Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Д.Сумъяабазар нар үүрдийн сайн найзууд
Наадам бүрт заавал гэмээр таарч барилдаж байсан бөхчүүд бол улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар нар. Зуун солигдохоос өмнө гурвантаа таарч байсан тэд 2001, 2002 онуудын наадмаар долоогийн даваанд тунаж Өсөхбаяр аварга давж байв. Тунана гэдэг тун сайжирсны шинж гэдэг ч жил бүр таарна гэдэг дотны найзуудын хувьд ямар хэцүү байсан нь мэдээж. Дараа нь 2003, 2005 онуудад хоёр ч удаа үзүүр түрүүнд үлдэж мөн л Өсөхбаяр аварга давж Сумъяабазар аварга гурав, дөрөв дэхээ үзүүрлэж байв. Харин Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор их шөвөгт мөн л тунаж Сумъяабазар аварга дагаж мордоод “давдаггүй”даваагаа давж бөх сонирхдог хүн бүхний магнайг тэнийлгэж байв. Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар нар 10 гаруйхан наснаасаа найзалж нөхөрлөсөн сайн андууд. Одоо ч сайн найзууд хэвээрээ. Найзуудын улс төрийн сонголт ч ойролцоо, хоёулаа НАМЗХ-гоор овоглогддог. Дэвжээн дээрээ яс өрсөлдөгч байдаг хоёр аварга маань амьдрал дээрээ үүрдийн сайн найзууд.
Б.Мөсөн
agshin.mn
URL: