Р.Бурмаа: Хуулийн цоорхойг иргэдийн өргөдөл, гомдлын мөрөөр мэдэж байна
УИХ-ын гишүүн Р.Бурмаатай хаврын чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хорооны хийсэн ажил болон Сонгуулийн нэгдсэн хуулийн хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Хаврын чуулган завсарласантай холбогдуулан байнгын хороод хийсэн ажлаа тайлагнаж байна. Өргөдлийн байнгын хороонд иргэдийн санал хүсэлт хэр их ирэв?
- Манай байнгын хороонд иргэд ихэвчлэн хуулийн цоорхой их байгаа талаар гомдол гаргаж байна. Хуулийг нь баталсан мөртлөө хэрэгжихгүй байгаа талаар өргөдөл ирж байна. Ер нь Өргөдлийн байнгын хороо иргэдтэй их ойр ажилладаг. УИХ-аас баталсан хууль хаана очоод гацаж байгааг манайд ирсэн өргөдөл, гомдлоос мэдэж болохоор байдаг. Тухайн өргөдлийнх нь мөрөөр байнгын хороо зургаан удаа хуралдсан. Өргөдөлтэй холбоотой салбар хариуцсан яамдын төлөөлөгчдийг авчирч асуудлыг шийдэхээр хуралдах үе ч бий. Түүнчлэн гэр олгохыг хүссэн захидал олноор ирдэг. Тиймээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн мэдээллийг сонсч, асуудлыг шийдэх чиглэл өгсөн. Хүн болгоны хүссэнийг өгөхөөсөө илүүтэй бодлогын арга хэмжээ авах талд анхаарал хандуулж байна. Тиймээс лизингээр гэр олгох талаар ярилцаж байгаа. Төр орон гэргүй хүмүүсийг хоноглох байраар хангавал ямар вэ гэх мэтчилэн бодлогын асуудлаар холбогдох байгууллагад хандсан.
-Танай байнгын хороонд ирсэн өргөдлөөс “Хуулийн цоорхойг харж болдог” гэж хэллээ. Үүнд та жишээ татаж болох уу?
-Хэд хэдэн хуулийн төсөл хийдэлтэй, бодит амьдралд ний- цэхгүй байна гэсэн гомдлын мөрөөр шийдвэр гаргасан. Тодруулбал, цэргийн байгууллагад насаараа ажилласан хүн эрт тэтгэвэрт гарч ахиу тэтгэвэр авдаг. Гэтэл Даатгалын тухай хуулиар тэтгэвэрт гарах насаа хүлээх шаардлага үүсч байгааг бидэнд мэдэгдсэн. Үүнийг шалгахад зөрчилтэй байсан. Төрийн өмчит байгууллагад тасралтгүй 20-25 жил ажилласан хүн нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй байдаг. Дунд сургуульд насаараа ажилласан хүн тэтгэвэрт гарахынхаа өмнө хувийн сургуульд хэдэн жин ажилласан байна. Гэтэл хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг Засгийн газар олгохгүй байгаа талаар манай байнгын хороонд гомдол гаргасан. Холбогдох албаныхантай нь уулзахад хэнээс, хаанаас авахыг нь мэдэхгүйгээс иргэдийн эрх ашиг зөрчигдөж байсныг мэдсэн. Ер нь хаанаас тэтгэвэрт гарч байгаагаас үл хамааран төрийн байгууллагад 25 жил ажилласан нь үнэн бол урамшууллыг нь өгөх ёстой гэх чиглэлийг Өргөдлийн байнгын хорооноос холбогдох газарт нь өглөө. Иргэдийн гомдлын цаана УИХ-аас баталж байгаа хуулийн хийдэл, цоорхой явж байдаг учраас зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай. Түүнчлэн Ашигт малтмалын хуультай холбоотой иргэдийн гомдол цөөнгүй ирсэн.
-Ашигт малтмалтай холбоотой гэхээр ямар асуудал байх вэ?
-Ашигт малтмалын газрын даргын буруутай үйл ажиллагаанаас болж, уул уурхай, хайгуул олборлолтын чиглэлээр ажилладаг 106 аж ахуйн нэгжийн лицензийг цуцалж, бөөнд нь буруутай гэсэн шийдвэр гаргасан. Лицензийг сонгон шалгаруулалтгүй өгсөн байдаг. Хууль бусаар лиценз олгож байхад хяналт тавих үүрэгтэй төрийн байгууллагууд хаана байсан юм. Судлах асуудал олон бий. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд иргэдийн гомдлоор зарим саналыг нэмж оруулахаар ажиллаж байна. Тухайн аймаг, сум, дүүргийн удирдлагууд нэг байгууллага үйл ажиллагаа явуулж байтал тусгай хэрэгцээнд авна гэсэн үндэслэлээр газраа өгөхийг шаарддаг. Эргээд нөхөн олговор олгохгүй уддаг гэсэн асуудал тавьж байна. Тэгэхээр хуульд тусгай хэрэгцээнд авсан бол нөхөн олговор олгодог байх тухай заалт тодорхойгүй байгаа юм. Тиймээс хуулийг боловсронгуй болгох шаардлагатай.
-Та Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа. Хамгийн сүүлд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан. Тэд ямар бодит санал гаргасан бэ?
-Гадны төлөөлөгчдөөс туршлага судлахаас гадна парламентад суудалгүй улс төрийн намын дарга нарыг хэд хэдэн удаа хүлээн авч уулзсан. Тэднээс Сонгуулийн нэгдсэн хууль болон Улс төрийн намуудын тухай хуульд ямар санал оруулах хүсэлтэй байгааг нь нээлттэй сонссон. Улс төрийн намуудаас олон санал ирж байгаа. Ялангуяа сонгуулийн санхүүжилттэй холбоотой. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид мөнгө ардчиллыг хянадаг биш ардчилал мөнгийг жолооддог байх ёстой гэдгийг хэлж байна. Гэтэл бодит байдалд сонгуульд орохын тулд маш их мөнгө зарж байна. Албан ёсны тайлангаас харахад УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохын тулд нэр дэвшигчийн зарцуулсан мөнгө өмнөх онуудынхаас 10 дахин өссөн байна. Нэг хүн дунджаар 10 сая төгрөг зарцуулсан гэх мэдээлэл байна. Сонгуулийн сурталчилгаанд зориулж их хэмжээний мөнгө үрж байна. Энэ нь эргээд нэр дэв шиг чид хандивлагчаас хараат болох нөхцөлийг үүсгэж байгаа юм. Ингэснээр сонгуулийн үеэр тусалсан томоохон хандивлагчид ач санах, эргүүлж өр төлөх байдалд ордог учраас мөнгө ардчиллыг хянах биш ардчилал мөнгийг хянах ёстой гэсэн энэ зарчим байх ёстойг байнга хэлж байгаа.
-Шинээр боловсруулж байгаа хуулиар төсвөөс бага мөнгө гаргаж, сонгууль зохион байгуулна гээд байгаа. Яаж мөнгөө хэмнэх юм бэ?
-Санхүүгийн хяналтыг хэрхэн тавих вэ гэдэгт бид анхаарч байгаа. Ингэхгүй бол мөнгө бүхнийг шийддэг хэлбэрт орох гээд байна л даа. Мөнгөөр асуудлаа шийднэ гэдэг улстөрч эргээд том компани, хөрөнгө оруулагч, хандивлагчийн утсан хүүхэлдэй болно гэсэн үг. Тиймээс улсын төсвөөс мөнгө гаргахгүйгээр сонгуулийн зардлыг багасгах ямар арга зам байгааг судалж байна. Сонгогчийн саналд 1000 төгрөг, авсан суудлынх нь тоогоор 10 сая төгрөг улсын төсвөөс олгодог ч үүнийг юунд зарцуулж байгааг нь хянаж чаддаггүй. Татвар төлөгчдөө ч мэдээлдэггүй шүү дээ. Хэрвээ төсвөөс энэ хэвээрээ мөнгө олгох л юм бол улстөрчдөө сургадаг, сонгогчидтойгоо хэлэлцүүлэг хийж, тэдний санаа бодлыг сонсох гэх мэтчилэн тодорхой үйл ажиллагаанд зарцуулж, түүнийгээ тайлагнадаг байх ёстой. Яг иймэрхүү ажилд зарцуулаагүй бол төсвөөс мөнгө олгохгүй байх хүртэл арга хэмжээ авч болно шүү дээ. Зам дагуух гэрлийн шонд зурагт хуудсаа үнэгүй тавих, зүлгэн дээр сурталчилгаагаа тавих эрхийг өгвөл сурталчилгааны самбарын зардал багасна. Олон талын сайн туршлагыг судалж аль болох сонгуулийн зардлыг багасгахаар ажиллаж байна.
ulstor.mn
URL: