Голын усны төвшин 60-80 см-ээр нэмэгджээ

 cdd70579e1177143big

Өнгөрсөн ням гарагт орсон хүчтэй борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт усанд автсан тухай 23 удаагийн дуудлага ирж, нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги, харъяа дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн аврагч, гал сөнөөгчид усыг соруулан шуурхай ажиллан аюулгүй байдлыг хангажээ. Усанд автсан дуудлагыг Чингэлтэй дүүрэг 2, Сүхбаатар дүүрэг 5, Баянгол дүүрэг 3, Сонгинохайрхан дүүрэг 3, Баянзүрх дүүрэг 9 удаа ирүүлсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 11 дүгээр байрны 9 давхарын айлын дээврээс ус ороод байна гэсэн дуудлагыг шөнийн 02:08 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 18 дугаар ангийн 6 албан хаагч хүрэлцэн очиход дээврийг шалгахад ус зайлуулах хоолой бөглөрсөн байсныг хэвийн болгосон байна.

Мөн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол 32Г байрны айл амьдардаг суурийн давхар усанд автаад байна гэсэн дуудлагыг шөнийн 02:35 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 18 дугаар ангийн 6 албан хаагч очиж усыг мотопомпоор соруулж, далан хийж усны урсгалыг хаах арга хэмжээ авч ажиллажээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 4 дүгээр гудамжинд айлын гэр усанд автаад байна гэсэн дуудлагыг 03:10 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар усыг мотопомпоор соруулж, шуудуу татаж усыг зайлуулсан бол тус дүүргийн 7 дугаар хороо, Далангийн 1 дүгээр гудамжинд байшин усанд автаад байна гэсэн дуудлагыг 03:10 цагт өгснөөр дүүргийн ОБХ-ийн Аврах гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч, 1 автомашинтай цагт гарч усыг мотопомпоор соруулж, шуудуу татаж усыг зайлуулах арга хэмжээ авчээ.

Ус цаг уур орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно гэсэн урьдчилсан мэдээ ирүүлж байгаа учраас  иргэд, олон нийтийг цаг агаарын тухай мэдээллийг тухай бүр хүлээн авч, гэр орон сууцны үер усны аюулгүй байдлаа сайтар хангаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгахыг анхааруулж байна.

Голын усны төвшин 60-80 см хүрч үерийн аюултай байдалд  хүрсэн тул голын эрэгт зорчихгүй байх, орон нутагт баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих