Хатуу хууль биш хүний ухамсарт анхааръя
Оросын сүүлчийн эзэн хаан Хоёрдугаар Николай 1914 онд нэгэн хуурай хууль баталж байлаа. Тухайн үед архидалт газар авсан байсан учир өөр аргагүй байсан юм. Зөвлөлтийн эхэн үеийг хүртэл буюу 1925 он дуустал хэрэгжсэн эл хуулийн тусгал нь хэт бараан байсан учир тухайн үеийн төр засаг нь хуурай хуулийг цуцласан юм. Түүнээс хойш 1980-аад оны дундуур хаант Оросынхоос илүү соёлжсон нийгэмд Н.Хрущев ижил хууль хэрэгжүүлсэн боловч “Найркаа”, дамын наймаа цэцэглэж, олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Хуурамч, чанаргүй бүтээгдэхүүнээс болоод. Тэгээд л арга буюу нийгмийг эрүүлжүүлэх, хууль бус архины наймааг таслан зогсоох үүднээс Н.Хрущев дарга өөрөө хуурай хуулиа 1987 онд цуцласан гэдэг.
1920 онд АНУ-д бас л хуурай хууль баталснаас болж, 1933 оныг хүртэл архи мафиудын гол наймаа болж билээ. Энэ л үед аугаа Аль Капоне хэмээх мафийн толгойлогч гарч ирж байсан юм. Архи, мансууруулах бодис, галт зэвсгийн наймаагаар толгой цохиж байсан тэрээр шүүх дээр ингэж хэлсэн байдаг юм. “Би хүмүүсийн хүслийг биелүүлснийхээ төлөө ял авах ёсгүй. Би тэдэнд хүчээр худалдаагүй” гэж. Худлаа гэвэл энэ тухай аугаа сурган хүмүүжүүлэг Дэйл Карнеги бусдыг өөртөө татах тухай номондоо эшлэн татсан нь бий.
Дэлхийн улс орнуудаас хамгийн сайхан амьдралтайгаараа толгой цохидог Скандинавын орнуудад мансууруулах төрлийн бодисыг тас хорьдог байжээ. Тэдгээр улсад энэ төрлийн хууль бус наймаа цэцэглэж дийлдэхээ болихоор нь хар тамхины хууль гаргаж, албан ёсоор худалдаж, иргэд нь ч нууцаар биш ил хэрэглэх боломжтой болжээ. Хяналтыг ч хуулиасаа чанга тавьсан гэдэг. Ингээд ирсэн чинь яасан байх нь вэ? Хар тамхины хууль бус наймаа эрс буурч түүнийг хэрэглэгчдийн тоо ч багассан түүхтэй. Учир нь хүн хуулиар биш ухамсраараа аливаа зүйлийн хэрэглээг хязгаарлаж чаддаг аж.
АНУ, Өмнөд Америкийн орнууд сүүлийн гурван жилийн хугацаанд марихуаныг хуульчлан ил худалддаг болж, тэрнээсээ татвар авч төсвийн хэтэвчээ зузаатгаж байна. Хориод байхаар нь дийлдэхгүй улам цэцэглээд л байж.
Монголд тэгсэн яаж байна? Тамхи, архийг хэт хааж боож, хориглоод л…
Дамчид цэцэглэж, өдрийн цагаар 5000 төгрөгөөр зардаг байсан нэг шил архийг шөнийн цагаар 15-20 мянгаар худалдах жишээтэй. Тамхи ч ялгаагүй. Дэлгүүрүүд нууцаар зараад л байгаа. Тамхины тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэхээс өмнө ширхэгийн тамхи гэж байлаа. Одоо ч байгаа л даа. Гэхдээ тухайн үед нэг ширхэг тамхи 80-200 төгрөгний үнэтэй байжээ. Гэтэл хатуу хуулийн нөлөөгөөр ширхэглэх нь ховордож, үнэ нь 100-300 төгрөгт хүрсэн байх юм. Хайрцаг тамхи 1500-2500 төгрөг байсан бол одоо 2000-4500. Зарим газар та нар өөр хаанаас авах юм гэсэн шиг 5000-6000 төгрөгөөр зарах жишээтэй. Хэрэглэдэг хүмүүс нь “Үнэтэй зарлаа. Цагдаад хэлнэ барина” гэж чадахгүй. Хэлээд болиулчихвал өөр тамхи авах газаргүй болчих болохоор тэр.
Орой үдшийн цагаар Саппоро, Өргөө, Тэнгис кино театр орчмын болон Баянхошуу, Долоон буудал, Хайлааст, Толгойт тэгээд зүүн тийшээх бүхий л дэлгүүрүүд шөнөдөө жижигхэн гэгээвч нээж, нууцаар ажиллаж байна. Барааны үнэ нь өдрийнхөөс 2-3 дахин их үнэтэй. Сүүлдээ хэд хэдээрээ автомашин хөлөглөж, автобусны буудал хэсэн өнөөх хориотой бараагаа зардаг сүлжээ хүртэл бий болсныг цагдаа нар зогсоох гээд хүчрэхгүй байгааг ч бас хэлэх хэрэгтэй байх.
Дээрх хуулиудад өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх цаг болсон гэдгийг хэн хүнгүй хэлж байна.
- See more at: http://society.time.mn/content/48015.shtml#sthash.v3th6Q5d.dpuf
URL: