Тагнай баясгаж, уруул чимчигнүүлэх Монгол түмний ундаа болох “Айраг” –ны үнэ энэ жилийн наадмаар
Сүүлийн саруудад хүнсний гол нэрийн барааны үнэ ханш огцом өсөөд байгаа. Угтаа бол бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсөхөд нөлөөлж буй зүйл огт байхгүй. Тэгэхээр энэ нь наймаачдын хийж буй үнийн хөөрөгдөл юм. Тэд дур мэдэн үнэ ханшаа нэмэх болсон. Хоногийн дотор барааны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Түүнчлэн хүнсний гол нэрийн барааны үнэ долоо хоног тутамд нэмэгдэж байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Түүнчлэн махны үнэ ханш огцом нэмэгдээд байсан. Гэхдээ өнгөрсөн долоо хоногоос эхлэн үнэ тогтворжиж эхэлсэн тухай үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна. Үндэсний их баяр наадмаар энд тэндгүй худалдаа наймаа явагддаг.
Энэ үеэр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хэд дахин нугалж худалдаалдаг нь наймаачдын шуналт зан билээ. Тэгвэл маргааш эхлэх наадмын баяраар хорхог боодогны үнэ тэнгэрт хадаж магадгүй болоод буй бөгөөд хуушуур нь хүртэл үнэд ордог билээ.
Энгийн үед өсөөд байсан үнэ ханш баяр ёслолын үеэр огцом нэмэгдэх магадлал өндөр. Учир нь манай улсад баяр ёслолын үеэр бараа бүтээгдээхүүнийхээ үнийг хямдруулах бус улам нэмдэг нь уламжлал болсон. Үүнээс гадна имфляци, валютын ханш, шатахууны нэмэгдэл нөлөөлөөгүй нэг зүйл бол айраг юм. Орон нутгаас шууд хэрэглэгчдийн гар дээр ирж буй айрагны үнийн хувьд нэг литр 1500-2500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Түүнчлэн Булган нутгийн айраг арай үнэтэй байгаа бололтой. Гэхдээ манай наймаачид хүн луйвардахдаа гарамгай нэгэн байдаг. Үүний нэг жишээ бол Булганы хаягтай зүүн аймгийн айраг байх жишээний. Үүнийг иргэд худалдан авагчид тэр болгон мэдээд байхгүй.
Гэхдээ дээрх үнэ нэмэгдэхгүй байх баталгаа байхгүй билээ. Наймаачид чинжүүд л болсон хойно үнээ нугалахгүй наймаа хийнэ гэж байхгүй бөгөөд хэрэв ийн нэмэхгүй бол бизнес биш болчих мэт аашилна. Энэ мэтчилэн наймаа явагдаж эхлээд байгаа бөгөөд наадамчин түмэн энэ үеэр эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй байгаа юм. Хөл хөдөлгөөн ихтэй бужигнаж буй энэ үед луйварчдын тоо цөөнгүй байна. Хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнээ худалдаалах нь энгийн үзэгдэл мэт байх тул иргэд өөрсдөө анхааралтай байх хэрэгтэй.
Хэрэглэгч хүнсний бүтээгдэхүүнээ авахдаа хадгалах хугацаа, сав баглаа боодол, хадгалалтын горим зөрчсөн эсэх, бэлэн бүтээгдэхүүн бол шошгон дээрх мэдээллийг шалгах хэрэгтэй. Энэ жилийн Наадмын үеэр Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр явуулын лаборатори ажиллах юм байна. Мөн ил задгай болон зөвшөөрөлгүй худалдаа хийж байгаа эсэхэд мэргэжлийн хяналтынхан хяналт тавих гэнэ.
Иргэдийг сүү, цагаан идээ, айраг авахдаа гарал үүслийг бичгийг нь шалгахыг тэд сануулаад байгаа юм. Энэ жилийн хувьд албаныхан баяр наадамтай холбоотой бүхий л зүйлд анхаарал хандуулж ажиллахаар бэлджээ. Тиймээс ард түмэн минь өргөн дэлгэр, соёлтой хүндэтгэлтэйгээр наадацгаагаарай.
Ингээд ард түмэндээ Тулгар Төр байгуулагдсаны 2223, Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэнд хүргье, Сайхан наадацгаагаарай.
undesten.mn
URL: