Жудгаа гээсэн наадам
Налайж үздэг наадам маань нэгийн даваанаасаа эхлээд маргаан тэмцэл, цочир шийдвэр, зодоон цохионтой, цэнгэлийн бус болж хувирчээ.
Түрүү, үзүүр бөхөөс илүү энэ наадмын гол баатар найман жилийн дараа дэвжээндээ эргэн дэвсэн Агваансамдангийн Сүхбат аварга байсан нь гарцаагүй. Идэр залуугаараа зодог шуудгаа эвхэж, иртэй омогтой үедээ бөхийн ертөнцөөс буусан “жижиг” А.Сүхбат зэмлэл, магтаалыг зэрэг чирсээр төрийн наадамдаа зодоглолоо. Тэгэх тэгэхдээ тэр дахиад л наадамчин олны зэвүү дургүй, зэрэгцэхүйц өмөөрлийг өөр дээрээ үүрэн буцлаа.
“Улсын баяртай уралдан хүртсэн дархан аварга цол, төдийгөөс өдийг хүртэл дэмжиж ирсэн олон түмэндээ хүндэтгэл илэрхийлэх шалтгаан бий” хэмээн аварга А.Сүхбат энэ шийдвэрийнхээ талаар олонтаа хэлсэн болохоор түүний яагаад барилдсан шалтгааныг дурсах нь илүүц биз ээ.
Харин яагаад нэгийн давааны өмнө Бөхийн холбоо болон аваргуудын хооронд маргаан гарав. Яагаад адилхан цол нэмсэн Г.Өсөхбаярыгаа амлав гэх өнөөдөр хүн бүрийн аманд ороод байгаа сэдвээс бичлэгээ эхэлье.
Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Болсон явдал гэвэл наадмын өглөө, нэгийн даваа эхлэхийн өмнө МҮБХ-ноос А.Сүхбат аваргыг зүүний магнайд гаргана, гаргахгүй гэсэн маргаан өрнөжээ. Анзаарсан бол яг нэгийн давааны өмнө Г.Өсөхбаяр аварга зүүний магнайд дагавар бөхчүүдийн хамт очоод зогсчихсон, цаана нь А.Сүхбат аварга болон МҮБХ-ны удирдлагуудын дунд ямар нэгэн маргаан өрнөж байлаа. Тэр маргаан бүр даамжирч дархан аварга А.Сүхбат руу дайрч давшилсан хэрүүл болсон юм.
Угтаа бол тэр зүүний магнайд, Г.Өсөхбаяр аварга барууны магнайд гарах нь ойлгомжтой асуудал байсан. А.Сүхбат гурав түрүүлсэн, Г.Өсөхбаяр дөрөв түрүүлсэн гэдэг амжилтын тухайд бол А.Сүхбат аварга 2001 оны наадамд арав давж түрүүлсэн үзүүлэлтээрээ, түүний дараа 2004 онд эхэлж хүртсэн далай аварга цолныхоо болзлоор ч тэр өнөөдрийг хүртэл Г.Өсөхбаяр аваргын өмнө бичигдэж ирсэн нь үнэн. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хоёр бөхөд дархан аварга цол олгохдоо ч тэр эрэмбэ ёсыг харгалзаж, эхлээд А.Сүхбатад, дараа нь Г.Өсөхбаярт шинэ цол тэмдгийг нь гардуулж өгсөн учир бий.
Дархан аваргуудын цол ахисан байдал:
Ийм байтал очиж очиж наадмын өглөө “Чи зүүний магнайд гарахгүй” гэж Бөхийн холбоо бөх рүүгээ дайрсан нь, тэр тусмаа улсын наадмыг өнгөлж барилдах дархан аварга руу яагаад ааш гаргасан нь сонин. Хэлэлцэж ярилцах, маргаж мэтгэх асуудал байдаг бол түүнийг баяр наадмын өмнө нэг тийш болгох бүрэн бололцоо бий. Наадмын өглөө бөхийн асрыг хийстэл хэрэлдсэн тэр маргааныхаа талаар МҮБХ албан ёсны тайлбар өгнө гэж найдья. Жудаг ёсоо барьдаг, эрэмбэ зиндаагаа мэддэг, хүлээцтэй, уужуу хүний хувьд Г.Өсөхбаяр аварга ч гэсэндээ “А.Сүхбат зүүний магнайд гарах нь зөв өө” гээд баруун талаа эзлээд зогсч байсан бол монгол наадамд бас нэгэн ухаанаа нэмэх байлаа.
Үүнээс үүдээд нэгийн даваанаас эхлэн сэтгэлзүйн дарамт, хавчлага шахалт гэмээр орон зайтай дэвжээнд гарсан аварга гурвын даваанд Г.Өсөхбаяр аваргыг амлаж, наадамчин олны нүдийг орой дээр нь гаргах шахсан биз ээ. Аваргын энэ шийдвэрт олон түмэн дургүйцэж байгаа нь илүүтэй байх шиг байна.
Гурвын даваанд хоёр аварга хоёулаа цолоо дуудуулсан бол… А.Сүхбатын буруу гэхчлэн амтай бүхэн л ярьж байна. Нөгөө талаас нь бас харж үзэх хэрэгтэй. Аварга хүн адилхан аварга цолтноо амласан нь нь жудаг ёсны хувьд таагүй харагдах ч бөхийн ам, эрэмбийн хувьд байж болох зүйл. А.Сүхбат аваргын энэ үйлдлийг нэг талаас өөрийг нь зүүний магнайд гаргахгүй гэж зүтгэсэн хүмүүст хариу барьж буй үйлдэл гэж харах бол нөгөө талаас олон жил наадамд барилдаагүй аварга цолтон аварга цолтондоо тахимаа өгч, даваа ахиулж байгаа алсыг харсан өөрийнх нь бодол гэж зөвөөр харж болох юм. Гэхдээ аваргын энэ амын тухайд бол ард түмэн зөвхөн өөрсдийнхөөрөө хүлээн авч, тунгаан бодох асуудал билээ.
Энэ наадмаар сэтгэл эмзэглүүлсэн өөр нэг сэдэв нь бөхчүүд өөрсдөө байлаа. Нанчилдаангүй найр гэж юу байхав гэдэг шиг нанчилдаангүй наадам байхаа больжээ. Бөхчүүд маш их уур уцаартай болсон байна. Энэ жилийн наадмын дөрвийн даваанд аймгийн арслан М.Бат-Отгон улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд өвдөг шороодсоныхоо дараа босч ирээд нүүр нүд рүү нь цохиж харагдлаа. Олон түмнийг хирдхийлгэсэн энэ мэт барилдаан монгол бөхийн дэвжээн дээр тоогоо алдтал үзэгдэх болжээ. Хоёр бөхийн барилдааны тухайд М.Бат-Отгоны гар мэхэн дунд эвгүй дарагдаж унасан байх талтай ч наадмын дэвжээн дээр өрсөлдөгч бөхөө цохисон нь уучилж боломгүй үйлдэл байв. Монгол бөх ингэтлээ ёс зүйгүй, увайгүй болжээ. Хэдийгээр МҮБХ бөхчүүдийн ёс бус үйлдэлд хариуцлага тооцдог болж, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах шийтгэлийг өгч байгаа ч бөхийн жудаг ёсыг хичээх нь шийтгэлээр шийдэгддэг, хичээлээр сурдаг зүйл биш юм. Өнөө цагт хэдийгээр барилдах бөхийн тоо өсч, зодоглох барилдаан олширч байгаа ч үндэсний бөхийг хүндэтгэх үзэгчдийн тоо өдрөөс өдрөөс буурч байгааг санах хэрэгтэй.
Үзэгчид одоо барилдаан үзээд цэнгэх биш хэн нь хэнийгээ цохиод авчих бол гэсэн битүү айдастайгаар бөхөө үзэж байна. Бөхчүүд унаж чадахаа байжээ. Зөв ч байсан дэвнэ, буруу ч байсан дэвнэ. Хоёулаа л дэвж харагдах юм. Өвдөг шороодоо л бол босч ирээд заавал засуул, цэцтэйгээ маргана. Өөрийнхөө унасныг үнэнчээр хүлээн зөвшөөрч, тахимаа зөв сайхан өгдөг бөх өдрийн од шиг ховор болсон байна. Энэ бүхэн орчин цагийн бөхчүүдийн цол, эрэмбээ үл хүндэтгэх задарсан, ойворгон авир зангийнх нь үнэн төрх. Бөхчүүдийн өөрсдийнх нь түмэн буруу.
Угсарсан уран гоё мэх, дайчин, эрэмгий, давтагдашгүй барилдаанууд, харахаас хайр хүндлэлээ өгөх хүчит бөхчүүд маань хааччихаа вэ?
Б.БАДАМГАРАВ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Syhbatiin tsoliig huraa shorond hiij shalga