Хятадууд Монголчуудыг арга залиар дийлэх гээд байдгаас биш хүч чадлаар дийлж явсан удаа байхгүй
Хятад Монголын хүмүүс сүүлийн үед үүх түүхээ хоорондоо илэн далангүй сууж байгаад л ярицгаадаг болцгоосон юм байх. Хятадууд нь Танай монголчууд 800 жилийн манай Хятадыг бүтнээр нь эзэлж байсан гэдэг үнэн юмуу? Тэр үед эзэлж чадсан юм бол өнөөдөр яагаад газар нутгийнхаа талыг бидэнд алдчихаад сууж байдаг билээ. Хэрвээ 800 жилийн өмнө манай хятад цэргүүд танай монгол улсын газар нутгийг тэр аяар нь эзэлж авсан бол өдийд та нараас үртэс ч үлдээгүй байхсан хэмээн ам асуудаг билээ. Монголчууд ч хариуд нь Танай Мин гүрний хаад бүхэл бүтэн 50 жилийн турш Монгол нутаг улс руу жил болгон шахуу 400 мянган цэрэг дагуулан орж ирээд ганц доголон төлөгний олзтой буцаад зугтаан гарч байсан болохоос биш эзэгнэн сууж чадаагүй шүү дээ хэмээн сөргүүлэх жишээтэй. Хятадуудтай ингэж маргахын тулд үүх түүхээ сайтар мэддэг байх шаардлагатай юм. Сүүлийн үед 1913 оны Өвөр монголыг чөлөөлөх дайн хэмээх зүрх хөөргөж сэтгэл омогшуулах шинэхэн түүхийн бүдэгхэн улбаа аяндаа тодрон дурайх болжээ. Гэвч хятадууд өнөөдөр монголчуудаас та нар 1913 онд урагшаа цэрэг хөдөлгөж байлдсан гээд байдаг. Тэгээд яг юуг чөлөөлсөн юм бэ дээ? Өвөр монголыг чөлөөлж чадсан уу? Чадсан юм бол яагаад буцаад манайд алдчихсан юм бэ? Одоо өвөр монголд 30 сая хан үндэстэн язганаж тэдэн дундаас 300-хан мянган өвөрлөгч чинь нүдэнд харагдахгүй шахам байна шүү дээ гэж тавлан асуух болсон байгаа юм. Өнгөрсөн түүхийн эх сурвалжуудыг харж байхад монголчууд хятадуудтай байлдахдаа хүний олон, зэр зэвсгийн чанараас огтхон ч айж эмээдэггүй байсан нь илт анзаарагддаг.
Тодруулбал түүхийн бүх цаг үеийн турш хятад, монгол хоёрын цэрэг хоёр талаас халз тулгаран байлдахад цаг үргэлж хятадууд нь хүн хүчний тоогоор ямагт илүү давуу байдаг байсан ч монголчууд ямагт ялж үгүй ядахдаа хоёр талаас хүч тэнцсээр тулаан өндөрлөдөг байлаа. 13-р зуунаас өмнө ч гэсэн нүүдэлчид урагшаа суурин иргэдийн зүг цэрэг хөдөлгөх тоолондоо ялж дийлэн хот тосгодыг нь шатааж устгаад үр тариа, торго дурданг нь хэдэн зуун тэргээр булааж аваад нутгийн зүг буцаж ирдэг байсан нь хятадын түүхийн эх сурвалжуудад ч хангалттай бий.
Тиймээс энэ удаа үндэсний бахархал болсон эцэг өвгөдийнхөө баатарлаг түүхийг улам тодруулж, сануулах зорилгоор 1913-20 оны хооронд чухам юу болж байсан бэ гэдгийг цухасхан дурдахыг хүслээ. 1912 оны эцэс үед өвөр монголчууд бултаараа Богд хаант Монгол улсын зүг хандаад байсан бөгөөд үүнд эмзэглэсэн шинэ тулгар БНХАУ-ын анхны ерөнхийлөгч генерал, Чин гүрний үеийн цэргийн сайд асан Юань Ши Кай 85 их буу, 54 пулемёт бүхий зургаан замын 33460 цэргийг өвөр монголд түлхэн оруулж монгол руу давшуулсан байдаг юм. Чин гүрний засгийн газар 1900 оны Хар тамхины гуравдугаар дайнд олон улсын цэрэгт ялагдсанаасаа хойш арми шинэчилж эхэлсэний үр шимийг хятадын шинэ ерөнхийлөгч Юань Ши Кай ч залгуулан өргөтгөж эхэлсэн юм.
Арми европ маягаар зохион байгуулсан 54 ширхэг шүршдэг буутай хятадын өөдөөс Оросын армийн зэвсэглэлээс хасагдаж байсан бирдан буутай, цөөн тооны винтов буу агссан Монголын 2000 цэрэг замдаа хүчээ зузаатгана гэсэн зорилго өвөрлөж өвөр монгол руу хөдөлсөн бөгөөд тэдэнд ердөө хоёрхон хөнгөн их буу л байсан гэдэг. Тулалдаан одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр дээр бус Өвөр монголын нутаг болсон Богд хаан Бүх Монголын хаан хэмээн нутаг дэвсгэрээ тэр чигээр нь харийнхнаас хамгаалах зорилго агуулсаныг харуулж байлаа. 1913-1914 оны хооронд явагдсан хятад, монгочуудын дайны хүчний харьцааг авч үзье л дээ. Хятадын арми нь Герман, япон улсад үйлдвэрлэгдсэн винтовоор хангагдсан 39900 цэрэг, 84 их буу, 54 пулемёттай байсан бол монголын гурван замын цэрэг нийлээд 2000 гаруй, түүний тэн хагас нь винтовтой, хоёрхон их буутай буюу зам бүр нэг их буутай байв. Бүр хожим 1915 онд монголчууд 24 мянган цэргийг зэвсэглэх чадвартай болсон гэдэг. Хүн хүчний харьцаа ийм зөрүүтэй байсан ч гэсэн байлдааны үр дүн гайхалтай байлаа.
Хятадууд анх довтолсноор Цагаан Түнгийн орчим монголчууд тосон тулалдсан байдаг юм. Анхны тулалдаан 1913 оны зургаадугаар сарын нэгэнд болоход хоёр талаас нийлээд 22 хүн амь үрэгдэж 30 гаруй хүн шархадсан гэдэг баримт бий. Хоёр дахь тулаанд хятадын талаас 200 цэрэг, монголын талаас зургаан зуун цэрэг тулалдсан бөгөөд энэ нь хятадын байнгын арми монголчуудаас хамаагүй илүү байсан гэсэн үг. Гэхдээ л тулалдааны үр дүн тооцоогоор биш жам ёсоороо монголчуудын ялалтаар төгссөн байв. Монголчууд 200 хятадыг алж, 300 орчмыг шархдуулаад 500 агтыг нь олзлон хилээсээ хөөж гаргасан байлаа. “2000″-ын эсрэг 700 хүн гэсэн тооцоогоор бол энд уг нь монголчууд ялагдах ёстой биз дээ. Энэ мэтчилэн өвөр монголд давшин орсон монголчууд хятадын байнгын армийг тулалдах болгондоо ялж байснаар барахгүй хөх хотыг чөлөөлөн Мүгдэн хүртэл давшилж чадсан байдаг юм.
Монголчууд хятадын армитай хийсэн тулаанаас олзолсон зэвсгээр өөрсдийнхөө хүчийг зузаатгаад зогсохгүй, олзолсон болон хоцрогдсон хуучин зэвсгээсээ 10925 нэгж бууг өвөр монголчуудад тараан өгсөн байдаг. Мэдээж Ар , Өвөр монголын арми дан морьт цэргээс бүрдэж байлаа. 1913 оны эхнээс дунд хагас хүртэлх зургаан сарын хугацаанд монголчууд хятадуудыг ямагт дийлж 2693 винтов, 360 мянган сум, 715 сумтай зургаан их буу, 12 пулемёт олзлон авч галын хүчээ нэмэгдүүлсэн байв. Цэргийн тоогоор бол 15 дахин цөөн, пулемётын хувьд найм дахин, их бууны хувьд 42,5 дахин цөөн монголчууд ийм амжилттай байлдаж, тулалдах тоолондоо ялалт байгуулсан нь гайхалтай юм шүү. Тэр үед их хүрээнд Манайхан урд түрэгдэж байгаа гэнэ. Харин үхэх нь гайгүй юм байх гэх мэтийн сураг дуулдаж байснаа удалгүй ялж байна гэлцэх болсон тухай өтгөс буурлууд маань хуучилдаг байлаа.
Хожим нь Хатанбаатар Өвөр монголд болсон эдгээр тулалдааны тухай Хятадуудтай байлдахад тийм ч хэцүү биш, харин хүний олноор л бүслэх гээд байх нь зовлонтой хэмээн ярьж байсан гэдэг. Мэдээж монголын арми суманд оногддоггүй дайчин баатруудаас бүрдэж байсангүй. Бүгд л буу, сэлэм барьж байсангүй. Бүгд л буу сэлэм барьж үзээгүй шахам жирийн малчид ард байсан юм. 1914 он гэхэд Өвөр монгол дахь монголчууд бүгд хиар цохиулан устаад дуусах ёстой байв. Гэтэл ялагдаагүйгээр барахгүй 1914 оны эцсээр болсон Хиагтын гэрээний дараа Богд хаант монгол улс цэргээ татахад Өвөр монголын нутагт Хтадын эсрэг 8000 морьтон тугаа өргөсөөр тэмцлээ үргэлжлүүлэн хоцорсон байдаг билээ. 1913 онд монголчууд өвөр монголыгоо хар хятадын савраас нэг мөсөн чөлөөлж чадаагүй боловч халхын нутгаас цэрэглэн очсон монголчуудын хүчинд өвөр монголчууд 1959 оны их халдлага хүтэл газар нутаг дээрээ дархан эхтэй амьдарч байлаа.
Мөн бидэнд тулах хүч, туслах ах дүүс байгаа гэсэн итгэл тэдэнд үлдсэн байлаа. Хамгийн гол нь монголчууд хэзээ ч хятадуудад ялагдахгүй. Хятадтай байлдахад гарцаагүй ялдаг гэсэн омогшил зориг ар өвөр монголчуудад үлдсэн бөгөөд энэ зоригийн хүчээр 1920-1921 оны үед Халхад цөмрөн орсон хар хятадын 40 мянган хүнтэй армийг юу ч үгүй болтол нь бут нэргэжээ. Хиагтын дэргэд бөөгнөрч байсан 10 мянган гамин руу 400 монгол морьтон сэлмээ өргөөд дайрахад Генерал Жан У тэргүүтэй 9000 хятад цэрэг Хиагтаас урагшаа эргэн зугтааж, Улаан хадны дэргэд Барон Унгерны цөөн цэрэг болон барга цахар, халхуудаас бүрдсэн цөөн монголчууд угтан цохиж байлаа.
Монголчууд хөөрүү, ойворгондоо хятадын цэргийн дайтах чадварыг голж хятадын цэргийн сүр хүч гэх мэт үгэнд тоомжиргүй ханддаг юм биш. Хэдэн мянган жилийн турш хаяа зэрэгцэн оршихдоо тэднийг байнга ялж, буулгаж авч байсан учраас омог бардам байдаг билээ. Энэ сүр жавхлант бодол маань өнөө цагт өнгө мөнгөнд дарагдан мөхчихгүй бол өнө мөнхөд бидний дотор оршсоор, биднийг хурцалсаар, хамгаалсаар байх нь тодорхой.
Б.Мөсөн
agshin.mn
URL: