Зам, барилгын асуудлаа хэлэлцлээ

dfsssЗасгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гаригт Булган аймгийн Хутаг-Өндөр суманд боллоо. Тус сумын Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд баригдаж байгаа замын ажлын явцтай танилцах нь Засгийн газрын гишүүдийн зорилго байв. Энэ үеэр Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Хутаг-Өндөр сумын Засаг дарга Б.Жаргалсайхан нар аймаг, сумынхаа нөхцөл  байдал болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулсан байна.

Уг хуралдаанаар Зам тээврийн сайд Л.Гансүх, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар харъяа салбартаа хийж байгаа ажлуудаа танилцуулав.
ЗАМЫН АЖЛЫГ ЭНЭ ОНДОО ДУУСГАХЫГ ҮҮРЭГДЭВ

Одоогийн байдлаар Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгийн автозамын барилгын ажил ид өрнөж байгаа аж. Эдгээр замын хөрөнгө оруулалт, санхүүжилт бүрэн шийдэгдсэн. Харин Өмнөговь аймгийн зам энэ сардаа ашиглалтад орох юм байна. Бусад замыг энэ ондоо багтан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаагаа салбарын сайд хэллээ. Мөн зам барилгын ажил саатаж байгаа шалтгаанаа Хөвсгөл, Булган аймгийн Засаг дарга нар болон Хөвсгөлийн замд ажиллаж буй аж ахуй нэгжийн удирдлагууд учирлав. Ямартай ч Хөвсгөл аймгийг нийслэлтэй холбох замын ажлыг энэ онд дуусгахыг Ерөнхий сайд онцгойлон үүрэгдэв.

“Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд арван сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж, 20 гүний худаг, усан станц, цэвэр болон бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, дулааны станц барихаар барилгын салбарынхан төлөвлөжээ. Булганы Хутаг-Өндөр сум энэ төсөлд багтсан байна. Энэхүү шинэчлэлд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ажээ.

 

ХУТАГ-ӨНДӨР СУМ 15 ТОННЫ ҮР ТАРИАНЫ АГУУЛАХТАЙ БОЛНО

Энэ үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Эдийн засгийн хөгжлийн яамтай холбоотой хэрэгжих хэд хэдэн ажлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, “Үр тарианы элеватор байгуулах” төслийн ажлыг шуурхай зохион байгуулахыг Ш.Түвдэндорж сайдад даалгалаа. Энэ ажлын хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр сум 15 тоннын үр тарианы агуулахтай болох аж. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Сүүний хөргөлтийн төв” байгуулах, “Хөдөө аж ахуйн трактор, техник худалдан авах” төсөл хэрэгжих учиртайг энэ үеэр дуулгалаа. Харин төслүүдийн тусгайлсан гэрээ байгуулах бэлтгэл ажлыг Эдийн засгийн хөгжийн сайд Н.Батбаяр хариуцахаар болжээ. Арьс ширний гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийг арьс ширний бэлтгэлтэй уялдуулан зохион байгуулах үүргийг салбарын сайдад өгсөн байна. Үүнээс гарах үр дүнг арваннэгдүгээр сард танилцуулах ажээ.

Д.ЦЭЦЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих