Саран хөхөөний намтарыг залсан тухай
Говийн догшин ноён хутагт Данзанравжаа дууч хуурч эмс, бараа бологчдоо дагуулан Алшаа ууланд очиж дуу хуур болон хэд хоножээ. Гэтэл нутгийн ардууд энэ байдлыг үзээд “Ар Монголоос их шидтэн гэгдэгч согтуу эр олон эмс охидууд дагуулан манай энд ирж их дуу чимээ болж нутгийн ардуудын дунд төвөг удаж байна хэмээн Алша ноёнд айлтгажээ. Үүнийг дуулсан Алша ноён нь Алша ван хэмээх Агваандандар лхарамбыг дуудаж “Тэр говийн согтуу ноён хутагтаас зайлахгүй. Түүнд ид шидийг үзүүлж, ном хаялцан хөөж явуул” гэжээ. Энэхүү Алша ван хэмээх Агваандандар лхарамба нь насан өндөр боловч их газар явж ихийг үзэж ном эрдэмд нэвтэрхий боловсорсон нэгэн байв. Дандар лхарамба Данзанравжаагийнд ирж амар мэндийг асуувал Данзанравжаа хариу мэндлээд дэргэдээ байсан эрдэнийн танзан товдтой архиа барьжээ.
Дандар лхарамба “Архи уудаггүй, арван хар нүглийг тэвчиж явдаг”-аа айлдаад архинаас нь ядам хуруугаараа нанчид өргөөд эргүүлэн өгсөнд Алша ноён энэхүү Дандар лхарамбыг явуулж гэдгийг мэдээд Данзанравжаа товдтой архиа авч нэг шившээд “Үүнийг ус гээд, өөрийгөө үхэр гэж бодоод залгилчих” гэсэн гэнэ. Гэтэл нээрэн товдтой архи нь захаасаа хөөсрөн архины үнэр нь замхаран арилаад ус болсон байжээ. Ингээд тэр хоёр танилцан энэ тэрийг ярилцаад эцэст нь Дандар лхарамба “Танзан товдоо надад өгчих, над олдохгүй, чамд мундахгүй эд байна” гээд аягыг аваад өвөртөлсөнд Данзанравжаа инээгээд “Тэгвэл та надад Жамъян мядагийн догжидоо өгчих” гэжээ. Энэ нь Данзан равжаагийн “Саран хөхөөний намтар” дуулалт жүжгийн эх зохиол болох Дорно дахины их бичгийн хүн Лувсандамбийжалцаны “Саран хөхөөний тууж” байжээ.
Ингээд Данзанравжаа босож Дандар лхарамбаас адис авах гэтэл Дандар лхарамба мөн өөдөөс нь тэргүүнээ нийлүүлэн хүндэтгэлтэйгээр адислалцсан гэдэг. Дандар лхарамба Алша ноёныд очоод “Би Говийн ноён хутагтад бараалхаад ирлээ. Доогуур ярьвал Дүдгар ваанчигаас наашгүй, дээшээ ярьвал Жанчүв сэмбий са жүва товолсон байна билээ. Би мөргөсөөн” гэсэнд Алша ноён “Багш хэрвээ мөргөсөн л юм бол би очиж мөргөлгүй яахав” гэж мөн Данзанравжаад бараалхаж мөргөсөн гэдэг.
(Өмнөговь аймгийн иргэн Л.Мажаагаас 2008 онд сонсов)
URL: