Эдийн засгаа дагаад төр нь хямраад байна уу даа
Сүүлийн үед улс эдийн засгийн хямрал нүүрлэлээ хэмээн дээр дооргүй л шуугиж байна. Валютын ханш өсөөд мөнгөний үнэ цэнэ унаж цаас болсон гэхэд болно. Харин ноён доллар бараг л хоёр мянгад хүрэх шахаж дээр нь урд хөрштэй худалдаа наймаа эрхлэн амь зуулгаа хийдэг иргэдийн хэтэвч дэх багахан мөнгийг юу ч үгүй хоослохоор шийдэв үү урд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханш өссөөр л…
Харин энэхүү хямралыг дагаад улстөрчдийн нэг нэгнийгээ барьж идэх гэсэн санаархал тэнгэрт тултлаа дэгдлээ. Учир нь хэн энэхүү хямралд буруутай вэ гэсэн асуултанд хариулт олох гэж улайран тэмцэж өөрөө уснаас хуурай гарах гэсэн башир аргаа хэрэглэж эхлэв бололтой. Үүний томоохон жишээ нь үргэлж л худлаа ярьж ард иргэдээ басан доромжилсоор ирсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг оролдож эхэлж байгаа бөгөөд түүний фракцын нэг томоохон төлөөлөгч болсон Л.Гансүхийг АТГ-аас Шинэчлэлийн засгийн газрын зохион байгуулсан “Нүүрс” хөтөлбөрөөс ихээхэн хэмжээний мөнгө идсэн гэх хэргээр Төв аймгийн цагдан хорих ангид хорьсон.
Энэ байдалд нь цочирдсондоо болов уу? Эсвэл ам алдчих болов уу? хэмээн сэжиглэсэндээ үү ямартаа ч эрхэм ерөнхий сайд маань хуульзүйн сайдын хамт яаран сандран очиж эргэсэн нь бас л нэг учиртай.
Ерөнхий сайдын энэ алдааг хүлээж байсан мэт өчигдөр АТГ-аас мэдэгдэл гаргаж хэвлэлийн бага хурал хийсэн нь бас л хэн нэгний далд явуулга мэт санагдаад байгаа юм. Учир нь Шинэчлэлийн засгийн газрыг унагах гэж өнгөрсөн хаврын чуулганаар ихээхэн хэл амтайхан хуралдаад тарсан сөрөг хүчин болоод АН-ын доторх фракцууд мөн дээр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч оруулахгүй бол болохгүй мэт. Хаваржингаа л давхар дээлээ тайлах, тайлахгүй хэмээн маргасаар эцэст нь ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл “давхар дээл тайлах” төслийг АН-ын бүлэг буюу эрх баригчид олны хүчээр унагаж орхисон. Энэ нь ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёрын хооронд үүссэн маргаан талцлын туйл ч байж магадгүй хэмээн зарим хэвлэлээр шуугисан нь бас үнэний ортой бололтой.
Ийнхүү талцан мэтгэлцэж улс орны эдийн засгийн хямрал дээр дөрөөлөн хэн нэгнийхээ мууг үзэх гэж улайрсаар… Гэтэл 2012 оны сонгуулиар “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” хэмээн ам хуурай урайлж лоозондож байсан өнөө АН-ын эрх барих гишүүд өнөөдөр хэн нэгнийхээ мууг үзэх гэж улайран тэмцэж мөнхүү ард иргэдийнхээ итгэл сэтгэл дээр вальс эргэж байна даа. Эрх мэдлийн зөөлөн суудалд тухлаад л өнөө хэлж ярьж байсан сайхан үг хоосон амлалт нь нь хумхын тоос болон замхарч байна гэдгийн ард түмэн мэдсэн ойлгосон. Тиймдээ ч өнөөдөр тэдний хэлж ярьж байсан зүйлийг нь сануулах гэж оролдсон. Харин тэдэнд ард түмнийхээ дуу хоолойг сонсох ухаан, төрийн хүний уужуу сэтгэл дутаад байгаа болохоор ойлгохгүй байгаа юм.
Эдийн засгаа дагаад төр нь хямарч байгаа өнөө үед ард иргэдийн итгэл сэтгэл хаана хэнийгээ дагах тухай толгойгоо гашилган байгаа нь нууц биш ил байгаа. Тиймдээ ч хямарсан төртэй иргэд итгэл алдаж эхэлсний илэрхийлэл нь өчигдрөөс эхлэн Улаанбаатар хотод газар олгож эхлэхтэй зэрэгцэн шүүмжлэл дагуулсаар байна. ӨвөрМонголын гашуун сургамжаас иш татаж ирээд л шүүмжилж байсныг харахад итгэх итгэл үнэхээр унасан нь тодорхой байна.
Мөнхүү өнөөгийн төгрөгийн үнийн уналтыг зарим нэгэн иргэний хардалтаар бол удахгүй Монголд төгрөгөөр биш юаниар арилжаа хийдэг болгох гэж зориудаар валютын ханшийг өсгөж байна хэмээж байгаа нь ч цаанаа учиртай биз ээ.
ЧОЙ
URL: