Монголын хөлбөмбөгчид Гуамын шигшээд хожигдов

faa1c8e6577ce311721d2255ef3cd541_LМонгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Гуам улсад болж буй 2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож байна. Өнөөдөр Монголын хөлбөмбөгчид талбайн эзэн Гуамын багтай тоглож, 0:2-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ.

Долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд Гуам, Умард Марианы арлууд болон Монгол, Макао улсын багууд өрсөлдөж байгаа юм. Эдгээр дөрвөн баг тойргоор тоглож, нэгдүгээр байраар шалгарсан баг урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай тоглох эрхийг авна.

Монголын шигшээ баг тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 21-нд Умард Марианы арлуудын багтай тоглож, 4:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Хоёр дахь тоглолтоо өнөөдөр Гуамын шигшээ багтай хийж, 0:2-ийн харьцаагаар ялагдлаа. Мөн энэ өдөр Умард Марианы арлуудын баг ялалт байгууллаа. Тэд Макаогийн багийг 2:1-ээр буулган авчээ.

Хүснэгтийг тэмцээнийг зохион байгуулагч Гуам дөрвөн оноотой тэргүүлж эхэлсэн бол Монгол, Умард Марианы арлуудын багууд гурван оноотой удаалж, Макао нэг оноотой хүснэгтийн сүүлд бичигдэж байна.

Хэсгийн сүүлийн тоглолтууд ирэх баасан гаригт буюу долдугаар сарын 25-нд болно. Монголын шигшээ баг Макаогийн багтай тоглох бол Гуам-Умард Марианы арлуудын тоглолт болсноор хоёрдугаар шатанд өрсөлдөх ганц баг тодрох юм. Манай шигшээ багийн хувьд сүүлийн тоглолтод хожиж, Гуам оноо алдсан тохиолдолд дараагийн шатанд өрсөлдөх боломжтой юм.

Я.Баяр

montsame


URL:

Сэтгэгдэл бичих