Ц.БЯМБАЖАВ ГЕНЕРАЛЫН АЖИЛ УУЛ ТАХИАД Ч УРАГШЛАХАА БОЛЬЖЭЭ

6-18-10Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав ойрын үед их л уур уцаартай, таарснаа хяргачих гээд тун ч бухимдуу байгаа гэнэ.

Арга ч үгүй биз. Сахил хүртээд шал дордохьпг үлгэрээр сүүлийн хоёр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагаж хоёр ч том хайрхны тахилгад оролцсон биш удирдаж буй салбарынх нь ажил үйлс өөдлөхөө больж. урагшгүй дарга нарынх нь уршгаар хэдэн сайхан залуу цаг бусаар бурхны орныг зорьсон таагүй мэдээллээс салахаа больжээ.

Архангай аймгийн Суварга хайрханы төрийн тахилгад оролцсоных нь дараа бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн ахлагч Ж Баян талд Т-72 танкны ослоор, хурандаа Б.Энхбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн ахлагч Г Эгийн голд ГГТС-2 хөвөгч тээвэрлэгчтэйгээ живж амь насаа алдсан харамсалтай хэргүүд ар араасаа гарсан.
Баян-Өлгий аймгийн Алтай Таван богд хайрханы төрийн тахилгад оролцсоных нь дараа хурандаа Г.Батсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн байлдагч цэргийн байрныхаа хоёрдугаар давхраас унахдаа хүзүүнийхээ сэртэн ясыг хугалж хүнд гэмтэн Госпиталийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Мөн ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын мэргэжилтэн Б баяр наадмын үеэр төрсөн хүүгээ хутгалж амь насыг нь егүүтгэсэн хэрэг үйлдэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна.

Дэслэгч генерал Ц.Бямбажавын хамаатан ЗХЖШ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний газрын орлогч дарга, хурандаа Г.Баярсайханы талаар таагүй мэдээлэл сонин хэвлэлээр гарч чамгүй дуулиан дэгдэв. Эрхэм хурандааг орон нутгийн ангиудад шалгалт хийхээр явахдаа хөдөө ажлын машиныхаа шатахууны талоныг хувьдаа завшдаг тухай шударгаар шүүмжилсэн ажилтнаа хууль зөрчин тэтгэвэрт нь гаргахаар болсон гэхчилэн хэл амнаас салахгүй байгаа.

Зэвсэгт хүчинд осол, зөрчил ийн шил шилээ даран гарсаар л байна. Долдугаар сарын 18-нд хурандаа Ч.Түмэндэмбэрэл захирагчтай Зэвсэгт хүчний 084 дугээр ангийн алба хаагчид Улаанбаатараас Өлгий рүү явж “Фургон” машин тзрээслэн явж байгаад Алтай хотын орчимд онхолдсоноос хэд хэдэн хүн гэмтэж, нэг ахлагчийн биеийн байдал нэлээд хүнд байгаа. Мөн ЗХЖШ-ын ХШҮГ-ын орлогч дарга, хурандаа Г.Баярсайхан наадмын үеэр гэнэтийн шалгалт хийж бригадын генерал Л.Онцгойбаяр           захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хугацаат албаны цэрэг, түрүүч нарыг бүртгэхэд тус ангийн 40 байлдагч ангидаа байгаагүй гэнэ. Тус ангийн захирагч, бригадын генерал Л.Онцгойбаярыг дээд байгууллагын зөвшөөрөлгүйгээр хугацаат албаны цэргүүдийг барилга дээр ажиллуулж, ажлын хөлсийг нь хувьдаа авдаг талаар өмнө нь хэвлэлээр бичигдэж л байсан. Гэтэл хамгийн хачирхалтай нь алба хааж буй ангидаа байгаагүй 40 цэргийг аль нэг барилга дээр боолын хөдөлмөр эрхлүүлэхээр явуулсан уу, ажлын хөлс нь эрхэм генералын халаас руу орсон уу, эсвэл ангийн санхүүд тушаагдсан уу гэдгийг ЗХЖШ одоо болтол нягталж тодруулаагүй л байгаа гэнэ. Тус ангийн офицер, ахлагч нарын яриагаар бол бригадын генерал Л.Онцгойбаяр өнгөрсөн оноос л дээрээс ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр цэргүүдийг барилга дээр ажиллуулдаг дархан эрх эдлэх болсон, түүнийхээ хөлсөнд авсан үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй объектоо дэслэгч генерал Ц.Бямбажавт найр тавьж өгсөн гэсэн мэдээлэл ч байдаг юм билээ. Үнэн худлыг холбогдох байгууллагууд нь шалгаж тогтоох биз хэмээн 016-гийнхан сэм шивнэлддэг гэсэн.

Ямар ч байсан бригадын генерал Л.Онцгойбаяр халамцуудаа ангийнхаа нэгдсэн жагсаалын өмнө “Жанжин штабын ирээдүйн дарга та нарын өмнө зогсож байна” хэмээн чанга дуугаар өөрийгөө зарлаж байсан гэхийг сонссон хэн ч энэ эрхмийн онцгой ивээн тэтгэгч нь дэслэгч генерал Ц.Бямбажав юм байна хэмээн ойлгож болохоор.

Зэвсэгт хүчний Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа нь Налайхын цэргийн нисэхийн ангийн мэдлийн 6.5 км төмөр замыг хууль бусаар худалдан борлуулсан асуудлаараа дэслэгч генерал Ц.Бямбажавын хамт АТГ-т шалгуулж байгаа гэх мэдээлэл ч байна. Мөн бригадын генерал Д.Даваа нь хувьдаа гурван орон сууц, хоёр хаус, бага биш хэмжээний газрыг чухам ямар хөрөнгийн эх үүсвэрээр өөрийн болгосноо нягтлуулж буй сураг ч бий.

Түүнээс гадна өнгөрсөн сарын 10-нд болсон Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хүрээнд болдог цэргийн ёслолын жагсаалыг ахмад дайчид шүүмжилж байна билээ. Энэ жагсаалыг дөрвөн жил дараалан командалсан ЗХЖШ-ын дэд дарга Б.Баярмагнай командаа буруу, дутуу өгсөн, хоёр ч шугамчныг байраа эзлээгүй байхад жагсаалыг эхлүүлсэн гээд мэргэжлийн хувьд гаргаж болохгүй алдаа хийсэн гэцгээж байна. Хэдхэн өдөр бэлтгэл хийсэн болоод ч тэр үү, энэ жилийн цэргийн ёслолын жагсаал тааруухан болсон гэсэн дүгнэлтийг Зэвсэгт хүчнийхэн өөрсдөөч өгч байгаа.

Зэвсэгт хүчин удирддагагүй байгаагийн нэг тод илрэл нь саяхан болоод өнгөрсөн баяр наадмын нээлтийн ажиллагаанд оролцсон цэргүүдийн үйл хөдлөл гэж иргэд нэгэн дуугаар хэлж байна. Өмнө нь хэзээ цэргийн албан хаагчдыг Төв цэнгэлдэхэд хээрийн цэрэг хувцастай нь бүжиглүүлж байлаа. Уул нь тэр ажиллагаанд цэргээ оруулж байгаа ЗХЖШ-ын дарга, дэд дарга нь нээлтийн ажиллагааны бэлтгэл дээр очиж үзээд бүр тийм завгүй бол уг нээлтийн үед манай цэргүүд юу хийх вэ гэдгийг нь асууж тодруулаад болох болохгүй зүйлийг нь тодорхой хэлчих ёстой байсан бус уу. Гэтэл гадаадын олон зочид, наадмын нээлт үзэхээр ирсэн наадамчдын өмнө хэдэн цэргийнхээ нүүрийг улайлгаж бүжиглүүлэх нэрээр алиалуулсан нь салбараа эзэнгүй байгааг харуулчих шиг боллоо.

Ийм байтал ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав энд тэнд сонин хэвлэл дээр хэн намайг муулж бичив хэмээн эзнийг нь хайж сүржигнэхээс өөр ажилгүй сууна. Энэ хооронд Зэвсэгт хүчин гэдэг айл удирдлагагүй, зохион байгуулалтгүйгээс хэрэг, зөрчил, осол бэртэл өдөр алгасахгүй гарсаар л байна. Уг нь хэрэг зөрчил яагаад, юунаас болоод буйг эрүүл ухаанаар олж тогтоох талаар бодох ёстой юм. Энэ талаар хуралдах гэхээр дэслэгч генерал Ц.Бямбажавын даргалдаг ЗХЖШ-ын даргын зөвлөл ирц хүрэхгүй шалтгаанаар хуралдаж чаддаггүй гэнэ. Аливаа асуудал болоход бэлэн байх ёстой ЗХЖШ-ын удирдлагууд наадам хэсээд алга болсноос үүдээд хуралдаж ч чадахаа болиод буй бололтой…

ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай “Зэвсэгт хүчний гэмт хэрэг, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөл”-ийг удирддаг гэх боловч тэр талаар тоймтой хийсэн зүйлгүй, энд тэнд энхийг сахиулах ажиллагааны талаар ярихаас өөр ажилгүй нэгэн болж хувирсан гэхэд хатуудахааргүй юм.

Дээдэх нь суудлаа олохгүй байхад доодос нь гүйдлээ олдоггүйн үлгэр ийн Зэвсэгт хүчинд нүүрлэжээ. Урагшгүй дарга нараас болж олон сайхан залуу энх тайван цагт амь нас, бие эрхтэнээрээ хохирсоор л байх уу.
М.ТУУЛ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих