Нээнтэг-1 буюу ”РОСНЕФТЬ”-ийн 100 станц
ОХУ-ын “Роснефть” нэгтгэлийн захирлын Монгол Улсын Ерөнхийлөгчид бичсэн гэх захидал анхаарал татаж байна. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн харин Ерөнхийлөгчид хандсан захидал ирээгүй гэв. Газрын тосны хэрэг эрхлэх газрын албан эх сурвалжаас тодруулснаар бол дуулиан тариад байгаа “мань” захидал Ерөнхийлөгчид бус Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хаяглагдан иржээ. Гэхдээ тун саяхан буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн айлчлалын дараахан. Ерөнхийлөгч зургадугаар сарын эхээр ОХУ-д айлчлахдаа бензиний хангамжийн талаар онцлон ярилцсан гэдгийг хэлүүлэх юун. Түүний араас ирж буй хамгийн эхний алхам нь “Роснефть”-ийн захирлын захидал болж байх шив. Захидлын утга санаа бидэнд шинэ биш. “Роснефть”-ийнхэн хоёр жилийн өмнө тавьж байсан Монголд 100 шатахуун түгээх станц /ШТС/ байгуулах саналаа дахин зүтгүүлжээ. Оросуудын 2008 онд “шахаж” байсан энэ санал нэлээд дуулиан тарьж байсныг уншигч ахай санаж байгаа байх. Юутай ч сонины хуудас сөхвөл, хоёр жилийн өмнө мөн л “уламжлал” ёсоор монголчууд бензиний хомсдолд нэрвэгдэх аюул тулгарч, “Роснефть”-ийн тулгалтыг биелүүлэхийн тулд Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулинд өөрчлөлт оруулах саналыг С.Баярын Засгийн газар УИХ-д оруулж байв.
2008.04.28 “Роснефть” урьдын адил хөнгөлөлттэй үнээр шатахуун нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Иймд өмнө тус компаниас ирүүлсэн Монгол Улсын Мянганы замын тэнхлэг дагуу 100 ШТС байгуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
2008.05.03. УИХ-ын чуулганы хуралдаан. Үүсээд байгаа нөхцлийн талаар Ерөнхий сайд С.Баяр, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү, Түлш эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар нар танилцуулав.
2008.05.05. “Ардын эрх” сонин №887.
С.Баяр: Засгийн газар ОХУ-ын компанийн гаргасан саналыг дангаараа шийдвэрлэх эрх зүйн боломжгүй. Үүнд УИХ хариу өгөх ёстой. Саналыг хүлээж авлаа гэдэг хариу өгвөл одоогийн хөнгөлөлттэй нөхцөлөөр шатахуун авч байгаа байдал үргэлжилнэ. Үгүй гэвэл тэдний хэлсэн үнээр манайх шатахуун авах болно.
УИХ-ын гишүүн Я.Санжмятав:
-100 колонк барина гэлээ. Цаашид манай үндэсний компаниуд маань алга болчих вий дээ. Бид хэн нэгний гарт ормооргүй байна. Засгийн газар өөр гарц хайж үзсэн үү?
Ерөнхий сайд С.Баяр:
-Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү бид хоёр энэ талаар үндэсний компаниудын удирдлагуудтай уулзсан. Өнөөг хүртэл тогтож үлдэж чадсан гол зургаан компани байдаг юм байна. Тэд “Роснефть”-ийг оруулчихья, харин төр хязгаарлалт хяналтаа сайн тавь гэсэн санал хэлсэн. Гэхдээ зах зээлийн 10 хувь гэж орж ирчихээд Монголыг залгичих вий гэж болгоомжилсон компани бий.
Тухайн үед Д.Арвин нарын гишүүд энэ саналыг дэмжиж байж. Харин Ардчилсан намын зөвлөлөөс татаас олгох маягаар асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн санал гаргаж байжээ. Харин Ерөнхий сайд “Ойрын арван жил муугаа үзье гэвэл энэ замыг сонгож болно” гэсэн айлгасан үг шидэлж байв.
Өнөөдөр ч яригдаад байгаа нефть боловсруулах үйлдвэрийн асуудлыг мөн энэ хуралдаанаар хөндөж байсан. Харин Ерөнхий сайд “Үvнийг биднээс биш. Биднээс өмнө ажиллаж байсан Засгийн газруудаас асуу. Бас УИХ-аас асууж болно” гэж адарч байжээ. Үүнээс ч өмнө нефть боловсруулах үйлдвэр байгуулья гэж яригдаж л байсан. Өнөөдөр ч яг тэр байран дээрээ дэвхэцсэн хэвээр байгааг та бусдаар хэлүүлэх юун. Басхүү Оросоос өөр түншлэгч олох тухай асуудал мөн л яригдаж, тухайн үеийн Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар нефть боловсруулах үйлдвэр байгуулахад максимумаар дөрвөн жил шаардлагатай гэж амласан байх юм.
Хоёр жилийн өмнө сонгуулийн сурталчилгааны улаан тоостой зэрэгцэн боссон асуудал тэгсгээд намжсан. Энэ үед Оросуудын шахаа гэхээсээ илүү монгол зуучлагчдын сонирхол хүчтэй байсан гэсэн санааг ч зарим гишүүд хэлж байсан юм.
Харамсалтай нь, өнөөдөр түүх дахиад давтагдах нь уу гэлтэй. Бүр үг үсгийн зөрүүгүй шүү. Дараа дараагийн өрнөх үйл явдлыг харья гэвэл хоёр жилийн өмнөх сонины хуудсуудыг сөхөөд харахад нэг их алдахгүй байх. Оросууд хараат байдлаараа шахан нээнтэглэж байна гэж дахиад л гомдоллож магадгүй улстөрчид өнөөдөр мөн л түлш нийлүүлэх өөр түншийн эрэлд хатсан хэвээр, нефть боловсруулах үйлдвэр байгуулах супер төлөвлөгөө зүүд, зөгнөл хэвээр л байна. Дээр дурдсан чуулганы хуралдааны үеэр 2008 ондоо багтааж булангийн орнуудаас нэг сая тонн түүхий нефть авна энэ тэр гэж амлаж байсан үгс бүгд будаа болсон. Оросуудын шахааны тухай сонины хуудсыг эргүүлэн суухуйд яг зэргэлдээх нүүрэнд нь “Эх орондоо олборлосон тосыг боловсруулж хэрэгцээгээ хангах нь газрын тосны салбарын эрхэм зорилго мөн” гэсэн уриатай тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн гарын үсэгтэй мэндчилгээ дурайж л байх.
Тухайн үед монголчууд жилд 700 мянган тонн түлш хэрэглэдэг байсан бол өнгөрсөн жил бид 880 мянган тонн шатахуун импортолж авчээ. Харин тухайн үед газрын тосны үнэ тэнгэрт хадаж нэг баррель нь 113 ам.доллар боллоо гэж байсан бол Bloomberg-т мэдээлснээр бол өчигдөр буюу лхагва гаригийн өглөөний 08.00 цагийн байдлаар нэг баррель брент нефть 114 ам.доллар /фьючерс буюу урьдчилсан гэрээний үнэ/ байна. Хоёр жилийн хойно гэхэд харин ч үнэ өсөөгүй гэхэд болохоор. Гэхдээ цаг дээрээ тулахаар дунд хугацаанд нэг баррель нефть 200 ам.доллар хүрнэ гэсэн Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэгч захирал Нобуо Танака-гийн үгийг иш татах байх л даа, манай эрх баригчид… Нефтийн бүтээгдэхүүний хувьд яалт ч үгүй Оросоос хараат бид хэрхэх билээ гэж улстөрчид, эрх баригчид үсээ үгтээн гаслах л биз. Эхнээсээ зарим нь Оюутолгой, Тавантолгойд шургалахын тулд оросууд нефтиэр нээнтэглэж байна гээд эхэлчихсэн. Яасан ч нээнтэглүүлж хандаггүй улс вэ бид… Тавантолгой, Оюутолгой, төмөр зам, уран, Асгат гээд олон асуудалд шүд зууж, барьцаа ахиулах хүсэлтээ байгаа оросуудын эхний нээнтэг ч энэ 100 ШТС байж болох юм.
Хоёр жилийн өмнө “ногоон гэрэл”-ээр шуудрах нь уу гэлтэй байсан 100 ШТС-ын хүсэлт газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлдэг этгээд дотоодын зах зээлд нэвтрэхийг хуулиар хязгаарласан байсан учраас бүтээгүй. Өнөөдөр ч магадгүй энэ хуулийн заалтаа өөрчилье гээд давхиад ороод ирж магадгүй улс даа, манай эрх баригчид… Монополь шахуу болсон хэдэн нефть импортлогч компаниудаас болоод л шатахууны үнэ гаарч байна гэсэн сэтгэлгээ нийгэмд төрөөд байгааг ч хэлэх үү, ерөөсөө оросуудыг оруулаад ирвэл өрсөлдөөн үүсэх ч юм билүү, 100 ШТС гэдэг манай зах зээлийн 10-хан хувь юм чинь гэж харайлгаж яваа хүмүүс ч бас байна гэнэ шүү, шаргал ордон хавиар…
А.АЛТАНТУЯА
“Зохиогчийн эрх” Ардын эрх
URL: