. Иргэн бүр ноцтой гэмт хэрэгтэн болж хувирах субьектив хувилбарын хуулиуд зонхилсон гэдгийг би шүүмжилсээр байгаа.
Иргэн бүр ноцтой гэмт хэрэгтэн болно гэдгийг тайлбарлахгүй юу?
Жирийн шударга ёсонд их халтай хууль болсон. Тухайлбал, сэтгүүлч эсвэл жирийн иргэн байж байгаад шудрага бус хахуультай тэмцэх зорилгоор ямар нэг обьектын зургийг аваад ил болгосон байж болно. Гэтэл энэ тохиолдолд зөвшөөрөлгүйгээр зураг авсан гээд шоронд хийхээр хуулийн төсөл бэлтгэгдсэн байна. Ялангуяа сэтгүүлчид ажлаа хэвийн явуулах боломжгүй болно. Захиргааны зөрчил болгоныг гэмт хэрэгт тооцоод, нэмээд насыг нь доошлуулаад ирэхээр улам хатуу тэр дундаа одоогийнхоос илүү хатуу харгис хууль болж байгаа юм.
Гэмт хэргийн тухай хуулийн төсөл ер нь барууны орны хуулиудыг шууд хуулбарласан байна гэдгийг олон хүн шүүмжилж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
Барууны тэр дундаа америкийн зарим мужийн хуулийг хуулбарласан байсан. Зүгээр орчуулаад гаргаад ирсэн. Ядахдаа нэр томъёог нь маш нарийн зөв ойлгохгүй бол болохгүй шүү дээ. Тухайлбал, гэмт хэргийг гэмт хэрэг, зөрчил гэж хоёр хуваана гэж энэ хуулийн төсөлд заасан байгаа юм. Өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд зөвхөн замын хөдөлгөөний журам зөрчих эсвэл худалдаа үйлчилгэний журмыг ноцтой зөрчих зөрчлүүд элбэг тохиолддог. Энэ нь захиргааны хариуцлага хүлээлгэх зөрчил гээд өдөртөө, жилдээ хэдэн мянгаараа гардаг. Энэ бүхнийг гэмт хэрэг гэж үзэх болж байна. Гэтэл америкийн хуульд бол үүнийг өөр нэр томъёогоор буюу хүнд ноцтой гэх байдлаар ангилж, заасан байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг дотор нь ангилсан байгаа юм. Гэтэл манай ангилалд гэмт хэргээ дотор нь ангилах биш харин гэмт хэрэг биш эрх зүйн аар саар жижиг зөрчлийг гэмт хэрэг гэж оруулж ирж байгаад л аюул нь оршиж байгаа юм.
Б.Даваатогтох
agshin.mn
URL: