Эрх баригч намуудын сэлгээ

-МАСЗХ бизнесмений хүүхдүүдээр хүрээгээ тэлсээр-

Сонгуулийн анир томчуудын улс төрийн “синдром”-ыг хөдөлгөж, тэр ч бүү хэл гавъяандаа гарсан тэтгэврийн хөгшчүүлийг хүртэл хөдөлгөөнд оруулж эхэлжээ. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн улс төрийн идэвх сэргэн титэм үгээ тэрлэж суухдаа зав чөлөөгөөрөө ирэх сонгуульд Ш.Отгонбилэг агсны ганц хүү О.Содбилэгийг бэлдэж буй юм байх.

Энэ нь ч үнэний ортой дог шүү. Тэрбээр сүүлийн үед бизнес гэхээсээ илүүтэй МАСЗХ-оор гүйдэлтэй болж, энхрий хайрт энэ л намдаа дуу хоолойгоо өргөх болсон. Мөн Ерөнхий сайд асан Д.Содном шинэ халаагаа ирэх сонгуульд “сойх”-оор нэлээд сайн сургамжилж байгаа гэнэ.

Түүнчлэн энд нэг зүйлийг тодруулахад, энэ удаагийн сонгуульд Монголдоо л бизнесийн салбарыг тэргүүлдэг нэр бүхий томоохон эрхмүүдийн хүүхэд хүч үзэхээр аль хэдийн зам мөрөө засч эхэлсэн дуулдана.

Тухайлбал, манайдаа л байхгүй өндөр барилгын суурийг тавьсан Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр улс төрд хөл тавьж, МАСЗХ-нд дуугаа өргөн шинэхэн албан тушаал хүртээд байна. Мөн “Улаанбаатар” зочид буудлын ерөнхий захирал О.Содбилэг болон “Их засаг” их сургуулийн захирал О.Ням-Осорын хүү Н.Учрал, сэтгүүл зүйн салбарын лидер Ц.Балдорж агсны хүү Б.Баттүшиг гээд залуу үе эл хүрээнд өдрөөс өдөрт нэмэгдэх болжээ. Гэхдээ энэ бүхнээс ажаад байх нь ээ, “улаан”-ууд бэл сайтай хүмүүсээр МАСЗХ-ныхоо хүрээг тэлж ирэх сонгуульд хөрөнгө мөнгө гэж толгой зовоохгүй л болж байх шив.

Харин энэ зуур парламент дахь шинэхэн гишүүд сонгуулийн сургаар хэл, хөлд зэрэг орж олныг гайхуулж эхлэв. Мөн олон жил төр түшилцэж, зарим зүйлийн зах зухыг гадарлах болсон хэсэг нь далдыг мэддэг Далай лам шиг мэдэмхийрэн “би” гэж цээжээ дэлдэнэ. Түүнчлэн сонгуулийн чимээнээр бяцхан жаалууд “ах” нараа дуурайж улс төр гэх их айлд хөл тавихыг завдах болжээ. Үүнтэй холбогдуулан ганц жишээ дурьдахад, “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөний залуус өнгөрөгч оны УИХ-ын сонгуулиар “ахмад”-уудаасаа авир сурчихсан гинжээ тайлж, үсээ тайруулаад хослол өмсчихсөн нэр дэвшинэ гээд тууж явсан.

Тиймдээ ч “Зөвхөн Монголдоо хайртай” хэмээн энэ тэрүүгээр эх орон ч царай гарган олныг манаргаж явна. Эцэст нь сануулахад, нэг хэсэг улс төр рүү баян бизнесменүүд шуурганд уруудсан хонь шиг шавсан. Хангалттай хөрөнгөтэй юм чинь улсын хөрөнгө рүү хуруу гараа дүрээд байхгүй биз хэмээн найдсан ч талаар болсон. Тэд нэг төгрөгийг арван төгрөг болгоход гаршсан туршлагаа улсын өмч дээр ч ашигладаг юм байна лээ.

Тэгээд аргаа бараад мөнгөгүй ч шударга байх гэж оношилсон хүнийг сонгож үзлээ. Тэгсэн өнөөдүүл чинь хэрхэн мөнгөтэй болох вэ гэж ухаан бодлоо уралдуулаад урагштай зүйл болсонгүй. Аргаа бараад залуусыг нь сонготол “ах” нарынхаа үгэнд ороод хамхуул адил хийсчихдэг юм байна. Харин энэ удаагийн сонгуулиар бас л түүх давтагдах нь ээ. Парламент дахь эрх баригч намууд өөр хоорондоо өрсөн хөрөнгө мөнгөтэй нэр нөлөө хүмүүст батлахаа атгуулж эхэллээ шүү.

О.Сүлд http://www.niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих