Улстөрчдийн морь хэр хурдлав?

fdfrdОлны танил улстөрч эрхмүүдийн морь энэ жил өнгөтэй байна. Төрийн наадамд соёолон түрүүлүүлсэн азтай хүнээр Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн хүү, МАН-ын Бага хурлын гишүүн Г.Тэмүүлэн тодров. Тэгвэл түүний нам нэгт журмын ах, МАН-ын Булган аймаг дахь намын хорооны дарга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнийн ногоон соёолон айргийн гуравт давхилаа.

Гишүүдийнх нь морьд наадамд өнгөлсний дараа МАН-ын удирдлагууд гишүүдийнхээ хамтаар Ч.Ганзориг, Ж.Бат-Эрдэнэ нарын галд очиж бяцхан найр наадам үүсгээд амжсан. Азарганы түрүүг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн Улс халзан авна гэсэн хүлээлт наадамчдад байсан. Тэгвэл Улс халзан түрүүлээгүй ч түрүүг “Ажнай” галын уяач, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүүгийн хүү Д.Баярбатын хонгор азарга авснаар ардчилсан Ерөнхийлөгч тэргүүтэй АН-ын гишүүд түрүүлсэн азарганд хүндэтгэл үзүүлж галд нь зочилсон юм.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааны гал энэ жил дөрвөн насны морь уяж хурдлуулсан. Давхар уяатай байгаа тус галын морьдыг дараа дараагийн уралдаанд сайн давхина гэж ажиглагчид хэлж байв. Хурдан дааганы уралдаанд айргийн дөрөвт давхисан Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, “Монголын цахилгаан холбоо” ТӨК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнийн хул даагыг морь тайлбарлагчид барианд орон ортол нь түүний дүү УИХ-ын гишүүн Ж.Батзандангийнх хэмээн зарлаж байв. Энэ мэтээр олны танил, улстөрч эрхмүүдийн морь төрийн наадамд өнгөтэй давхилаа. Тэдний олонх нь удахгүй болох аймаг, сумын ой, бүсийн наадмуудыг зорьж, өөрсдийн РR-ыг хийх нь тодорхой.

Л.ХЭРЛЭН
ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих