“УБТЗ”-ын дарга Г.Сэрээнэндоржид Монголоо гэсэн сэтгэл алга уу?
Энэ түүх ингэж эхэлсэн юм. АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл 2007 оны есдүгээр сарын 12-нд Вашингтонд хуралдаж Монгол Улстай компакт гэрээ байгуулах, нийт дөрвөн төсөлд зориулан 285 сая ам.доллар олгохоор шийдвэрлэжээ. Энэ баярт мэдээг тухайн үед АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтон Ерөнхий сайд М.Энхболдод мэдэгдэж байв. АНУ-ын талаас Монгол Улстай таван жилийн хугацаатай Ерөнхий гэрээнд эдийн засгийн гол тулгуур боловч одоогоор хүнд байдалд байгаа төмөр замын үр ашигтай ажиллагаа, хүчин чадлыг сайжруулахад 188 сая ам.долларын хөрөнгө оруулах гэж буйгаа онцолсон байдаг. Мөн хөрөнгийн эрхийн бүртгэлийн төсөлд 23 сая, мэргэжлийн боловсролын төсөлд 25 сая, эрүүл мэндийн төсөлд 17 сая ам.долларыг зарцуулахаар гэрээнд тодорхой заасан.
Гэтэл 2009 оны дөрөвдүгээр сарын дундуур Мянганы сорилтын сангийн тусламжтай холбоотой дуулиан дэгдэв. Энэ нь Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлэхээр гэрээ байгуулаад хоёр жилийн нүүр үзэж буй 188.38 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэхээс татгалзах нь тэр. Дэлхийн эдийн засгийн хямрал болж санхүү, эдийн засгийн хүндрэлд нэрвэгдэн, ачаа тээвэрлэлт, транзит гээд хамаг мөнгөний урсгал нь “ширгэж” байсан тус байгууллага 188 сая ам.долларын буцалтгүй тусламжаас айж, татгалзсан шалтгаан нь юу байв. Олон нийт хамгийн түрүүнд Оросын талыг шүүмжилж байв. Энэ нь ч аргагүй юм. Учир нь оросууд “Авч болохгүй” гээд гэдийжээ.
Төмөр замын дэд бүтэц, техник, тоног төхөөрөмж нь хоцрогдож “орчин цагийн” төмөр замын тээвэрлэлт, үйлчилгээний эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаагийн хохирогч нь зөвхөн монголчууд. Энэ нөхцөлд УБТЗ, тухайн үеийн ЗТБХБЯам нь төмөр замын техник, технологийн хоцрогдол гадаад худалдааны өсөлт, инфляци нөлөөлж эдийн засгийн ноцтой хүндрэл үүсгээд байгааг хараад зүгээр сууж чадсангүй. Тиймээс ч тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх УБТЗ-ын Ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийг ахалж байгаагийн хувьд Оросын талын гурван гишүүн, тодруулбал “Морозов”-уудтай муудалцаж байсан нь үнэн юм билээ.
Оросын тал 188 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж “УБТЗ”-ын суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийн шинэчлэхийг яасан ч зөвшөөрөхгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогссон. Тэр ч байтугай АНУ-ын “Грант Торонтон Амиот”, Монголын “Онч аудит” компаниуд аудит хийх гэтэл “УБТЗ”-ын Ерөнхиий хорооны гишүүд аудит хийлгэхэд саад учруулсаар байв. Мянганы сорилтын сангийнхан “Аудит хийхгүй бол төсөл хэрэгжих боломжгүй. Яагаад аудит хийж эхэлчихээд байхад зогсоосон шалтгаанаа албан ёсоор хэлээгүй” гэсэн хариу өгчээ.
Ингээд АНУ-ын талаас хөрөнгө оруулалт хийх, Монголын төмөр замын технологи шинэчлэгдэхийг оросууд хүсээгүй гэдэг хөгийн шалтгаанаар “УБТЗ” дахин “клиник үхэл”-д хүрэв. Монголчууд үүнд тун их харамссан. Хэдийгээр Ерөнхий хорооны орос гишүүд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт аудит хийлгэхгүй байгаа шалтгаан нь хувьдаа хөрөнгө завшсан асуудал, эсвэл ямар нэг хууль бус наймаа тээвэрлэдэг байсан нь илэрнэ гэж айснаас болсон гэдэг хардалт байсан.
Харамсалтай нь Мянганы сорилтын сан уг хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахгүй бол дүрмийн дагуу буцааж татахаа мэдэгдлээ. Мэдээж Оросын нөлөө, дарамт шахалтаас болоод тэр шүү дээ.
Хүний зүгээр өгч байсан мөнгийг аваагүйгээс Монголын нийгэмд уур амьсгал сайнгүй маш сайн мэдэрсэн Оросын тал дээрх үйл явдлын дараа “арилжааны” гэмээр нэгэн мэх хэрэглэсэн. Ингэхдээ “УБТЗ” нийгэмлэгийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлье. “Орос, Монголын тал тус бүр 125 сая ам.доллар гаргаад УБТЗ-ын техник, технологийг шинэчлэн сайжруулчихаж яагаад болохгүй гэж” гэсэн саналыг тэд тавьсан юм. Хөөрхий, тухайн үеийн эрх баригчид ярвайгаад ч гэсэн алга ташихаас өөр арга байсангүй. Оросын тал 125 сая ам.доллартаа зүтгүүр өглөө. Яагаав, дараа нь Хятадаас зүтгүүр авахад “УБТЗ-д Хятадын зүтгүүр явуулахгүй” гээд тэмцэлдээд байсан даа.
Тэгснээ манай талын оруулж байгаа 125 сая ам.долларын 55 сая ам.долларт нь заавал Оросоос зүтгүүр ав гээд дахин шахалт үзүүлэв. Ингээд цаана нь 70 сая ам.доллар үлдэхэд Монголын талын саналын дагуу дохиолол холбооны байгууламжаа шинэчилж болно гэж арайхийн зөвшөөрлөө.
“УБТЗ” ХНН-ийн суурь бүтцийн дохиолол холбооны байгууламжийн шинэчлэл болон автомат хориглолтын системийн тоног төхөөрөмж нь Европын холбооны улсын стандартад нийцсэн байх нь зүйтэй гэдгийг Засгийн газрын 2012 оны аравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийнхаа дагуу Зам, тээврийн яамнаас Олон улсад нээлттэй тендер зарлалаа.
Тендерт Германы алдарт “Siemens” компани түншүүдийнхээ хамтаар шалгарав. “Алдаа гарах магадлал нэг тэрбумд нэг тохиолддог” гэгддэг тэдний технологи дэлхийд алдартай. Энэ технологийг нэвтрүүлснээр өнөөдөр жилд 21 сая тонноор хэмжигдэж буй ачаа тээвэрлэлтийн хэмжээ жилд 34 сая тонн-д хүртэл нэмэгдэх тооцоо гарчээ. Тэгэхээр яамныхан ч, төмөр замынхан ч баярлах нь аргагүй.
Гэтэл 2014 онд ч байдал хэвээрээ ажээ. Дахиад л оросууд цамнаж гарав. Уг нь Оросын талын хүслээр бол “РЖД” болон “Bombardier”-ын хамтарсан компани шалгарах ёстой ажээ. Гэвч манай холбогдох газрууд “ РЖД-ийн өөрийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байх тул сонирхлын зөрчилтэй байна. Монгол улсын олон хуулийг зөрчинө” хэмээн тайлбарласан ч оросуудад таалагдаагүй тул УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндоржийг дарамталж тендерийн үнэлгээний хорооны бүтцийг өөрчлүүлснээр шалгаруулалтыг хүчингүйд тооцов.
Зөвхөн УБТЗ-ын дарга Г.Сэрээнэндоржийг төдийгүй “РЖД”-ийн Ерөнхийлөгы В.Якунин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Санкт Петрбургт айлчлах үеэр ч “Siemens ялсан байна. Зөвшөөрөхгүй. Тохирсон ёсоор хийхгүй бол Г.Сэрээнэндоржийг чинь хална” хэмээн шахалт үзүүлжээ. Үүнээс айсан Сэрээндорж гэдэг дарга өөрийн суудлын төлөө УБТЗ-ийн эрх ашгийн эсрэг ажиллаж эхэлжээ. Нэгэнт Монголын эрх ашгийн төлөө дуугарч чадахгүй бол орос, монгол даргын ялгаа байна уу.
Хачирхалтай нь дээрх тендерийг зарлаад удаагүй байхад “РЖД” болон түүний хамтрагч Bombardier компанийн удирдлагууд Зам, тээврийн яамныхантай уулзалдахаар нэлээд хөөцөлдсөн ч “хэрэгтэй” хүнтэйгээ уулзаж чадаагүй аж. Энэ бол мөн л нөлөөлөх, тохиролцох оролдлого. “УБТЗ-ын” Г.Сэрээнэндорж ийм оролдлогоос, тодруулбал “РЖД” компанийнхнаас хаашаа зугтах билээ.
Ийнхүү Оросын тал “УБТЗ-ыг дэлхийд алдартай орчин үеийн технологи хэрэглэж болохгүй. Зөвхөн орос технологи ашигла, Оросын өгсөн техник, тоног төхөөрөмж, зүтгүүр бүхнийг хуучин ч гэсэн дуугүй ав. Гэхдээ дэлхийн зах зээл дээрх үнээр шүү!” гэсэн болхи шаардлага тавьж байна. Үүнийгээ үгээр бус үйлдлээр илэрхийлээд байхад дуугүй суугаад байгаа “УБТЗ”-ын дарга Г.Сэрээнэндорж монгол хүн мөн үү. Гэтэл дэлхийд гайхагдсан технологио санал болгож олон улсын нээлттэй тендерт ялсан “Siemens” компанийг хүлээн зөвшөөрч байгаа Зам, тээврийн сайд эцэстээ “70 сая ам.долларын төлөө үндэстэн дамнасан эдийн засгийн луйварчидтай ганзага нийлсэн” болж таарав. Нээлттэй тендерт шударгаар ялсан “Siemens” компани эдийн засгийн луйварчин гэж үү? Арай л хэтэрсэн гүтгэлэг биш гэж үү?
Зөвхөн энэ 70 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар дохиолол холбооны системийг шинэчилснээр ачаа тээвэрлэх хүчин чадал одоо байгаагаас 60 хүртэл хувиар нэмэгдэнэ. Транзит тээврийн тариф, ачаа тээвэрлэлтийн хугацаа багасч, хүчин чадал нэмэгдэх, улмаар дэлхийд тоогдох, үнэлэгдэх, сонгогдох боломжтой болно. Эдийн засгийн өсөлтийн том үр дүнг зөвхөн энэ ажил дээр анализ хийгээд ажиглаж ч болох юм. Тэгэхээр аль нэг бизнесийн бүлэглэлийнхний “зууш” нь УБТЗ байгаад, түүний дарга нь тус бүлэглэлийн гар хөл болов уу гэдэг эргэлзээ, хардлага төрж эхэллээ.
http://uls.mn/politic.html?id_28740
URL: