Ерөнхий сайд Н.Алтанхуяг тендергүйгээр их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтууд дэлгэгдлээ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар иргэн Т.Сайнжаргал, Б.Энхбаяр нар хандсан.
Учир нь 2013 оны улсын төсвийн гүйцэтгэлийн хүрээнд Ерөнхий сайдын багцад батлагдсан 50 тэрбум төгрөгийн санхүүжилтэд хууль зөрчсөн, зориулалтын бус эх үүсвэрийг санхүүжүүлэхэд багагүй хэмжээний хөрөнгө зарцуулсан зүйлс бий гэж тэд үзсэн байна. Энэ тухай өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа. УИХ 2013 оны төсөвт Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөгийг ямар нэгэн задаргаа, нарийвчилсан хуваарьгүйгээр задгай баталсан бөгөөд энэхүү мөнгийг долоон багц арга хэмжээнд зарцуулахаар тооцсон байдаг гэнэ. Гэтэл тэрхүү багцад огт тэд тайлбарлав.
Тэдний баримтад дурдсанаар Ерөнхий сайд 2013 оны зургадугаар сарын 28-ны өдөр 101 тоот захирамж гарган, “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрт 293,1 сая төгрөг, “Нүүдлийн зурган өгүүлэмж” байгууллагатай хамтран ”Бумбардай” хүүхдэд зориулсан комикс цуврал ном бүтээхэд 255,6 сая төгрөг шилжүүлэх эрхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Ч.Сайнбилэг, Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбасүрэн нарт олгосон байна. Энэхүү захирамжийг гарах үед ЗГХЭГ дээрх байгууллагуудтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, тендер ч зарлаагүй байхад шууд сонгож, мөнгө шилжүүлэх эрх олгосон нь хууль зөрчсөн үйлдэл ажээ. Харин гэрээ хэлцэл Ерөнхий сайдын захирамжаас долоо хоногийн дараа гарчээ.
Түүнчлэн Төсвийн тухай хуульд зааснаар 50 сая болон түүнээс төгрөгийн үнийн дүнтэй бараа, 80 сая төгрөгөөс дээш ажил үйлчилгээнд тендер шалгаруулах ёстой байтал огт сонгон шалгаруулалтгүйгээр дээрх хоёр байгууллагыг сонгосон нь ч өөрөө хууль бус гэж иргэд мэдэгдэж байна. Мөн гэрээнд захиалагчийг төлөөлж Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очирын нэр байгаа ч өнөөг хүртэл гарын үсэг зурж албажуулаагүй гэдгийг тодотгож байлаа. Энэ бүгдээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өөрийн үзэмж тааллаар дур мэдэн, ямар нэгэн тендергүйгээр гэрээ байгуулах замаар олон зуун сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтэй байгаа гэнэ. Энэхүү хууль бус үйлдлийг нягтлан шалгахыг хүссэн хүсэлтээ тэд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Хуульзүйн сайд Х.Тэмүүжин, Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарт бас хүргүүлжээ.
Эх сурвалж: khunnu.mn
URL: