Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Л.Гансүхтэй хорих ангийн даргын өрөөнд уулзжээ
Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулагдаад байгаа Л.Гансүхтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр уулзах хүсэлтийг долдугаар сарын 31-ний өдрийн 09.00-11.00 цагийн хооронд Авлигатай тэмцэх газарт тавьжээ.
Харин тус газраас сэжигтэн цагдан хоригдож байгаа тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг уулзуулах боломжгүй, мөрдөн байцаалтын дараа өмгөөлөгч, эсвэл мөрдөн байцаагчийн хамтаар уулзаж болно гэсэн хариуг өгчээ.
Гэтэл өчигдөр буюу долдугаар сарын 31-ний пүрэв гарагт Ерөнхий сайд Төв аймгийн урьдчилан хориход Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг дагуулан очиж, хорих ангийн даргын өрөөнд сэжигтэн Л.Гансүхтэй биечлэн уулзжээ.
Мөрдөн байцаалтын дараа холбогдох өмгөөлөгч болон мөрдөн байцаагчийн хамт уулзах боломжтой гэдэг хариу өгсөөр байтал юуны тулд ийнхүү хууль зөрчин байж яаран уулзах болсон нь сонирхолтой.
Энэхүү хууль бус уулзалтын талаар Авлигатай тэмцэх газраас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “…мөрдөн байцаалтын шатанд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өөрийн туслахаар ажиллаж байсан Н.Даваахүү, Ш.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин З.Мөнгөнтуяа, Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Н.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Төмөрбаатар нартай хамтран “Нүүрс” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн өмчит компани олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн дурьдсан байна.
Бид АТГ-ын мэдэгдлийг бүрэн эхээр нь удахгүй хүргэх болно.
М.Нандин Uls.mn
2014-08-01 12:44:49
URL: