Жуулчдыг татах биш үргээсээр байх уу?
Манай улс өнгөрсөн жил жуулчлахад таагүй орны тоонд бичигдсэн нь олныг цочоосон. Тиймдээ ч энэ жил жуулчдыг татах гэж хэрэндээ л хичээж байгаа. “Найрсаг Улаанбаатар” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж жуулчдад үйлчилдэг байгууллагуудыг инээмсэглэж угтахыг уриалахын зэрэгцээ соёлтой харилцахыг хотын дарга үүрэгджээ. Нийслэлийн бэлгэ тэмдэг болсон хангарьд шувууныхаа дүрсийг хүртэл инээмсэглэж байгаагаар хийлгэнэ гэсэн хөгтэй яриа хотын захиргаагаар тархаад байлаа. Гэвч одоохондоо үр дүн гараагүй л байна. Гадныхны үзэхийг тэмүүлдэг баярын нэг наадам өндөрлөв. Гэвч жуулчид сэтгэл дундуур яваагаа хэлж байсан. Наадмын хуушуур, хурдан морины уралдааныг эс тооцвол үзэж харах зүйлээр маруухан гэдгийг нуусангүй. АНУ-аас ирсэн жуулчин эмэгтэй “Эзэн Чингисийн нутаг гэдгээр нь бид мэддэг.
Олон зууны түүхтэй үндэстэн боловч бахархаад харуулах зүйл байхгүй бололтой. Түүх дурсгалын зүйлээ уламжлуулж чадаагүй юм болов уу гэсэн сэтгэгдэл төрлөө. Бид аль нэг улс оронд очихдоо үндэсний бахархал болсон үзмэрийг нь хамгийн түрүүнд сонирхдог. Гэтэл Улаанбаатарт үзэх зүйл бараг алга. Хөгжиж буй олон орноор очиж байлаа. Улс бүр түүхээ гэрчлэх сайхан зүйлтэй байдаг. Харин Улаанбаатарт би тийм юм олж харсангүй” хэмээж байсан. Германы нэгэн жуулчин “Тэрэлж” амралтын газарт очоод цахилгаан тасраад хоёр хоноход аргаа бараад буцсан тухай хөтөч нь ярьж байв. Энэ бүхэн манай улс жуулчдыг татах бодлогогүйтэй холбоотой. ССАЖЯ гэж том газар байдаг ч дорвитой ажил хийдэггүй. Уг нь ССАЖ- ын сайд Ц.Оюунгэрэлийг гадаад явж галуу шувууны мах идсэн, тэр ч бүү хэл гадны хүнтэй ханилсан болохоор ядаж бусад орноос суралцаад олон ажил хийж хэрэгжүүлэх байх гэж найдаж суулаа. Уналтад орчихоод байгаа аялал жуулчлалын салбарыг Ц.Оюунгэрэл сайд өөд нь татаж чадах нь. Ядаж хэдэн амралтын газар, үйлчилгээний газрууддаа ч хүртэл хяналт тавьдаггүй бололтой. Үйлчилгээний газрынхны соёл зан харилцаанаас эхлээд олон зүйл дээр жуулчдаас тааруу дүн авдаг.
Ер тэгээд сайхан үйлчилдэг байлаа ч үзэж харах сонин содон юмгүй бол жуулчид Улаанбаатарыг голох нь ойлгомжтой. Чингис хааны аян дайны түүхийг өгүүлэх цогцолбор, үндэсний соёлоо сурталчлах тусгай үзүүлбэр гэх зэрэг жуулчдын сэтгэлд таалагдах тусгай үйлчилгээ байхгүй болохоор Улаанбаатарт тогтохгүй хөдөөг зорьдог тухай аялал жуулчлалын компанийнхан ярьж байсан. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хот жуулчдын нүдийг хужирлах зүйлээр маруухан байна гэдэг ичгэвтэр биз. Нийслэлд нэг жуулчин хоноод явахад 90 долларын орлого оруулдаг, 20 орчим ажлын байр гардаг гэсэн судалгааг холбогдох газраас гаргасан байна билээ. Нийслэлийн аялал жуулчлалын газраас гаргасан судалгаагаар 2012 онд 475 мянга 917 жуулчин иржээ. Харин 2013 онд 417 мянга 815 жуулчин хүлээн авчээ. Эдгээрээс 130 орчим мянга нь цэвэр жуулчлах зорилгоор ирдэг бол бусад нь албан ажлаар, бизнесийн чиглэлээр ирдэг гэсэн судалгаа гаргажээ. 2012 оныхоос 2013 онд ирсэн жуулчдын тоо 12 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ оны эхний зургаан сарын байдlаар ирсэн жуулчдын тоог нарийн гаргаагүй ч 2013 оныхоос өсөх хандлага ажиглагдахгүй байгаа гэж аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг компанийхан дуулгаж байв. Монголд нэг удаа ирээд буцсан жуулчин дахиж ирэх талаар бараг ам ангайдаггүй гэж хөтөч нар нь хэлдэг юм билээ.
Дорнодтой хил залгаа Хятадын Манжуур л гэхэд жилд гурван сая жуулчин хүлээж авдаг тухай хотын удирдлагууд нэгэнтээ ярьж байсан. Бид аялал жуулчлалыг хөгжүүлж ашиг орлогоо нэмэгдүүлж чадсан газраас туршлага суддах хэрэгтэй бололтой. Хотын дарга Э.Бат-Үүл 2030 он гэхэд таван сая жуулчин хүлээж авна гэсэн ам өчиг өгч байгаа. Гэвч амаараа яриад л болчихдог ажил биш. Ядаж харуулах зүйлтэй, соёлтой үйлчилдэг байх нь чухал. Түүний төлөвлөснөөр бол архитектурын өвөрмөц шийдэлтэй, дурсгалт газруудыг сэргээн засварлах, хотын түүхтэй холбогдох онцлог газруудыг тэмдэгжүүлэх, тохижуулах, жуулчдад ээлтэй мэдээллийн дэд бүтэц, тохижилт, Жуулчны гудамжны тохижилт, соёлын аялал жуулчлалын үзмэр бүхий амралт, аялал жуулчлалын цогцолборуудыг барьж байгуулах гээд олон ажил хийж хэрэгжүүлэх юм байх. Зөвхөн үүгээр ч тогтохгүй нийслэлийн Налайх дүүрэгт “аялал жуулчлалын жишиг суурин” байгуулах, Гандангийн дэнжийг шашин, соёл, гар урлалын дүүрэг болгон хөгжүүлэх, “Монгол наадам” цогцолборыг аялал жуулчлалын хотхон болгон өргөжүүлэх зорилт тавьснаа дуулгаж байсан. Гэхдээ энэ бүх ажлыг эхлэл тавигдаагүй л байна. Бүхэл бүтэн бодлого тодорхойлдог яам нь унтаа байдалтай байхаар аялал жуулчлалын салбар хэзээ хөл дээрээ болох бол гэсэн хүлээлттэй он жилүүдийг үдсээр. Зөв бодлогоор хөгжүүлж чадвал манай улсад чамгүй ашиг орно гэж эдийн засагчид хэлдэг. 2010 онд л гэхэд аялал жуулчлалын салбарын орлого 222 сая гаруй ам.долларт хүрсэн байдаг. Энэ нь 2009 оныхоос есөн сая гаруй ам.доллараар нэмэгдсэн тооцоо гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсан. Тэгэхээр бодлого дутагдаад байна гэсэн үг. Үнэнийг хэлэхэд зах зээлд шилжих үед жуулчны компанид ажилладаг байсан хөтөч нар аялал жуулчпалын салбарыг өөрсдийн туршлагаараа хөгжүүлж байгаа гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрдөг.
Мөн сүүлийн үед сургууль төгсч байгаа хөтөч тайлбарлагч нар жуулчдын сэтгэлд хүрдэггүй байна. Нэгэн жуулчны компанийн жолоочийн хэлснээр ёс заншлаа ч бүрэн мэддэггүй хүмүүс хэлмэрч хийдэг аж. Энэ мэтээр аялал жуулчлалын салбар бүхий л талаар уналтад орчихжээ. Харин одоо өөд нь татах цаг болсон. Гэвч салбарын яам нь нүдэн балай чих нь дүлий суусаар. Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнууд жуулчдыг татах талаар цогц бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ жилдээ хэд хэдэн удаа олон улсын хурал зохион байгуулж өөрсдийн хөтөлбөрөө гадны төлөөлөгчдөд танилцуулдаг тухай аялал жуулчлалын компанийхан ярьж байсан. Гэтэл манайх зөнд хаячихаад хайхардаггүй. Жуулчдыг татах биш үргээсээр байх уу, Д.Оюунгэрэл сайд аа.
URL: