Газартай болох хүслэн буюу “но”-той ногоон карт гардагчид

7-28-4Зуслангийн газрыг ирэх есдүгээр сараас өмчлөхөөр албаныхан бэлтгэлээ базааж эхэлсэн тухай Хотын захиргаанаас саяхан мэдээлсэн. Таван байршилд хаягжилт хийж өмчлүүлэхэд бэлэн болсон ч Жигжид зусланд газрын маргаантай байгаа учраас тэнд өмчлүүлэх асуудлыг түр хойшлуулсан гэсэн юм. Бид Жигжид зусланд газрын ямар маргаан дэгдээд иргэд газраа өмчлөх боломжгүй болсон талаар сурвалжиллаа.

Албаны хүмүүсийн мэдээлснээр энд 219 га талбайд 2036 хашааг өмчлөх боломжтой гэсэн. Жигжид зуслан суурин болон зуны улиралд зусланд гардагтайгаа нийлээд 3000 гаруй айлтай. Одоогоор хашаагаа өмчилж авсан айл цөөн байгаа тухай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны есдүгээр хэсгийн ахлагч ярилаа. Харин хаана, ямар газрын маргаан дэгдээд байгаа тухай хорооныхонд мэдээлэл байсангүй. Түүгээр барахгүй харъяа зуслангийн хашааг нь өмчлөхийг хойшлуулах болсон тухай ч сонсоогүй гэв. Айлуудын хувьд ч мэдээлэлгүй угтсан нь олон таарсан юм. Гэхдээ газраа өмчилж авах сонирхолтой байгаагаа Жигжидэд 30 гаруй жил амьдарч байгаа н.Чагнаадорж дуулгав. Түүний хэлснээр газрын маргаан гээд байхаас илүү айлууд хоорондын зай талбайг тооцохгүйгээр хашаагаа хатгачихсан нь хүндрэл учруулдаг гэнэ. Үнэхээр ч Жигжид орчмын айлуудын дунд автомашины зам хоёр айлын хэртэй яваад нэгнийх нь хашаа руу ороод л “төгсчихдөг” зураг харагдлаа. Зам цааш үргэлжлэх битгий хэл явган хүн ч  явах арга алга. Иргэд нэгнийхээ хашаагаар дамжиж гэртээ орж, гарч харагдана. Ийм байдал нь зусланд гэнэтийн осол аваар болоход хамгийн хүндрэлтэй байдаг аж. Түргэн тусламжийн  болон аврагч, гал сөнөөгчид нэвтрэх боломжийг нь хаачихдаг байна. Үүнээс болж айлууд багагүй гарз хохирол амсч байсан бий гэнэ. Хэсгийн ахлагч болон иргэдийн хэлж буйгаар бол тэдэнд ийм асуудал л байгаа юм байна. Энэ тухай Нийслэлийн өмчийн харилцааны газраас тодруулахад  “Газрын маргаан нь байх нь байгаа. Энэ мэдээллийг хороо, хэсгийнхэн мэдэхгүй” гэсэн юм.

Харин энд өөр нэг асуудал анхаарал татсан нь айлуудад ногоон карт тарааж байсан явдал юм. Ногоон картыг жил гаруйн өмнө зуслангийн бүсэд оршин сууж байгаа айлуудад хог хаягдлын төлбөрийн асуудлыг нь шийдвэрлэхээр тарааж байсан юм. 10 мянган төгрөгийн үнэтэй энэ картыг авснаар цахил­гааны мөнгөн дээр нэмэгд­дэг хогны 2500 төгрөгийг бүтэн жилийн турш төлөхгүйгээр картаа үзүүлээд хот тохижилтынхноос үйлчилгээ авах боломжтой гэдэг. Энэ жил Жигжид зуслангийн 900 айлд тараахаар хуваарилжээ. Одоогоор 100 гаруй айл аваад байгаа юм байна. Айлуудын олонх нь зуны хоёр, гуравхан сард зусланд гардаг болохоор 10 мянган төгрөгийн карт авах нь зарлагатай байна гэдэг бол зарим нь карт авсан ч цахилгааны төлбөр дээр хогны мөнгө нь нэмэгдэж тооцогдоод байна гэж бухимддаг ажээ. Хогоо хот руу аваад орчихдог болохоор орчноо бохирдуулсан зүйл байхгүй гэх нь ч бий гэнэ. Гэхдээ тэдэнд зөвхөн хогны мөнгөний тооцоо гэхээсээ газар өмчлөхөд тустай гэж итгүүлэх нь арай дөхөм тухай хэсгийн ахлагч учирлалаа. Өөрөөр хэлбэл, 10 мянган төгрөгийн ногоон карт авчихвал бүртгэлд орж газраа авахад нааштай болох юм байх. Гэтэл картынх нь хугацаа аль хоёр сарын өмнө дуусчихаж.

Газартай болохын тулд хугацаа нь дуусчихсан картыг иргэд авч байна. Гэтэл зуслангийн газ­рыг нь өмчлөхийг хойш­луулсныг мэдээгүй иргэд бусад зусланд газар өмчлөхөөр бухимдаад эхлэх вий.

 

 

З.ЦАСАНЧИМЭГ, Г.ГЭРЛЭЭ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих