ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ХҮН ӨШӨӨТЭЙН ҮЛГЭР ЗЭВСЭГТ ХҮЧИНД АМИЛЖ БАЙНА

БХЯМанай сонин батлан хамгаалах салбар зэвсэгт хүчинд сүүлийн үед гараад байгаа хэрэг зөрчил, түүний шалтгаан нөхцөл болсон хариуцлагагүй байдал, дарга нарынх нь ёсзүйгүй явдлын талаар бичиж байгаа. Бичих ч эрхтэй, нийгмийн захиалгаар. Энэ салбар дахь болж бүтэхгүй байгаа юмны талаар зөвхөн сэтгүүлчид ч биш ажилтнууд нь далдуур сэм шивнэлдэх бус ил тод хэлж ярьж, хэвлэлд бичээд эхэлжээ.

Толгой хагаравч малгай дотроо, гар хугаравч ханцуй дотроо гэдгээр өнгөрсөн хавар салбарынхаа долоо хоног тутмын сонинд Жанжин штабын нэг ажилтан нь Зэвсэгт хүчний анги байгууллагад хэн бүхний нүдний өмнө ил болж байдаг нийтлэг зөрчил дутагдлууд энэ салбарын урагшлах хөгжилд саад болж байгаа тухай бичжээ.

Харамсалтай нь Зэвсэгт хүчний удирдлага  тэрхүү өгүүлэлд дүгнэлт хийж болж бүтэхгүй байгаагаа засч залруулан, ажлаа сайжруулахын оронд бичсэн офицерыг нь шийтгэж захиргааны саналаар тэтгэвэрт нь гаргахаар болсон аж. Тэрхүү өгүүлэлд анги, байгууллагын удирдлагууд ажлаа явуулахад хүрэлцдэггүй төсвийн мөнгөөр бие биенээ урамшуулж, бас ангид нь зочилсон удирдах дээд албан тушаалтанд мөнгөн аяга авч бэлэглэдэг тухай бичсэн юм билээ. Гэвч Зэвсэгт хүчний жанжин штабын дээд тушаалын зарим генерал, хурандаа үүнд ихэд эмзэглэж, тун ууртай хүлээн авсан гэнэ. Уг нь тэрхүү өгүүлэлд хэн нэгэн албан тушаалтны нэр, цол зэрэг дэвийн талаар болон анги байгууллагын нэр дугаарыг дурдаагүй атал дээд тушаалын дарга нар нь их сандралдан зэвүүцсэн юм байх.

Эрхэм нийтлэлч Баабарын 2008 онд бичсэн нэгэн өгүүлэлд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тухай “Мань хүн Буддагийн чандар авч ирээд энэ бол тахианы яс биш шүү, ийм цуу гарах бий гэж анхааруулна. Тэгээд байхыг бодоход тахианы яс л байж таарна” хэмээн ёгтолсон байдаг. Түүн лүгээ адил нэр ус, цолыг дурдаагуй байхад ихэд эмзэглэн цочирдсоныг бодвол тэдгээр генерал, хурандаа нар шалгалтаар очсон цэргийн ангиудын дарга нараас мөнгөн аяга бэлгэнд авдаг нь үнэн болоод л ундууцсан байх. Хамгийн хачирхалтай нь тэдний дотор барууны орнуудад боловсрол эзэмшсэн генералууд ихэд эмзэглэсэн юм байх. Уг нь тэд хууль дээдэлдэг улс орнуудын цэрэг армиас сурч судлахаар чамгүй олон удаа хилийн дээс алхдаг. Тэгж явахдаа тэдний баримталдаг ёсзүйгээс суралцсан л баймаар. Тэр утгаараа сонинд гарсан зүйлд зэвүүцэж хорсох биш харин ч дүгнэлт хийж энэ байдлаа арилгах бас гаргуулахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой юмсан. Харамсалтай нь эрхэм дарга нараас тийм зүйл хүлээгээд нэмэргүй нь тун ч удалгүй ил тод болжээ.

Тэрхүү өгүүлэл сонинд гарсны дараахан нэг өдөр Жанжин штабын хэдэн дарга үдийн хоолныхоо дараа гадаа тамхилангаа хэвлэлд элдэв зүйл бичсэн офицерыг хугацаанаас нь өмнө тэтгэвэрт гаргах, бүр тэтгэвэр ч үгүйгээр зайлуулах талаар ярилцсан нь “салхиар туугдаад” бусдад ил болсон байтал том дарга нар ярьснаа ажил хэрэг болгож өнөөх офицерын албан тушаалыг ч бууруулалгүйгээр шуудхан тэтгэвэрт нь гарган зайлуулах шийдвэрийг саяхан гаргажээ.

Том дарга  нарын тамхилах   зууртаа гаргасан “мэргэн” санаанд ташуур өгч нэрмээс болгосон гол эзэн нь сонинд шүүмжилж бичсэн офицерыг шууд хариуцсан дарга нь болох Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын орлогч, хурандаа Г.Баярсайхан аж. Хурандаа Г.Баярсайханыг шалгалтаар явсан ангиудаасаа шатахуун авч завшдагийг ажилтнууд нь мэднэ. Эгдүүцэж дургүйцсэн Хяналт шинжилгээ үнэлгээний газрын ажилтнууд орлогч дарга Г.Баярсайханаас энэ хууль бус явдлаа зогсоохыг шаардаж хүртэл байсан аж. Захирагдагсдынхаа хэлснээс сургамж авч өөрөө өөртөө дүгнэлт хийхийн оронд хурандаа Г.Баярсайхан ажилтнуудаа хавчин гадуурхаж халах, шилжүүлэх, тэтгэвэрт гаргахаар дарамталдаг болсон гэнэ. Эхний ээлжинд сонинд элдэв зүйл бичсэн дэд хурандааг тэтгэвэрт нь гаргахаар Жанжин штабын зарим удирдах дарга нарт тэр дундаа өөрийн хамаатан ах ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавтаа худал үнэн хов-зөөж, хор найруулсан нь үр дүнгээ өгчээ.

Үхэр унасан хүнд нохой өшөөтэй, үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэйн үлгэрээр алдаа оноогоо засах санаа өгөх зорилгоор салбарынхаа сонинд сайн муугаа ил тод бичсэн эгэл жирийн нэгэн офицер хууль зөрчин дураараа авирладаг хэдэн дарга нарынхаа дарамтын бай болсон байна. Ийм байхад энэ салбараас осол гэмтэл, хэрэг зөрчил яаж тасрах билээ дээ.

Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар дарна гэгчээр гадаадад энхийг сахиулж яваа цэрэг дайчдынхаа өндөрт өргөсөн нэр хүндийг дотоодод хэдхэн увайгүй дарга нарын хариуцлагагүйгээс үүдэлтэй бараан мэдээ харлуулахад хүргэж байна.

 

Ц.АРИУНСАНАА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих