Читад болсон олон улсын залуучуудын наадамд Монголын баг амжилттай оролцлоо
2014 оны 7-р сарын 2-7 өдрүүдэд ОХУ-ын Чита хотод Шанхайн хамтын ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ Оюутан залуучуудын Наадам болж өнгөрлөө. ОХУ-ын 3500 гаруй , Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ)-ийн түнш 17 улс орны 500-аад гадаадын оролцогчид энэхүү олон улсын наадамд хүрэлцэн ирсэн бөгөөд тус наадмын ерөнхий зохион байгуулагчаар нь Оросын Залуучуудын Холбоо болон Өвөр Байгалийн захиргаа ажилласан байна. Чита хотын “Локомотив” цэнгэлдэхэд болсон нээлтийг үзэж сонирхохоор 12000 үзэгчид цугларсан ба Наадмын нээлтийн үйл ажиллагаа дуу хуур, бүжиг наадам, өнгө будаг хосолсон жинхэнэ залуучуудын баяр байлаа. Зохион байгуулагчид асар их ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө, хүн хүч ч их шаардсан нь нээлтийн үйл ажиллагаанаас харагдаж байлаа.
Наадмын нээлтийн үеэр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нийт оролцогчдод баяр хүргэсэн мэндчилгээ илгээж, “Ирэх 9-р сард сард ШХАБ-ыг тэргүүлэх эрх ОХУ-д шилжих гэж байгаатай холбогдуулан энэхүү залуучуудын наадам ОХУ-д зохион байгуулагдаж байна” гэж онцоллоо. Мөн тус ёслолын арга хэмжээнд Оросын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Павел Крансноруцкий болон Өвөр байгалийн захирагч Константин Ильковский нар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Наадмын хамгийн сонирхол татах мэдээллийн нэг нь Оросын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч П.П.Крансноруцкий наадмын үйл ажиллагааны тухай хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр 2017 онд Оросын Залуучуудын Холбооноос Дэлхийн Оюутан Залуучуудын Наадмыг зохион байгуулах болсноо анх удаа албан ёсоор мэдэгдсэн явдал юм.
Оюутан залуучуудын наадмын хүрээнд залуу улс төрчидийн хэлэлцүүлэг уулзалт, залуу сэтгүүлчдийн форум , миссийн тэмцээн, урлаг, спортын уралдаан тэмцээн сонирхолтой хөтөлбөрүүд зохиогдсон. Үзэгчдийг хамгийн өргөнөөр хамруулж чадсан арга хэмжээ нь улс орноо төлөөлж ирсэн залуу уран бүтээлчдийн урлагийн тоглолтууд байсан бөгөөд нийт 47 тоглолтыг сонирхууллаа.
Энэхүү Оюутан Залуучуудын наадамд Оросын Залуучуудын Холбооны албан ёсны урилгаар Монгол Улсаа төлөөлж Монголын Залуучуудын Холбооныхон, манай соёл урлаг, спортын шилдэг төлөөлөл болсон залуус баг болж тун амжилттай оролцоод ирсэн юм. Монголын багийн урлагийн тоглолт нь үзэгчдийн таашаалыг хамгийн ихээр татаж чадсан. “Жонон” хамтлаг, уртын дуу, уран нугаралт, үндэсний бүжиг, казак дуу, “Universe best songs 2013” наадмын шилдэг оролцогчдоос бүрдсэн үзүүлбэрүүд үнэхээр онцгой байлаа.
Харин спортынхны хувьд манай залуучууд өөрсдийн ид хав, чадвар чансааг спортын 3 төрлийн тэмцээн уралдааны үеэр харуулж чадлаа. Манай тамирчдын оролцсон багууд сагсан бөмбөгийн төрөлд 1алт, 3 хүрэл медаль, хөл бөмбөгийн төрөлд 1 мөнгөн медаль авсан бол сагсан бөмбөгийн “Шилдэг тоглогч”-оор олон улсын хэмжээний спортын мастер, Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Т.Санчир тодорч, Монголын баг тамирчид нийт дүнгээрээ “Шилдэг баг”-ийн цом хүртлээ. Залуу улс төрчдийн хэлэлцүүлэгийн үеэр оролцогч улс орны төлөөлөгчид хэрэгжүүлж буй шилдэг төслүүдээ танилцуулсан бөгөөд МЗХ-ноос оролцсон төлөөлөгчид “МЗХ-ны хийж буй төсөл хөтөлбөрүүд, тэр дундаа Залуусаа спортоор хичээллэцгээе, Унадаг дугуйтай Улаанбаатар” төслүүдээ танилцуулж хамгийн анхаарал татсан шинэ санаатай төслүүдийн нэгээр нэрлэгдэж чадсан юм.
Цаашлаад Монголын Залуучуудын Холбоо, Оросын Залуучуудын холбоо болон бусад улсуудын залуучуудын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд идэвхижүүлэх талаар ярилцаж нааштай үр дүнд хүрсэн байна.
Үдэш бүр урлаг соёлын одуудын тоглолтууд хотын төвийн В.И.Ленины нэрэмжит талбайд болж өнгөрч байлаа. Хаалтын үйл ажиллагааны хамгийн гайхамшигтай үзүүлбэр нь лазер шоу болон тайлбарлахын аргагүй сонин содон алмайруулж гайхшруулмаар салютын үзүүлбэр байсан юм.
Ийнхүү залуучуудын наадам сэтгэл хөдөлгөсөн мөчүүд, өнгө өнгийн сонирхол татахуйц гайхалтай арга хэмжээнүүдээр дүүрэн байсан төдийгүй зохион байгуулагчдын зүгээс нийт оролцогчдод үнэхээр залуучуудын баяр наадмын уур амьсгалыг бий болгож мэдрүүлж чадлаа.
Дараагийн “Бүх Оросын оюутны хавар наадам”-ыг 2015 онд зохион байгуулагчаар ОХУ-ын Владивосток хот тодорлоо.
URL: