Ядуурал, тэгш бус байдал, Монголын эдийн засгийн сөрөг үр дагавар
САН-ФРАНЦИСКО. /In Asia/. Уул уурхайн эрчимтэй хөгжлийн ачаар эдийн засаг нь хоёр оронтой тоогоор өссөн Монгол Улс нь сүүлийн дөрвөн жил эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улсуудын тоонд багтсан. Энэ өсөлтийн нөлөө илэрхий ажиглагдаж байна.
Ялангуяа, нийслэл Улаанбаатар хотод тэнгэр баганадсан барилгууд олноороо баригдаж, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд худалдан авагчдыг татсаар байна. Гэвч эдийн засгийн өсөлт нь саарч байна.
Азийн хөгжлийн банкны урьдчилсан таамаглалд дурдсанаар, тус улсын эдийн засаг энэ онд нэг оронтой тоогоор буюу 9,5 хувиар өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, 2011 онд 17,5 хувиар өссөн Монголын эдийн засаг 2012 онд 12,3 хувь, 2013 онд 11,7 хувь болон буурсаар байна.
Монголын эдийн засгийн өсөлт буурч байгаад хэд хэдэн шалтгаан бий. Эдийн засаг нь уул уурхайн салбарт түшиглэсэн учир дэлхийн зах зээлд экспортын хоёр гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ унаснаар, экспортын орлого нь 800 сая доллароор буурч, Монгол Улсад сөргөөр нөлөөлж байгаа билээ.
Уул уурхайн хэлэлцээрүүд, лиценз, зохицуулалтын тогтолцооны тогтвортой байдалтай холбоотой хөрөнгө оруулагчдын аюултай байдал зэргийн улмаас өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 54 хувиар буурсан нь өөр нэг хүчин зүйл юм.
Гэхдээ Монголын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд ядуурлыг 11 гаруй хувиар бууруулахад (2010 онд 38,7 хувь байсан бол 2012 онд 27,4 хувь болж буурсан) тусалснаас харвал уул уурхайн баялаг бусдаас илүү ашиг тусаа өгч байгаа нь илэрхий. Харин орлого хуваарилалт төдийгүй сайн боловсрол, ажлын байр болон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд тэгш бус байдал газар авсаар байна гэж олон хүн үзэж байна.
Хот сууринтай /23,2 хувь/ харьцуулахад хөдөө орон нутагт /38,7 хувь/ ядуурлын түвшин хамаагүй өндөр байгаа бөгөөд залуучуудыг ажлын байраар хангалттай хангахгүй байна.
Шинээр танилцуулсан “Орон нутгийн хөгжлийн сан” нь шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах замаар орон нутгийн түвшинд эдийн засгийн хөгжлийг сайжруулж, амьжиргааг дэмжих зорилготой юм.
Гэсэн хэдий ч эдийн засгийн байдлаа сайжруулна гэсэн найдлага тээсээр олон хүн хөдөөнөөс хот руу шилжсэнээр хотжилт /хүн амын 60 хувь нь хотод амьдарч байна/ улам хүрээгээ тэлж байна.
Эдгээр шилжин суурьшигчийн олонх нь сургууль, цэвэр бохирын шугам, дулаан, сургууль болон цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй, ямар ч төлөвлөгдөөгүй суурин болох хотын захын гэр хорооллуудад амьдардаг.
Мөн мэргэжлийн ур чадвар олгох сургалт дутагдалтай байгаа учир шинэ оршин суугчдад албан ёсны ажлын байрны салбар, тухайлбал, уул уурхайн салбарт ажилд орох боломж хомс байна. Тэд голдуу албан ёсны бус, цалин багатай ажлыг аргагүй эрхэнд хийж байна. Зарим нь ажилгүйчүүдийн эгнээг тэлж байна. Үүний уршгаар, Улаанбаатарын ядуурлын түвшин 2012 онд 19,8 хувь болсон.
“Эдийн засгийн өсөлт саарч байгаа нь ядуурлын түвшин, орлогын тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?” гэсэн асуулт гарч байна. 2013 онд инфляцын түвшин өндөр буюу 12,4 хувь болсны улмаас Улаанбаатарын амьжиргааны өртөг нэмэгдсээр ирсэн. Тухайлбал, хүнс, өргөн хэрэглээний бараа, тээвэр, орон сууц болон цахилгаан эрчим хүч зэрэг үйлчилгээний үнэ эрс өссөн билээ.
Тус улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгаа сэргээх зорилго бүхий “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө”-г өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан.
Мөн өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын парламентын баталсан 50 тэрбумын багцынхаа хүрээнд дэд бүтэц, уул уурхай, үйлдвэрлэлийг хөгжүүлж, жижиг-дунд бизнес эрхлэгчдийг хөхүүлэн дэмжихээр Ерөнхий сайд амласан юм.
Санал болгосон арга хэмжээнд эдийн засгийн чөлөөт бүсүүд байгуулах, өрийн менежментийг сайжруулах, зээл, лизинг зэрэг үйлчилгээг уян хатан байлгахаар заажээ. 50 тэрбумын багц хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, гол шинэчлэлүүдэд Ерөнхий сайдад зөвлөгөө өгөх ажлыг эдийн засгийн зөвлөлдөө даалгасан байна.
Хэрвээ хотжих хандлага үргэлжилсээр байвал Улаанбаатар хэмжээ, эдийн засгийн ач холбогдлын хувьд ч улам өргөжин тэлж магадгүй. Богино хугацаанд эдийн засгийг сэргээхэд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэ төлөвлөгөө чухал алхам болох хэдий ч эдийн засгаа төрөлжүүлэн сайжруулж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой болгоход урт хугацааны төлөвлөгөө хэрэгтэй гэж “The Asia Foundation ” ашгийн бус, ТББ-ын мэргэжилтэн Тирза Тхеуниссен бичжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: