“61”-ийн гарамд гахайн мялзан өвчин гарчээ
СХД-ийн 21 дүгээр хороо, “61”-ийн гарамд орших “Нью Кроп” компанийн гахайн аж ахуйд байгалийн гаралтай гахайн мялзан өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоожээ. 2014 оны долоодугаар сарын наймны өглөөний 08:00 цагийн байдлаар 241 гахай, 33 тооройг устган булж, ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Үлдсэн 900 гаруй гахайг мөн устгахаар төлөвлөсөн бөгөөд ажлын явцад Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, дүүргийн хамтарсан Ажлын хэсгийнхэн хяналт тавин ажиллаж байгаа аж.
Малын удмын санг хамгаалах тухай хуулийн дагуу тухайн аж ахуйн нэгжид учирсан хохирлын 90 хүртэл хувийн нөхөн төлбөрийг Засгийн газраас олгодог. Гэхдээ “Нью Кроп” компани гахайгаа урд хөршөөс оруулж ирсэн ч вакцинжуулалтад цаг хугацаанд нь хамруулаагүй, малын тооллогод оруулаагүй, төв замаас 20 метрийн зайд хашаагаа татсан байжээ. Холбогдох хуулийн дагуу бол гахайн аж ахуй зам, тууврын замаас 0,5 км зайтай байх ёстой. Цаашид “Нью Кроп” гэлтгүй бусад аж ахуйн нэгж өөрсдөө ийм хариуцлагагүй байхад Засгийн газраас хөрөнгө гаргаж нөхөн олговор өгч байх нь зөв эсэх тухай ч хөндөгдөж байна. Хуульд зааснаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа 30 хоногийн дотор нөхөн олговрыг шийдвэрлэх ёстой юм. Өвчин гарсны улмаас “Нью Кроп” компани 1,6 жилийн хугацаанд гахайн аж ахуй эрхлэх боломжгүй болж байна.Өвчин илэрсэн бүсэд “Алтан тариа” компани болон иргэдийн 5000 орчим гахай байна гэсэн судалгаа бий. Холбогдох байгууллагууд энэ орчимд урьдчилан сэргийлэх тандалт хийн аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага дүүргийн Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлт, гахайн арчилгаа маллагаа, тэжээлийн нөхцөл, технологийн явцад хяналт тавих юм.
Гахайн сонгомол мялзан нь гахайнаас гахайнд халддаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм.
Баавар
- See more at: http://society.time.mn/content/47328.shtml#sthash.SSThMcMX.dpuf
URL: