Мөнгө цуглуулж буй анд минь машин авах чинь лөөлөө болж мэдэх нь

Импортоор орж ирж буй автомашины онцгой албан татварыг нэмэх хуулийн төсөл өргөн баригдаж байгаа юм байна. Батлагдах аваас машины үнэ өсөх нь. Бүр тамтаггүй өсөх нь. Арван саятай байгаад ч аксент авч унахад хэцүү болох нь. Нэмж буй шалтгааны нийтлэг тайлбар нь ийм юм билээ л дээ. Хуучин муу машин олноор орж ирээд утаа нь Улаанбаатрынхныг багтраачих гээд байна ш дээ гэж. Тийм л юм бол халуун зунаар энэ хот машиныхаа утаанд манарах нь яагаав. Цэв цэлмэгхэн тэнгэр дор нийслэлдээ бид зусдаг биз дээ. Сангийн яамнаас санаачилсан гэх энэхүү хуулийн төсөл үнэндээ данхайж дийлдэхээ байсан төсвийн цоорхойгоо нэмэх гэсэн үү, нэгэнт хаяанд ирсэн сонгуулийн мөнгөө босгох нэг арга нь ч юм бил үү хэн мэдлээ. Нэмлээ нэмлээ гээд төсөвт орж ирэх мөнгө нь зайлуул 10.5 тэрбум төгрөг юм байна лээ. Ц.Чимэдцэрэн казинодоод дуусгачихдаг мөнгөнөөс бага байгаа биз дээ. Гэхдээ автомашины импорт өнөөдрийн хэмжээний байгаа тохиолдолд 10.5 тэрбум нь орох юм. Татвар нэмчих юм бол импорт багасна. Үнэ өндөртэй машинд ядуухан байгаа монголчууд хүчрэхгүй. Тийм болохоор худалдаа эрс багасна. Тэр 10 тэрбум таван тэрбум л болно. Иймхэн юмны төлөө л импортын автомашины онцгой албан татварыг нэмэх гээд байна шүү дээ, та нар. Гол нь та бүхний энэ санаанаас хэдэн зуун хувь илүү эрх ашиг байна. Тэр бол ард түмэн. Монгол Улс залуусын орон. Тэдгээрийн мөрөөдөл байр, машин. Энэ хоёртой болчиход уу, энэ улс орны төлөө юу ч хийхэд бэлэн хөдөлмөрлөж байгаа хүмүүс шүү дээ. Тэр мөрөөдөл рүү нь эрхэм гишүүд ус цацахгүй байлгүй дээ. Гэхдээ та нарын зовлонг бас ойлгож байна. Ийм жижигхэн асуудал ярьж байдаг гэж зарим нэг нь хэлэх байх. Тэдэнд жижигхэн асуудал гэдэг нь ойлгомжтой. Учир нь тэдний унадаг машин чинь зүрхний өвчтэй таван хүүхдийн амийг аварчхаар үнэтэй. Эхнэр нь болохоор дөрвөн хүүхдийн амь аварчхаар үнэтэйг унаж байгаа. Хүүхдүүд чинь болохоор гурван хүүхдийн амь насыг аварчхаар тийм л үнэтэй машинууд хэрэглэцгээдэг л дээ. Ойрмогхон зурагтаар харсан биз дээ. “20 сая төгрөг байвал хоёр настай хонгор үрийнхээ амийг аварчхаж болмоор байна. Туслаач монгол ах дүүс минь” гэж. Эмгэнэлтэй нь Төмөр замд амьдардаг тэр хоёр залуу хонгор үрээ сая алдчихсан гэнэ лээ. Хорин сая нь олдоогүй юм шиг байна лээ. Уг нь бол тэр 20 сая нь наад захын Л.Гүндалай гишүүний бугуйнд явдаг цагны үнэ л дээ. Гишүүний бугуйн цаг 20 гаруй мянган долларын үнэтэй юм байгаа юм. Өгчихөд л амийг нь аварчхаж болох зүйл. Гэхдээ гишүүнийг баалсан хэрэг биш шүү. Та бүхэн ийм л тэнгэрийн амьтад болохоор Монголын залуусын хоёр хүслийнх нь нэгд ядаж битгий саад хийгээрэй гэж л хэлэх гэсэн юм. Хийчихэж мэдэх, борог амьдралаас тасарсан хүмүүс шүү гэж сануулах гэсэн хэрэг. Хүслийн тухай хэлэхэд эрхэм гишүүн та гудманд алхаж яваа захын залуугаас асуугаарай, таны ойрын хүсэл юу байна вэ гэж. Түгдрэлгүйгээр “Байр, машинтай болох” гэж залуус хэлэх вий.

Баахан амьдралын жишээ ярьчихлаа. Импортын машины онцгой албан татварыг нэмэхээ түр азнаач гэсэн санааны албан ёсны байр сууриа илэрхийлье. Юманд бас учиртай хандах хэрэгтэй. Татвар нэмж болно. Бололгүй яахав. Ерөөсөө ачааллаа дийлэхээ больсон хотын замыг бодоход, бүрэн бус техник хэрэгслийн аюулгүй байдлыг бодоход, утаа баагиулаад давхиж яваа машиныг харахад үнэндээ уур хүрдэг юмаа. Ийм юм унаж явах гэж дээ гэж. Хүн алчихвал яана гэж. Тэгэхээр тэр нэг хуулийн төслийнхөө өмнө авч хэрэгжүүлэх арга хэмжээ байна. Эхлээд одоо явж буй автомашинуудын техникийн нөхцөл байдалд тавих хяналтаа бодитойгоор сайжруулъя. Жилд нэг удаа үзлэг шалгалт хийх бус улирал тутам болгох хэрэгтэй. Нүдэн дээр салж унах шахан салгалж явааг нь засуулах, эсвэл шууд устгуулах хэрэгтэй. Татвар нэммээр санагдаад байгаа бол бага багаар, тодорхой үе шаттай, ард түмэн болон бизнес эрхлэгчдийн нуруун дээр тусах ачааллыг бодолцож хуулиа хийх хэрэгтэй дээ.

Хуулийн төсөлд автомашиныг үйлдвэрлэсэн оноор нь ялгаварлан татвар нэмэх тухай тусгагдаад байгаа юм. Манайд орж ирж буй машины дийлэнх нь 2001, 2002 оных. Яг өнөөдрийн төслөөр 2002 онд үйлдвэрлэгдсэн машин хөгшиндөө орж татвар өндөр тогтоогдоно. Машинд тавигдах экологийн шаардлага гэж байна. Тэгвэл 2002 онд үйлдвэрлэгдсэн автомашины экологийн шаардлага Европын Евро-3 буюу өнөөгийн ихэнх оронд мөрдөж байгаа шаардлагатай таардаг байна. Тийм болохоор манайд явж буй 2002 оны тэрэгнүүд засвар үйлчилгээ, шаардлагатай зүйлсийг хийгээд унахад хүрээлэн буй орчиндоо учруулах хохирол нь тогтоогдсон хэмжээнээс хэтрэхгүй юм билээ шүү. Давтан хэлэхэд үзлэг шалгалтаа л чанартай, тодорхой хугацааны давтамжтай хийчихэж суръя, Ийм ийм юмаа эхлээд эмхэлж цэгцэлж авсны дараа импортын автомашины онцгой албан татварыг нэмэх эсэхээ ярилцвал яасан юм бэ. Энэхүү хуулийн төслийг Сангийн яам, Сангийн сайд С.Баярцогт өлгүүхэн түлхэж байгаа нь тодорхой. Дэмжиж буй бас бус гишүүд ч бий биз. Өрхийн маань орлого тэрбумаар яригдана гэж шулуухан хэлдэг С.Баярцогт гишүүнд бол энэхүү хуулийн төслийг батлуулахад бодох юм байхгүй биз. Ингээд та бүхэнд одоо хийгээд он гараад өөрчлөгдөж мэдэх машины үнийн ялгааг хүснэгтээр харуулъя.

Өнөөдөр мөрдөж байгаа татварын хэмжээ

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /смЗ/ Ногдуулах онцгой албан татварын хэмжээ    ам.доллароор
Үйлдвэрлэснээс хойш хугацаа
0-3 жил 4-9 жил 10-аас дээш жил
1500 хүртэл 500 1000 2000
1501-2500 1500 2000 2000
2501-ээс дээш 2000 2500 4000

Шинээр оруулж буй хуулийн төсөл

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 д хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт:

“6.3 Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /смЗ/ Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам.долларт шилжүүлснээр/
үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/
0-3 жил 4-6 жил 7-9 жил 10 ба түүнээс дээш жил
1 1500 ба түүнээс доош 500 1000 2000 4000
2 1501-2500 1500 3000 6000 12000
3 2501-3500 2000 4000 8000 16000
4 3501 -аас дээш 3000 6000 12000 24000

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

П.Хашчулуун


URL:

Сэтгэгдэл бичих