Цэнхэр дуулгатан албан хаагчид НҮБ-ын медалиар энгэрээ мялаалгалаа
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын III батальонд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Байгууллагыг төлөөлөн үүрэг гүйцэтгэж буй 5 офицер, 13 ахлагч ажиллагааны газар орон дээр хариуцлагын 3 бүсэд хуваагдан, үүрэг гүйцэтгэж байна.
Батальоны үндсэн байрлал болох Юнити мужийн Бентью хотын НҮБ-ийн баазад 10 албан хаагч, Париан сууринд үүрэг гүйцэтгэж байгаа 3 дугаар мотобуудлагын ротод 8 албан хаагч, Баруун Бахар Эль Газаль мужийн Вау хотын НҮБ-ийн баазад үүрэг гүйцэтгэж байгаа 2 дугаар мотобуудлагын ротод 2 албан хаагч тус тус өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга бат ёс зүйтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Батальоны нийт бие бүрэлдэхүүн болон ШШГБ-ын энхийг сахиулагчид 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, морин цагт хүндэт харуул жагсаж, НҮБ-ын Хүчний командлагчийг угтан авсанаар НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа болсон юм.
Батальоны бие бүрэлдэхүүн НҮБ-ын хүндэт, зочид төлөөлөгчдөд ёслолын жагсаалаар хүндэтгэл үзүүлэн, жагсаалын, гардан тулааны болон урлагийн тоглолт үзүүлж Монгол цэргийн сүр хүчийг гайхуулан, баяр наадмын өдрүүдийг баяр баясгалан, шагнал урамшууллаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлжээ.
Мөн үеэр 32 бөхийн барилдаан болж ШШГБ-ын албан хаагч ахлагч, сумын заан Ж.Түвшинтөр түрүүлсэн байна.
Монцамэ агентлаг
URL: