Хувьсгал, хувийг дэнслэх сонгуулийн хууль
Гурван чуулган дамнан хэлэлцэж буй УИХ-ын сонгуулийн тухай хууль цэгцрэх шатандаа орж байх шиг байна. Хэрэв УИХ дахь намын бүлгүүд зөвшилцөж амжвал хаврын чуулган өндөрлөх хуулийн хугацаа буюу долдугаар сарын 1-нээс өмнө энэ хуулийг баталж амжина.
Амжихгүй боллоо гэвэл хаврын чуулган хугацаандаа хаахгүй. Уржигдар УИХ дахь намын бүлгүүд сонгуулийн холимог тогтолцооны Х:У хувилбар ямар харьцаатай байх вэ гэдгээ зарлав. Мөн намын нэр, эсвэл нэр дэвшигчийн нэрийг дугуйлах вэ гэдэг бас тодорхой боллоо.
Гэхдээ эрх баригч хоёр нам бие биеийнхээ эсрэг саналуудыг тавиад байна. УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс пропорциональ давамгайлсан тогтолцоотой байхаа хэдэнтээ мэдэгдсэн. үүнийгээ даваа гариг бүр болдог бүлгийн хуралдааны дараа байр сууриа хэвээр хадгалж буйг илэрхийлсээр байгаа. Тус нам 50:26 буюу УИХ-ын 50 суудал пропорционалиар, 26 нь мажоритар гэсэн хувилбар дээр санал нэгдсэн. Мөн пропорционалиар сонгох 50 пропорциональд намын нэрийг дугуйлахаар болов.
26 мажоритар буюу 26 тойрогт нэр дэвшигчийн нэр пропорционалийн 50-д байж болно гэж шийдвэрлэлээ. Ингэсэн нь ч бас учиртай аж. Хэрэв тухайн тойрогт нэр дэвшигч “уналаа” гэхэд намын жагсаалтын дээгүүрт нэр нь бичигдсэн бол мандаттай үлдэх магадлал нь өндөрсөж буй хэрэг. Түүнчлэн тус намын гишүүд хүн ам, газар зүйн байршлыг харгалзан үзэх гэнэ.
Тодруулбал, мажоритараар сонгогдох УИХ-ын нэг гишүүний төлөөлөх хүн амын тоог адил байлгахын эрмэлзэх гэнэ. Өчигдөр Ардчилсан намын бүлгийн гишүүд Сонгуулийн хуулийн төсөл дээр зарчмын зөрүүтэй санал, зүйл заалтын талаар Ардын намын бүлэгтэй зөвшилцөх ажлын хэсгийг байгуулав. Тус ажлын хэсэгт Ч.Сайханбилэг, Э.Бат-үүл, Л.Гантөмөр, Г.Батхүү, З.Энхболд нар оржээ.
Харин Ардын намын бүлгийн гишүүд даваа гаригт хоол, цайгаа хойш нь тавьж цаг сунган хуралдсаны эцэст Удирдах зөвлөлөөс санал болгосон мажоритар давамгайлсан холимог тогтолцоо буюу 24:52 гэсэн тооны харьцааг баримтлахаар болов. Өөрөөр хэлбэл, тус намын гишүүд 24 пропорциональ, 52 мажоритар гэсэн хувилбарынхаа төлөө зүтгэнэ.
Уг нь жил гаруйн өмнө 100 хувь пропорциональ байх хуулийн төсөл өргөн баригдсаны дараахан тус намын Удирдах зөвлөл 50:26 гэсэн хувилбарыг оруулж ирж байсан билээ. Өдгөө 52 мажоратори гэсэн нь ч учиртай аж. Цөөн хүн амтай хоёр аймаг тус бүрээс нэг, бусдаас нь тус бүр хоёр, нийслэлийн есөн дүүргийг 11 хүн УИХ-д төлөөлнө гэж тооцжээ. Ингэхдээ амын тоо бус газар зүйн байршлыг илүү харгалзах бололтой.
Гэхдээ илт олон мянган хүн амын зөрүүг бас орхичихгүй. Нийслэлийн хамгийн хүн ам ихтэй гэгддэг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс тус бүрт хоёр мандатын эрхтэй байх бололтой. Түүнчлэн тус намын зүгээс пропорциональ, мажоритар хоёрын алинд нь ч нэр дэвшигчийн нэрийг нь дугуйлах нь зүйтэй гэж үзэв. үүнийг нам эсвэл нэр дэвшигчийн нэрийг дугуйлахын аль нь ашигтай эсэхийг судалсны үндсэн дээр гаргасан байна.
Судалгаагаар Ардын намын нэр хүнд хувь гишүүдийнхээсээ доогуур гарсан тул ийнхүү нэр дэвшигчийн нэрийг дугуйлах нь зүйтэй гэж тогтоход хүрсэн бололтой. үүнийг мэдэрсэн зарим гишүүд нь “Хэн эрх мэдэлтэй байгаа нь л шийдвэр гаргана. Хэрэв мажоритариар сонгууль явуулна гэвэл манайх шиг нэр хүндтэй нам ер нь дийлэнх суудлыг авчих боломжтой. Манай нам тийм нэр хүндтэй, тийм нэр дэвшигчидтэй нам” хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа.
Энэ мэтээр тус намын гишүүд хувьсгалаа бус амиа илүү бодож саналаа нэгтгэсэн нь ойлгомжтой. Мөн тус нам УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон бусад намтай хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулсан. Намынхаа Удирдах зөвлөлийн байр суурийг хадгалахын тулд Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, Ч.Хүрэлбаатар нар сонгогдоод байгаа.
Хоёр намын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн хуралдаан өчигдөр эхлэв. Мэдээж, хаалттай. Хувь, хувьсгалын эрх ашгийн аль алиныг нь хөндсөн болохоор тийм амархан зөвшилцөхгүй нь лавтай. Мэдээж, эрх баригч хоёр нам хоёр талаасаа тодорхой хэмжээнд буулт хийж таарна. Гэхдээ хэд гэсэн тооны харьцаанд хүрч, тогтолцооны ямар хувилбарыг сонгохыг тэд шийдэх нь. Харин энэ талаар улс төрчид, судлаачид ал хэдийнэ таамаглал дэвшүүлчихсэн.
Пропорциональ, мажоритари 50:50-ийн харьцаатай 38:38 гэсэн тооны харьцаатай. Мажоритарид нэр дэвшигчийн нэрийг, пропорциональд нэр дэвшигчийг бус намын дугуйлах гэдэг хувилбар гаргачихсан. Ажлын хэсгийнхэн өөр өөрсдийнхөө байр суурийг хадгалахын эрмэлзэхдээ гуравдагч хүчний байр сууриар хүч сэлбэх нь тодорхой. “Жижиг” гэгддэг намууд пропорциональ давамгайлахыг дэмжиж буй учраас энэ нь Ардчилсан намынханд хожоотой.
Гэхдээ Ардын намынхан олонхиороо хавсайдаж болзошгүй. Зөвшилцөлд хүрэхгүй байвал УИХ-ын сонгуулийн тухай хууль гацна. Ингээд хуучнаараа мажоритари тогтолцоотойгоор зууралдаж ч болзошгүй гэх харыг дагуулсаар. Гэхдээ УИХ-ын гишүүд хувиа бодвол мажоритар, хувьсгалаа бодвол пропорционалийг сонгох нь ойлгомжтой.
Д.Навчаа
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: