Та баяр наадмаа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?
Нийтийн хоолны газарт насаараа ажилласан нэгэн тогооч эмэгтэйгээс “Та баяр наадмаа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?” гэсэн сурвалжлагчийн асуултанд тэрээр: -Эгч нь гуч гаруй жил наадмын талбайд хуушууртай “хуримлаж” өнгөрүүлсэн дээ гэж хариулсныг тод санаж байна. Эндээс үзэхэд тогооч, хуушуур, наадам гэсэн гурван үг салшгүй холбоотой ажээ.
Бяцхан наргиа
Билгүүн номч их эрдэмтэн Б. Ринчин нэгэн гуанзанд ороод хоёр ширхэг хуушуур захиалж авчээ. Тэрбээр хуушуураа идэж дуусаад суугаад л байх юм гэнэ. Зөөгч бүсгүй түүн дээр очиж: -Та дахиад юм захих уу? гэхэд их эрдэмтэн маань: Үгүй ээ. Би хоёр хуушуур аваад сая гурилыг нь идчихлээ. Одоо махыг нь хүлээж байна гэсэн гэдэг.
Наадмын талбайд зарж байсан хуушуураас авсан нэгэн эр халуун хуушуурыг хоёр алга руугаа ээлжлэн шидэж байсныг харсан найз нь: Чи ингэж байхаар үлээгээд хөргөөч дээ гэхэд нөгөө эр: Үлээхээр хийсчих гээд байх юм байна ш дээ гэж хариулсан гэдэг.
Наадмын талбайд явж байсан нэгэн харамч эр хамт яваа найз нартаа хандан: -За даа, “Хурал олширвол ажил муудсаны шинж, хуушуур элбэгшвэл мах муудсаны шинж” гэдэг байхаа, өвгөн чинь гэртээ очиж хуушуур хийж иднэ дээ хэмээсэн гэдэг.
Чамайг харах гэж ирсэн чавганц ч энд алга
“Аат” аварга Ж.Мөнхбатыг ид барилдаж байх үед наадмыг зохион байгуулж байсан комиссын дарга нь дуудаж “За, хө чи яагаад наадам эхэлсэн хойно ирж, ард түмэн, төр засгийн тэргүүнүүдийг чилээгээд байна” гэхэд хариуд нь “Чи битгий донгос. Хэзээ, хаана, яаж барилдахаа би мэдье. Намайг харах гэж ирсэн 80 мянган хүн дотор чамайг харах гэж ирсэн чавганц ч энд алга байна” хэмээн “томорчээ”. Тухайн үед Мөөеө аваргын “ам”, “аа” хоёрыг хэн ч барьдаггүй байсан гэдэг.
Энэ нь ч арай дээр юм уу даа
Ж.Мөнхбат, Д.Хадбаатар аварга хоёр хорио тавигдаагүй байхад Төв аймагт тарвагачилж яваад, эргүүлийнхэнд баригджээ. Тэд дөрвөн тарвага агначихсан, дөрвөн шил архитай, олз омог ихтэй явж байж. Мөөеө аварга сэргэлэнтэх санаатай Хадаадаа хандаж “Нөгөө дөрвийнхөө нэгийг аваад ир” гэжээ. (Уг нь архи авчир гэсэн үг) Тэгсэн аварга удаад л байх юм гэнэ. Тэгж, тэгж “Энэ нь ч арай дээр юм уу даа” гэчихсэн хамгийн том тарвагыг сарвайтал бариад ирж гэнэ. Харин энэ нь бүр сайнаар эргэн, бөөн инээдэм болж, эргүүлийнхэн хоёр аваргын хишгээс хүртэж, шийтгэл торгууль гэлгүй яваад өгчээ.
Зууны манлай онигоочин, цэргийн начин А.Тэгшээ агсны тэмдэглэлийн дэвтрээс…
Орчлонд байхгүй хот
“Муухай” хэмээх начин А.Ганбаатар нэлээд халамцуу “Энэ муу бие чинь төрийн хишиг түмний буянаар Бухар, Алмаз хотод очиж, арьс зүсээр ангид бөхчүүдтэй ана мана үзэлцэж л явлаа” гэж орчлонд байхгүй хотуудыг нэрлэжээ. Уг нь тэрбээр Бухарест, Алма-Ата гэж хэлэх гэсэн бололтой.
Харьцуулсан нь
-Танай урлагийнхан Б.Сарантуяагаа поп рокын хатан хаан гэлцэх юм. Үндэсний бөхөөр бол Б.Бат-Эрдэнэ аварга шиг тасархай гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Тэгвэл Т.Ариунаа?
-Спортынхоор бол Д.Мөнх-Эрдэнэ арслан юм уу даа.
Хэтрүүлсэн нь
Мехикогийн олимпод оролцсон тухайгаа Х.Баянмөнх аварга хуучилж байна.
-Пээ, тэр тугны иш гэдэг нь даагдах аргагүй цул төмөр. Лоом л гэсэн үг. Цэнгэлдэхийн радиогоор “Дэлхийг донсолгосон Чингисийн удмынхан газрын хөрсийг өм цөм гишгэчсээр стадионд орж ирлээ” гэж зарлаад л байсан. Би ч өм цөм гишгээд яваад л байлаа гэжээ.
Адуун жилтэй бөх
1990 онд Сонгинын амралтанд наадмын сорилго хийж байсан бөхчүүд жилээ тоолж байж. Баян-Өлгийн харьяат улсын начин харцага О.Бахытаас төрсөн жилийг нь асуутал -Адуун жилтэй гэж. Бөхчүүд ч хөхрөлдөн түүнийг явуулж -”Начин, адуун жил гэж байхгүй морь жил л бий” гэлцсэнд Бахыт -”Адуу, морины хооронд ялгаа байкгүй. Коюуланг нь күн унадаг биз дээ” хэмээн бөөн инээдэм болгожээ.
Мөнгөөн сэрээрэй. Аварга нь ирж байна
Баян-Уул амралтаас сорилгод гарсан байсан бөхчүүд дээр хоёр хүн ирж Х.Баянмөнх аваргаар уулзалт яриа хийлгэхээр авч явжээ. Тэр үед цуг сорилгод гараад байсан М.Мөнгөн арслан хамт явна гэж зүтгэжээ. Эцэст нь аварга ганцаараа явахаар болж. Тэгтэл Мөнгөн нь “Аваргаа би туулай жилтэй аймхай хүн шүү” гэхэд буу сумаа түүнд үлдээжээ. Мөнгөн ч хэсэг сайхан унтаад сэртэл бэл дороос аваргын дуу сонсогдон, хоёр компотны лааз хавирчихсан “Мөнгөөн сэрээрэй. Аварга нь ирж байна” гэсээр ирж. Аварга “Муу туулай жилтэй цус чинь айгаад буудчихаж магадгүй” хэмээн болгоомжилсон нь тэр байж л дээ
Цэвэгням л байна…
Арлын Японд алдар суугаа мандуулж яваа манай сумочоос Цэвэгням, Батбаяр хоёр тавин хувийн амжилтаа ч үзүүлж чадалгүй Монголд иржээ. Тэгээд ичсэндээ “Хоёул зүсээ хувилгая” гэж. Цэвэгням үс зүсээ чадлаараа янзлан эмгэн болчихоод гарч ирээд гадаалж байсан эмгэнээс -Эмээ би хэн байна. -Цэвэгням л байна гэж гэнэ. Бушуухан буцаж ороод ганган хүүхэн болж хувираад дахин асуутал -Цэвэгням л байна гэж. Охин, хүүхэн,эмгэн болж хувираад аргаа барсан Цэвэгням -Болъё, яаж ч хувираад хэрэг алга гэтэл өнөөх эмгэн: -Хөөө, би Батбаяр л байна ш дээ, мал аа гэжээ.
Хятадын мөнгө
Улсын начин Бумбаяр Увсаас ирснийхээ дараахан нөхөдтэйгээ явж байгаад нэг зоосон мөнгө олжээ. Тоотой тал нь зэвэрчихсэн байна гэнэ. Нөхдөөсөө -Энэ хитдын мөнгө үү гэхэд -Хятадын мөнгө биш ээ гэж. Хэд дахин асуусан Бумбаяр начин сүүлдээ уурсан -Би хитдын мөнгө үү гэж асуугаагүй. Хиддын мөнгө үү гэж байна хэмээн баахан бухимджээ. Уул шугамандаа Бумбаяр начин -Энэ хэдтийн мөнгө вэ гэж асуусан юмсанж.
Байна уу 102 уу
Баахан савж хоносныхоо маргааш заан Баярсайхан машиндаа ороод суутал руль, араа, тормос юу нь ч байдаггүй. Шууд л утсаа шүүрч аван -Байна уу, 102 уу. Би Монгол улсын заан Баярсайхан байна. Миний машиныг тоночихож гэж мэдээлжээ. Төд удалгүй дахин утсаа шүүрэн авч: -Би заан Баярсайхан байна. Уучлаарай машиныхаа арын суудалд суучихжээ гэж факталсан гэнэ.
Заамарын гучин жил
Улсын начин Намдаг гэж нэг хөөний эр байх. Мань эр начин болсноосоо хойш ерөөс гавьтай барилдсангүй. Үүндээ дүгнэлт хийн аргалж чаргалдаг хүнд хандахаар шийдээд нэгэн мэргэлж төлгөлдөг хүн дээр очжээ. Намдаг начингийн ярихыг сонссон мэргэн -За чи нэг жил хэлээтэх гэж. Гэтэл мань эр -Заамарын гучин жил гэсэн гэдэг. Нөгөө мэргэлдэг хүн баахан инээснээ -Үгүй ээ. Тийм жил биш. 12 жилийн нэгийгл хэл гэж залруулжээ.
Халз мордохыг хараагүй
Улсын начин Ж.Оргилболдтой барилдсан залуу бөх нохой мордох гэдэг мэхийг хийгээд өрсүүлэн мордуулаад уначихаж. Хурдтай хийхгүй яав аа өрсүүлчих юм хэмээн засуул нь ундууцтал -Нохой чинь хойноос мордохоос биш, халз мордох гэж байдаггүй хэмээн уурласан гэнэ.
Дүлий цэрэг сонссонгүй
Хоржин үгтэй л болохоос ил шударга зантай гэгддэг Мөөеө аварга “но”-гүй нэгэн биш бололтой. Мань эр цаг цагт нэг гэдэг шиг наадмаар начны найрааг гаргууд сайн хийдэг гэнэ. Тэгэхийн тулд нэгийн даваанаас эхлэн амлаж авсан бөхдөө шуудхан л “Хэвт, хэвт” гэдэг үүрэг даалгаврыг өгдөг байж. Гэтэл хор шар жигтэйхэн ихтэй нэгэн шинэхэн цэрэг Мөөеө аваргыг өвдөг шороодуулж орхитол мань хүн “Өө муу дүлий цэрэг сонссонгүй” гэжээ.
Эсрэг талаас нь барианд оржээ
Монгол Улсын гавьяат тамирчин Өлзий-Орших нэг удаа ОХУ-д олон улсын дугуйн тэмцээнд оролцож байх үедээ том онигоонд орж. Мань эр гараанаас гарахдаа толгойн хэсэгт уралдсаар явтал гэнэт дугуй нь хагараад тасраад үлдэж. Дугуйгаа түргэхэн солиод уралдааны замдаа орон хүчлэн жийсээр бариандаа орж. Тэгсэн үзэгчид инээлдээд сүйд болох юм гэнэ. Гайхсан гавьяат учрыг магадлабал бариандаа эсрэг талаас нь орчихсон байж. Дугуйгаа солиулаад уралдахдаа хоёр тийш салсан замыг мэдэлгүй буруу талаар нь ороод тийн эсрэг талаас нь барианд орсон байжээ.
Агуулгыг нь л ярьчихгүй юу
Дархан аварга Бат-Эрдэнэ аварга Балжинням нарын бөхчүүд найрлаж аяны дугараа барьцгаажээ. Балжинням аваргын ээлж ирэхэд тэрбээр дүрвэд ардын “Толгой нь эргэмэр” дууг солгой хоолойгоор ээрч түгдчин дуулахчаан аядахад найзыгаа өрөвдсөн Бат-Эрдэнэ аварга -Нямаа миний хөгшин ингэж өөрийгөө зовоож байхаар зүгээр л агуулгыг нь ярьчихгүй юу даа гэжээ.