Месси өргөж үзээгүй ганц цомоо өргөх үү
Бразил -2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтонд Аргентин шалгарлаа. Тэд Германы “машин”-тай тоглосноор тэмцээн дуусна. Өнгөрсөн шөнө тэд Сан Паулу хотын “Арена Коринтианс” цэнгэлдэхэд 63 мянган үзэгчдийн өмнө хагас шигшээ шатанд Нидерландын /уг нь бол Голланд/ шигшээ багтай тоглолоо.
Туркийн шүүгч Жунейт Чакырын уг тоглолтыг шүүсэн бөгөөд довтолгоо, хаалга руу чиглэсэн цохилт цөөхөнтэй тоглолт боллоо. Энэ тоглолт дэлхийн аваргын түүхэнд анх удаа гоолгүй хагас шигшээ тоглолт болон үлдлээ. Торгуулийн цохилтод Аргентин илүүрхэн хаалгач Серхио Ромеро нь Нидерландын хоёр цохилтыг хааж багаа ялалтанд хүргэлээ.
Рон Влаар, Уэсли Шнайдер нарын цохисон бөмбөгийг тэрээр хаалгандаа алдаагүй. Аргентинаас Месси, Гарай, Агуеро, Макси Родригес нар бүгд цохилтоо амжилттай хийснээр баг нь 1990 оноос хойш анх удаа ДАШТ-ий финалд шалгарлаа.
Энэ тоглолтонд Ван Перси тэргүүтэй Нидерландын баг үл ялиг азгүй л байлаа. Тэдэнд эцсийн мөч хүртэл боломж байсаар байсан. 2010 онд цомын төлөө шигшээ тоглолтонд Испанид хожигдон мөнгөн медаль хүртсэн тэд энэ ДАШТ-ий эхний тоглолтонд хариугаа авах шиг авч 5:1-ээр хожсон. Хэсгээсээ нэгээр гарсан тэд энэ удаа ахиад л азгүйтлээ.
Тэгвэл Аргентиний багийн лидер, дэлхийн номер нэг хөлбөмбөгчин Мессид өөрийн ганц өргөж үзээгүй цомдоо хүрэхэд ганц тоглолт л үлдлээ. Гэхдээ түүний төдийгүй багийнх нь хувьд шигшээ тоглолт маш хүнд байх болно. Финалд тэднийг Германы хүчирхэг баг хүлээж байгаа.
Тус хоёр баг одоо 7 дахь удаагаа тоглох гэж байна. Аргентин – Германы шигшээ багууд 3 дахь удаагаа ДАШТ-ий финалд тоглох гэж байна. Өмнө нь 1978 онд Марио Кемпес тэргүүтэй Аргентин хожиж байсан боо 1990 онд Андрес Бреме-гийн ганц гоолоор Герман 3 дахь Алтан цомоо өргөж байсан юм. 2010 онд Аргентин 8/1 тоглолтод Германы багт 4:0-ээр хожигдон нулимс дүүрэн нутаг буцаж билээ. Харин энэ удаа тэдний хожих ээлж. Аргентин 3 дахь цомоо, ахлагч Месси нь өргөж үзээгүй цомоо өргөх үү…
О.Хуяг
gereg.mn
URL: