Б.Бат-Эрдэнэ: Хоёр сайхан Дархан аварга төрсөнд их баяртай байна
Маргаашийн мандахын улаан нарнаар та бид Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн агуу түүхт ойн баярын өдөртэй учран золгоно. Монгол наадмын өмнөхөн Далай, даян, Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.
Тэрбээр Монгол наадмын зүлэг ногоон дэвжээнд 12 удаа түрүүлснээс гадна, самбо бөхийн дэлхийн аваргад гурвантаа түрүүлж, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга болсон эгнэшгүй хүчтэн билээ. Харин улстөрч Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
1989 онд Монгол Улсын гавьяат тамирчин, 1990 онд Монгол Улсын Дархан аварга, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд шагналаар энгэрээ мялаалгасан эгнэшгүй хүчтэнтэй энэ удаа өөрийнх нь хүсэлтээр улстөрийн яриа өрнүүлснээ хүргэж байна.
-Маргааш Монгол түмний хүсэн хүлээдэг улсын их баяр наадам эхэлнэ. Та наадамчин олноо хүндэтгэн зүлэг ногоон дэвжээнээ бяр, хүчээ үзэх үү?
-За энэ жил ёстой л нар хур тэгширч, хангай дэлхий хишиг буянаа хайрласан тэнэгэр сайхан зун болж байна. Хариуцлагагүй эрх баригчдаас болж улс орны эдийн засаг хямралын байдалтай байгаа ч Монгол хүний амны билгээр энэ сайхан баяр наадмынхаа өмнө таагүй зүйл яримааргүй л байна.Гэхдээ л болж өгөхгүй юм.
Миний хувьд ард олон, зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэх учир, шалтгаан бий. Монгол түмний минь заяа буяныг тэгшилдэг эрийн гурван наадам маань энэ жил үнэхээр сайхан болох байх аа. Бидний дараа, дараагийн үеийн шижигнэсэн сайхан залуучууд зүлэг ногоон дэвжээн дээр бяр хүчээ гайхуулж байна.
-Бид хоёрын яриа наадмын өмнөхөн өрнөж байгаа ч та улстөрийн талаар ярих сонирхол хэн хэнд маань байх шиг байна. Хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн тухай хуульд 50:50, бүр 28:48 гэсэн хувилбар, саналууд яригдсан. Таны хувьд энэ хуульд ямар байр суурьтай байгаа вэ?
-Яг өнөөдрийн хувьд сонгуулийн хуулиас өмнө Монгол Улсын аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолтой холбоотой асуудлыг давын өмнө ярих ёстой. Энэ юу вэ гэвэл төмөр замын цариг, газрын тухай хууль байна.
УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хулгай, луйврын аргаар оруулж, хүч түрэн баталчихаж байгаа юм.
Улсын баяр наадам, дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг далимдуулан хүмүүсийн анхаарал суларсан үеийг ашиглаад ийм хорлонтой, улс орны эдийн засаг, байгаль орчинд туйлын халгаатай тогтоолын төсөл баталж байгаа өнөөдрийн эрх баригчид хэзээ нэгэн цагт түүхийн хариуцлага хүлээх л болно.
-Энэ хууль батлагдвал яг ямар асуудал хамгийн эхэнд босч ирэх бол?
-Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч ашигт малтмалын хайгуулын лицензүүдийг хязгаарлах тухай хууль гаргаж, одоо энэ эрх барьж байгаа этгээдүүд УИХ-ын цөөнх байхдаа гар өргөн дэмжихэд нь эрх барьж байсан МАН олонхоороо санал нэгдэн баталсан түүхтэй.
Нэгэнт олгогдчихсон хайгуулын лицензүүд, эрдэс баялгийн салбарт нүүрлэсэн эмх замбараагүй байдлыг цэгцлэх ажил хийгдээд явж байтал эрх барьсан жилийн хугацаанд энэ хуулийг цуцлах асуудлыг нэг ч удаа хөндөж гаргаж ирээгүй хэрнээ яг ийм эгзэгтэй цагийг ашиглаад луйврын аргаар хүч түрээд баталж байна.
Ашигт малтмалын салбарт төрийн оролцоог үгүй хийх арга замыг маш хорлонтой, нарийн бодож олсон байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад сөрөг хүчин хуулийн хүрээнд яаж ч эсэргүүцээд үнэндээ олонхын хүчинд автлаа. Эрх баригчид энэ удаа Монголын тал эрдэс баялгийнхаа 34-50 хувь хүртэл эзэмшиж болно гэсэн заалтыг хэвээр нь үлдээгээд хамгийн гол нь “Алтан хувьцаа” эзэмших шинэ заалт оруулж ирсэн байна.
Энүүгээрээ Оюутолгойн 34 хувийг “Алтан хувьцаа” гэдгээрээ солих, цаашлаад Эрдэнэтийн 51 хувийг сольж, хулгайлан завших гэсэн булхайтай ажлуудаа хөвөнд боож, өнгөлөн далдлаад оруулж ирж байна.
-УИХ-ын Байгаль орчин орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан та нарын санаачлан батлуулсан Урт нэртэй хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдсан сурагтай. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Урт нэртэй хуулийг хүчингүй болгох ажлын хэсэг байгуулаад МАН-аас урваж АН-ыг бараадсан Д.Арвин гэдэг хүн ахлаад явж байгаа. Энэ ажлын хэсэгт УИХ-ын 15 гишүүн орсон. Харин энэ 15 гишүүний найм нь Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахын эсрэг байгаагаа мэдэгдэж, Засгийн газрын өргөн барьсан өөрчлөлт оруулах хуулийн төслийг буцаагаад Засгийн газарт өгчихсөн байгаа.
Урт нэртэй хуулийг өөрчлөх ажил нь явахгүй гэдгийг мэдэнгүүтээ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг яаравчлан оруулж ирээд батлуулчихаж байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна вэ гэвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийг цуцлахдаа нөхөн олговор олгоно, гэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрөөс нөхөн олговор олготол үйл ажиллагаагаа эрхлэх эрхтэй гэсэн заалт оруулаад ирж байгаа юм.
Энэ нь бүхэлдээ Урт нэртэй хуулийг хүчингүй болгох л гэсэн тун нарийн бодож олсон, хулгай, луйврын хорлонтой ажиллагаа явж байгаа хэрэг юм. Тэгээд Ашигт малтмалын хуулийг хэлэлцэхэд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийн ихэнхийг хасчихаж байгаа юм.
Бие даагч Х.Болорчулуун, манай намын бүлгээс орсон Я.Содбаатар, бас миний бие, мөн Д.Дэмбэрэл даргыг хүртэл ажлын хэсгээс хасчихсан байна лээ. Харин биднийг гаргангуутаа шинэ ажлын хэсэг байгуулчихсан. МАН-ын бүлэг Ашигт малтмалын тухай хууль дээр тодорхой байр суурь, дүгнэлтээ гаргасан.
Хайгуулын лицензийг эмх цэгцэнд оруултал хуучин олгогдсон лицензийг нээж болохгүй, төрийн оролцоог хэвээр нь авч үлдэх ёстой гэсэн байр суурин дээр санал нэгдсэн байгаа. “Шударга ёс” эвслийг бас ийм байр суурьтай байгаа гэж итгэж байна.
Мөн бие даагчид ч ийм байр суурин дээр зогсож байгаа. Харамсалтай нь АН-ын бүлэг дангаараа буюу Иргэний зориг намтай нийлээд Ашигт малтмалын хууль дээр шинэ ажлын хэсэг гаргаад хууль бусаар тогтоолын төслийг нь баталлаа. Ийм завхарсан, хулгай луйврын УИХ байснаас тарсан нь дээр.
Миний хувьд бүлгийнхээ тодорхой гишүүдтэй хамтраад ийм хариуцлагагүй, Монголын ард түмний язгуур эрх ашгаас урвасан УИХ-ыг тараах талаар гишүүдийн гарын үсгийг цуглуулна гэж бодож байгаа.
-УИХ-ын сөрөг хүчин хуулийн хүрээнд эсэргүүцэн тэмцээд дийлэхгүй байгаа нь харагдаж байна. Хойшид энэ байдлаараа яваад байх уу, аль эсвэл Иргэний нийгмийн байгууллагуудтай нэгдэх ч юм уу, ард түмэндээ хандах зэрэг асуудал байх уу?
-Ард түмэн бүхнийг харж л байгаа шүү дээ. Өнөөдөр Иргэний нийгмийн байгууллагууд байхгүй болсон. Идэвхтэй тэмцэгчдийг нь хомроголон бариад шоронд хийчихлээ. Зарим нэгийг нь албан тушаал, эрх ямбаар худалдаад авчихсан.
Ард иргэдэд үгээ хэлдэг, нийгмийн болж бүтэхгүй байгааг шударгаар шүүмжилдэг Иргэний нийгмийн байгууллагууд зоригтой ажиллаж байж нийгмийг эрүүлжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг жамтай. Гэтэл өнөөдрийн эрх баригчид тэдгээр байгууллагуудыг хүчээр тараах, аль эсвэл албан тушаал, өнгө мөнгөөр худалдаж аваад үндсэндээ үгүй хийчихлээ.
Одоогийн эрх баригчид ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон тайван жагсаал цуглаан хийж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүх бололцоог хууль, шүүхээр далайлган боомилж, улан дороо дэвсэлж байна. Үндсэндээ Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй болсон шигээ ард иргэд Үндсэн хуулиар олгогдсон хүний түгээмэл эрхээ ч эдлэх бололцоогүй боллоо.
-Саяхнаас төрийн тусгай хамгаалалттай Дарьгангын Алтан овоог хайгуулын лицензээр хувийн компанид олгосон талаар шуугиж эхэллээ. Та Хэнтий аймгийн унаган иргэн, тэндхийн ард түмний эрх ашгийг хамгаалдаг төрийн түшээгийн хувьд Сүхбаатар аймгийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газарт удахгүй хайгуулын ажил өрнөх гэж байгааг юу гэж дүгнэж байна?
-Өө наадуул чинь тэр байтугай хулгай, луйвар нь эрээ цээрээ алдсан шүү дээ. Дорноговийн Улаанбадрах суманд хэчнээн иргэн, мал сүрэг ураны аюулд хордож байна. Тэндхийн иргэд хэдэн үеэрээ ямар их аюулд унаж байгааг үнэндээ өнөөдөр бид төсөөлөх ч үгүй л явж байгаа шүү дээ.
Тэнд жинхэнэ аюул тарьж байгаа компанийн захирал нь “Бид 2019 оноос уран олборлож эхэлнэ” гээд хэдхэн сарын өмнө хэнэг ч үгүй яриад сууж байсан. Нарийн яривал энэ эрх баригчид уран олборлохыг чимээгүйхэн дэмжиж байгаа нь ч тодорхой болсон асуудал. Бид ийм л этгээдүүдийг толгой дээрээ гаргачихаад сууцгааж байна.
-Та бид хоёрын яриа нэг л мэдэхэд жаахан базаахгүй зүйл рүү орчихлоо. Өнгөрсөн даваа гарагт монгол бөхийн түүхэнд нэг өдөр хоёр Дархан аварга төрөн гарсан бэлэг дэмбэрэлтэй үйл явдал болсон. Та энэ талаар ямар бодолтой явна?
-Сүүлийн үед болсон хамгийн сайхан үйл явдал нь чухамдаа А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр маань Дархан аварга хэмээх эрхэм дээд цолыг хамгийн сүүлд миний гардаж авснаас хойш 24 жилийн дараа энгэртээ зүүсэн нь үнэхээр тэнгэрлэг сайхан үйл явдал боллоо.
Р.Гончигдорж даргын санаачлан батлуулсан хуулийн дагуу монгол бөх хоёр сайхан Дархан аваргатай болсон нь хойч үеийн маань бөхчүүдийн урам зоригийг бадраасан үнэхээр зөв шийдвэр гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.
Авах ёстой цолоо гардсан Дархан аваргууд маань ард олноо баясгаж, залуу бөхчүүдэд их сайхан үлгэр дууриалал үзүүлэх нь ч тодорхой. Энэ утгаар нь би тун их баяртай байгаа. Ингээд Монголын ард түмэндээ дэнж хотолзуулан, дэлгэр сайхан наадаарай гэж ерөөе.
Д.Энхтүвшин
URL: