Аялал жуулчлалын салбарт хуулиас илүү зохион байгуулалт, сэтгэл үгүйлэгдэж байна
-Наадмын тасалбар нь бүтээгүй олон жуулчид Монгол руу аялахаа хойшлуулжээ-
Монгол Улсад байх ёстой хэмжээнээсээ хамгийн доогуур хэмжээнд хөгжиж байгаа салбар бол аялал жуулчлалын салбар гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз ээ. Манай улсад дэлхийд үнэлэгдэхүйц түүх дурсгалын газар, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд олон бий.
Бид наймаачнаар яривал байгаа юмаа олигтойхон сурталчилж чадахгүй, хүн авъя гээд ирж байхад өгч чадахгүй арчаагүй байдалд байгаа гэдгээ жил жилийн наадмаар мэдрэх юм даа.
Харамсалтай нь 10 гаруй жилийн өмнө ярьдаг байсан “Жилд сая жуулчин авах” тухай яриа өнөөдөр ч мөрөөдөл хэвээрээ байна. Дарга нар нэг их том тоо ярьдаг ч яг яаж, ямар замаар жуулчдыг татах талаар үнэхээр чамлалттай ажиллаж ирлээ. Харин хаа очиж дотоодын аялал жуулчлал боломжийн хэмжээнд нэмэгдсэн гэж хэлж болох байх.
Гэхдээ түүхэн дурсгалт газруудын орчин, ажилчдын үйлчилгээ, соёл нэмэгдсэндээ биш, монголчууд үнэхээр эх орноо таньж мэдье гэсэн хүсэл тэмүүллээрээ л аялж байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ.
Хоёр жилийн өмнө Хөвсгөл далайгаар аялж байлаа. Энэ жил бараа үйлчилгээний үнэ нэмэгдсэнээс өөрөөр ахиц дэвшил гарсан зүйл харагдсангүй.
Хөвсгөл бол монголчуудын төдийгүй дэлхий нийтийн сэтгэлийг соронздон татдаг нутаг. Тиймдээ ч “Монголын Швейцарь” гэж нэрлэгдсэн биз. “Далай” гэгдэн хүндлэгдсэн энэ нууран дээр ирсэн хэр тааруу хэтэвчтэй монгол хүн эрэг дээрээс нь харж сонирхохоос бус, усанд нь аялж сэтгэлийн таашаал авах боломжоо халтар төгрөгт хаалгуулжээ.
Эргээс 10 гаруй километр зайд орших “Хүслийн хад” руу хүмүүс их очдог. Моторт завиар ингэж зугаалах нь Хөвсгөл рүү мацаж хүрсний хэргийг ганц гаргаж байгаа хэрэг гэх. Гэвч зардал нь дэндүү гэмээр их бөгөөд нэг хүний 20 000 төгрөг төлж байж завинд суух эрхтэй болох юм.
Үнэ ханш яах вэ гэхэд үйлчилгээ нь бас эрсдэлтэй. Найман хүний багтаамжтай завин дээр 10 гаруй хүн суулгаад явах нь энгийн үзэгдэл. Мөнгө их олж байгаа нутгийн иргэдийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ цагийн дотор 20 000 төгрөг төлөх дотоодын жуулчид олон бил үү.
Хөвсгөлөөс барьсан /Үнэндээ Завханы Цагаан нуурын загас гэж учир мэдэх хүмүүс хэлж байсан/ шил нөөшилсөн загас эрэг дээрээ 10 000 төгрөг байснаа 45 километрийн цаана орших Мөрөн хотод 6000 төгрөг болж хямдрах сонин зүй тогтол ч ажиглагдаж байна.
Аялал жуулчлалын хуулийг 90 хувь шинэчилж, цаашдын хөгжлийн суурийг тавихаар болсон гэсэн мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхэлсэн. Хуулийн шинэчлэлд аялал жуулчлалын орчны бүсийг хэрхэн яаж бий болгох тухай тусгай бүлэг багтсан бөгөөд шинэ хууль батлагдсанаар нутгийн иргэдийн дунд санал асуулга явуулах замаар аялал жуулчлалын бүсийг тодорхойлох гэнэ.
Дотоодын жуулчдыг морь хөтөлж очсон юм уу, ганц нэг завь худалдаад авчихсан нутгийн иргэдийн аманд багтаадаг төр засгийг шүүмжлүүштэй.
Монгол оронд нутгийн иргэдээс өөр гадагшаа тараагүй, сонин түүр, шинж чанартай газрууд олон бий. Нутгийн иргэдээс санал авбал жуулчдын очих газар нэмэгдэж, тодорхой хэмжээгээр ач холбогдолтой ажил болох нь болно.
Гэвч тэглээ гээд одоо байгаа бусад шигээ “жул” үйлчилгээтэй газруудын тоо нэмэдвэл тусгүй. Тиймээс аялал жуулчлалын бүсийг нэмэхээсээ илүү үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах нь чухал байна. Аялал жуулчлалын бүс болдгоо болоод, жуулчид очоод тогтчихсон газар олон л байна.
Тийм байхад заавал санал асуулга явуулж, бүхнийг эхнээс нь эхлэх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Түүний оронд байгаа бааз суурь дээрээ түшиглээд илүү зохион байгуулалт, засаг захиргаатай ажиллавал илүү үр дүнтэй баймаар.
Монгол аялал жуулчлалын бүс нутаг байна, тодорхой хэмжээнд хөгжиж байна. Гэхдээ тухайн бүс нутгийн иргэд орлого олохоо гол болгож, үйлчилгээг хоёрт тавьдгаас л салбарын ажлыг улдан чангааж байгаа юм шүү дээ. Үнэнийг хэлэхэд, аялал жуулчлалын бүс нутгийнхан даварч байна.
Өрсөлдөөн байхгүй, нэг хадны хажууд хоёр морьтой хүн байж байгаад, нэг нь гэртээ харьсны дараа нөгөөх нь үнээ нэмдэг ийм л байдалтай аялал жуулчлал хөгжиж байна. Шинэ хууль батлах биш, эдийн засгийн хөшүүргийг нь зөв хийж өгөөд, үйлчилгээнд нь стандарт тогтоож тулж ажиллавал энэ салбарт илүү үр дүн гаргаж болмоор санагдана.
Залуус Монгол орныхоо үзэсгэлэнт нутгаар аялахыг хүсч байна. Аялж ч байна. Гэтэл очсон газар нь гадаадуудтай зүйрлүүлж үйлчилгээ өгөөд байвал хэн аялах билээ. Монголчууд бид үнэхээр дур, сэтгэлтэйдээ л аялж байгаа болохоос тийм баян улс билүү. Дотоодын жуулчлал аяндаа хөгжиж байна. Төр засгаас хөхиүлэн дэмжээд байгаа юм алга. Дотоодын жуулчдыг морь хөтөлж очсон юм уу, ганц нэг завь худалдаад авчихсан нутгийн иргэдийн аманд багтаадаг төр засгийг шүүмжлүүштэй.
Гадныхан үзэх гэж тэмүүлдэг, манай аялал жуулчлалын цөөн брэндийн нэг бол яах аргагүй монгол наадам. Монгол Улс ардчиллын замд ороод 20 гаруй жил боллоо. Улс орны хаалга нээлттэй болсноор гаднаас ирэх жуулчдын тоо социализмын үеийг бодвол нэмэгдсэн.
Гэтэл 50 жилийн өмнө баригдсан цэнгэлдэх хүрээлэн нь одоо болтол хэвээрээ байгаа нь манайхан өөрсдөө л жуулчид хүлээж авах багтаамжаа нэмэгдүүлэхгүй байгаа гэдгийг харуулах нэг үзүүлэлт. Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаар Нийслэлийн аялал жуулчлалын газарт гадаадын 15 гаруй мянган жуулчин хандаж, наадмын нээлт, хаалтын ёслол үзэх тасалбар захиалжээ.
Гэтэл “дээрээс” Нийслэлийн аялал жуулчлалын газарт 1500-хан ширхэг тасалбарын квот олгосон байна. Цэнгэлдэх нь 15 мянган хүний багтаамжтай болохоор яах ч билээ гээд өнгөрч болох ч ченжүүдийн гараар цөөнгүй тасалбар дамжсаныг бодохоор уур хүрмээр.
Тасалбар нь бүтээгүй хэчнээн жуулчин Монголд ирэхээ хойшлуулсан бол гэж бодоход хайран санагдана. Бид наймаачнаар яривал байгаа юмаа олигтойхон сурталчилж чадахгүй, хүн авъя гээд ирж байхад өгч чадахгүй арчаагүй байдалд байгаа гэдгээ жил жилийн наадмаар мэдрэх юм даа.
Уг нь бид гадны баячуудыг халаасаа тэмтэртэл, сүүлчийн ганц зоосоо Монголд үрсэн мөртлөө сэтгэл хангалуун инээмсэглээд гарч явахуйц орчныг бий болгох ёстой биз дээ.
Х.Батсайхан
Монголын мэдээ
URL: