Иргэн Ц.Доржсүрэн: Байгаль хамгаалагч нэртэй ой сорлогчид ногоон бүсийг цөлмөж байна

c026d870d3cb9d2f3c359ec9f1124a90_LНийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь бэлэн болсон Зуунмод, Хандгайтын богино, Гоодойн ам, Хуурай мухар, Гүнт, Ар хустай, Шарга морьтод амьдарч буй айл өрхүүд газраа түрүүлж өмчлөхөөр болсон билээ. Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газруудад урьдчилсан тооллого хийсэн. Тус тооллогын дүнгээр 47943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбайг өмчлүүлэх боломжгүй гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл дээрх гурван дүүрэгт урьдчилсан байдлаар 23 мянга гаруй айл өрх зуслангийн газраа өмчлөх боломжгүй гэсэн үг юм. Гэтэл өмчлөх боломжгүй газарт айлууд дур мэдэн, хөрөнгө зарж, эзэмшлээ босгосоор байгаа нь ойн хаяа түшиж амьдардаг уугуул иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна.

Энэ асуудлаар нийслэлийн ногоон бүс буюу Хустайн аманд оршин суугч Ц.Доржсүрэн бидэнд хандсан юм. Тэрбээр хамгаалах нэрээр ойг самнан цөлмөж буй этгээдүүд болон өөрийн байгуулсан төрийн бус байгууллагын талаар манай уншигчдад хүргэхийг хүссэн юм.

-Та энэ ногоон бүсэд яг хэдэн жил нутаглаж байна. Амьдрах хугацаанд эндхийн байгал хэр өөрчлөгдсөн бэ?

-Би 1946 оны долдугаар сарын 5 нд анх 12 настай байхдаа энд ирсэн. Одоо 80 гарч байна. Халзангийн давааны өвөр, Хустайн ам, Ар яргайт газар би тэр үеэс эхлээд 64 жил амьдарч байна. Энд байх хугацаандаа би байгалийг ингэж сүйтгэж байхыг сүүлийн үед л үзсэн. Урьд энэ чинь онгон сайхан байгаль араатан, чоно, гахай, гөрөөс, баавгайтай байсан юм. Ойн цагдаа нь иргэдтэй хуйвалдаж хууль бусаар агнасны улмаас ан амьтан  дүрвэх нь дүрвэж, алуулдаг нь алуулаад дууссан. Одоо бол чоно, гөрөөс, явуулын гахай л байна.

-Энэ тусгай хамгаалалттай бүс маань хэдий хэмжээний газар нутгийг хамарч байна?

-Энэ 529 га газар байгаа юм. Ардчилсан засаглал гарснаас хойш энд тусгай төсөл хэрэгжүүлэхээр МУИС-ийн ой судлалын тэнхимтэй гэрээ байгуулж, Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт шалгалт явуулж, байгалийн төрх хэрхэн өөрчлөгдөж тухай бүрт баримтжуулсаар ирсэн. Ингээд 14 жил хамтарч ажилласны эцэст одоо л сая нэг бие даасан байгууллагатай болж байна. Ер нь ойн бүсийг байгаль хамгаалагч нь цөлмөж орхидог муухай тогтолцоо байна. Байшинт, Билгүүн уулыг эхлээд байгаль хамгаалагчийн оролцоотойгоор хувхайруулж орхидог.

Тэр хоёр уулын модыг устгасны дараагаар Хустайн амнаас баруун талын өндөр толгой хүртэл долоон мянган мод устгасан. Одоо бол долоон мянгаар барахгүй 10 мянга хүрээд байна. БОЯ, МХЕГ, манай байгууллагын гаргасан тоо яг мөргөнө. Хэрэв холбогдох байгууллагуудаас бидэнд зөвшөөрөл өгч хамтын эзэмшилд олговол манай байгууллага энэ газрыг хулгайн мод бэлтгэгч хүйтэн гартнуудаас бүрэн хамгаалж, ойн аж ахуйн чиглэлээр ашиглах боломжтой.

-Байгууллагынхаа тухай, ямар бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг талаар цухас яриач?

-2001 онд анх энэ бүсэд насаараа амьдарсан бидний хэсэг нөхөд өмчилж авахаар шийдсэн юм. Тэр үед Ойн хууль анх гарч байсан. Хамтын эзэмшилээр өгнө гээд Анх бидний нэн ядуу, өрх толгойлсон, өндөр настай, эмзэг бүлгийн 17 хүн хамтарч энэ ойг цэвэрлья, анхаарал тавья, хамгаалья гэдэг үндсэнд санаа нэгдэж төрийн бус байгууллагад нэгдсэн. Өнгөрсөн онд БОНХЯ, УМХГ-аас бие даасан төрийн бус байгууллага бол гэж зөвлөсний улсын бүртгэл авч бие даасан “Аавын баян хангай” нэртэй нийгэмдээ үйлчилдэг төрийн бус байгууллага болсон юм.

-Танай төрийн бус байгууллагад хэдэн гишүүнчлэлтэй байна. Энд ямар үйл ажиллагаа явуулж байна?

-100 мянган ширхэг модтой үрсэлгээний талбай байгуулсан. Тэр талбайг маань энд сууц, эзэмшлээ барьсан этгээтүүд талхалж сүйтгээд байсан учраас 80 мянгыг нь Тэрэлжид дөрвөн жилийн өмнө аваачиж үрслүүлсэн. Одоо 2-5м ургаж байна. Үлдсэн 20 гаруй мянгыг энд аваад үлдсэн байсныг н.Сэр-Од гэдэг хүн хашааг нь нурааж, эвдэж сүйтгэж орхисон. Манай үрсэлгээний талбайд байшин барьсан, хашааг сүйтгээд өөрийнхөө хашааг сэлбэсэн. Ийм зөрчлүүдийг л би арилгахын тулд би та бүхэнд хандаж байна.

Төрийн бус байгууллага маань үндсэн 12 гишүүнтэй байна. Таван өндөр настан доод тал нь 60 настай дээд тал нь 83 хүрч байна. Энэ хүмүүс доод тал нь 20 жил амьдарсан хүмүүс байна. Манайд хяналтын зөвлөл гэж бий. Энэ зөвлөлд таван хүн байна. Тавуулаа идэвхтэн байгаль хамгаалагч бөгөөд БОНХЯ, УМХГ-аас гэрчилгээ авсан хүмүүс байна. Удирдан зохион байгуулах гүйцэтгэх зөвлөл, нягтлан бодох гэх мэт ажилчид байна.

-Ойн бүсэд хууль бусаар суурьших явдал хэзээнээс ингэж эрчимжив?

-2006 оноос эхэлсэн. УМХГ, БОНХЯ 2008 оны аравдугаар сарын 17 ны өдөр ирж энд бүх хуулийн хэрэгжилтийг хянаж шалгаж үзээд энэ айлуудыг татан буулга, газар чөлөөлүүл гээд Сонгинохайрхан дүүргийн засаг дарга, иргэдийн хурлын дарга, газрын албаны дарга, нийслэлийн байгаль хамгаалах газрын дарга нарт албан тоот өгсөн. Гэтэл тэр шийдвэрийг тоосон юмгүй газар авсаар, одоо Ухнын ам гэр хороолол шахуу болчихоод байна.

-Хустайн амны энэ хавтгайд яг хэдэн айл шинээр одоо сууршиж байна?

-Хуучин нэг 60-70-аад айл байсан юм. 1990 оны ардчилсан хувьсгалаар бүх зуслан буусан энэ үеэр хүмүүс нүүгээд явахад би л ганцаараа үлдсэн юм. Туулайн чихний өвөрт тэр үед 10-аад айл байсан. Шинээр суурьшсан 12 зайлд дүүргийн засаг дарга захирамж гарган газар олгож, газрын алба нь зөвшөөрсөн байдаг. Энэ бол ой сан хориотой бүсийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэсэн үг. Ардчилсан хувьсгалаас хойш найман удаа байгаль хамгаалагч солигдсон. Сүүлийн гурван жилд гэхэд л таван удаа солигдсон. Байгаль хамгаалагч нэртэй ой сорлогчид ногоон бүсийг цөлмөж байна. Эдгээр хамгаалагчдаас н.Адьяасэд гэгч этгээдэд эрүү үүсгэн шалгаж байна.

Я.Баяр montsame


URL:

Сэтгэгдэл бичих