Хан-Уулд хаан суусан Ж.Ганхуяг

-Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягын хууль зөрчсөн баримт нэг, хоёр, гурав…-

“Би Засаг дарга болсон учраас чи одоо зайл” гэж хэлээд захирлыг өрөөнөөс нь хөөдөг ил цагаандаа гарсан албан тушаалтан бол Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганухяг юм. Засаг даргын суудлыг авсан өдрөөсөө эхлэн ингэж аягласан түүний энэ бүдүүлэг үйлдэлд дүүргийн тухайн үеийн төрийн албаныхан олноор өртсөн. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болохыг шат шатны шүүхээс тогтоосон. Төрийн албанд шударгаар зүтгэж байсан, тангараг өргөсөн албан хаагчдыг буцааж ажилд тавих шүүхийн шийдвэр гарсан. Гэвч авахыг нь аваад заримыг нь үл тоосон хэвээр л байна. Эргүүлж ажилд нь авсан гэдэг нь энэ хүн өөрөө хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн хэрэг. Эргүүлж ав гэсэн шүүхийн шийдвэрийг үл тоож байгаа нь бас л хуулиа зөрчсөн баримт. Ж.Ганхуяг хууль зөрчсөн нь үнэн байна. Хууль зөрчсөн дарга яах ёстой вэ. Хариуцлага хүлээнэ. Хүлээх хариуцлагын наад захын шийтгэл нь албан тушаалаасаа огцрох. Ингэхээр өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын сандал ширээнд сууж буй Ж.Ганхуяг огцрох л ёстой юм. Энэ хүний тухай элдэв хэл амыг энд тоочихыг хүссэнгүй. Зөвхөн хуулийг уландаа гишгэж, энэ нь хэрээс хэтэрсэн тухайг хүргэж байна. Ж.Ганхуяг нь Засаг даргын албанд очихоосоо л эхэлж Монгол улсын хууль тогтоомжуудыг бүдүүлгээр зөрчиж иржээ. Энэ бүх хууль зөрчсөн үйлдлүүдийг нь баримтаар хүргэе.

Баримт1
“Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2-т … төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна” гэсэн тодорхой заалт бий. Тэгвэл Ж.Ганхуяг нь энэ албанд ирэхээсээ өмнө төрийн албанд нэг жил бүү хэл нэг сар ч ажиллаагүй нэгэн юм. Түүний ажил байдлын тодорхойлолтыг гаргаж өгсөн Төрийн албаны зөвлөлийн тогтоолд “ХОТШ банкинд нягтлан, Голомт банканд эдийн засагчаар ажиллаж байсан” гэсэн тодорхойлолт л бий. Хуулийн энэ зүйл заалтаар тэр энэ албан тушаалд тэнцэхгүй нь тодорхой билээ

Баримт2
Ж.Ганухуяг нь дүүргийн Засаг дарга болсноосоо хойш маш олон албан тушаалтнуудыг ажлаас нь хүчээр халж өөрийн хүмүүсийг тавьсан байдаг. Жишээлбэл тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Бат-Эрдэнэ, Боловсролын хэлтсийн дарга Ц.Отгончимэг, 10 дугаар сургуулийн захирал Д.Энхтайван гэхчлэн төрийн олон албан хаагчийг ажлаас халсан. Энэ нь эцэстээ бүгд хууль зөрчсөн үйлдэл байсан нь шүүхээр тогтоогдож Ц.Отгончимэг, Г.Батэрдэнэ нар ажилдаа орсон билээ. Харин Д.Энхтайван нь гурван шатны шүүхэд ялж ажилдаа орох шийдвэр гарсан боловч Ж.Ганхуягын зүгээс “Би энд байгаа үедээ чамайг буцааж тавихгүй” хэмээн хэлдэг. Түүнд шүүхийн шийдвэр юу ч биш. Шүүхийн шийдвэр юу ч биш байдаг Ж.Ганхуягууд монголын төрд олширвол эцэстээ юу болох вэ. Д.Энхтайван аргаан барахдаа шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хандсан боловч өнөөдөр байдал хэвээр байгаа аж. Энэ бүх үйлдэл нь Ж.Ганхуягыг … албан тушаалтныг ажлаас үндэслэлгүйгээр халсан нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 65.3-ын 14 дүгээр зүйл, 14.1.8, энэ хуулийн 5.1.3-т заасныг /”65.3.Энэ хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн нь тухайн албан тушаалтныг үүрэгт ажиллаас нь чөлөөлөх үндэслэл болно.” гэж заасан 14-р зүйлд нь /14.1.8/. Ажилтныг үндэслэлгүйгээр ажиллаас халах, …. гэсэн тодорхой заалтыг зөрчсөн болно. Эдгээр төрийн албанд мэрэгшсэн хүмүүсийг халаад оронд нь төрийн ажил огт мэдэхгүй, төрийн ажлын ямар нэг туршлаггүй, тэр бүү хэл дээд боловсролын дипломыг хуурамчаар үйлдсэн нөхдүүдийг буюу тойрон хүрээлэгчдээ болгон томилсон нь МХГ, Төрийн албаны анхны шалгалтаар л тогтоогдож булайгаа чирсэн үйл явдал болжээ. Хуурамч дипломтой, тус ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хангахгүй хүмүүсээр багаа бүрдүүлсээр байна.

Баримт 3
Хан-Уул дүүрэгт удаа дараа Үнэлгээний хороо байгуулах журмыг зөрчиж дүүргийн ЗДТГ-ын дарга болон Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар үнэлгээний хороог ахлуулах шийдвэр гаргасан. Энэ ЗДТГ-ын дарга Отгонбагана нь өөрөө тендерийн урилга зарлах, сонгон шалгаруулах, шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулах, төсөв хөрөнгийг гаргахад нэгдүгээр гарын үсэг зурах зэрэг бүх шат дамжлагыг нэг хүн дээр төвлөрүүлэн гүйцэтгүүлсэн нь Ж.Ганхуягын эрх мэдлээ хэтрүүлж, танил талаа харах, авилгал, хүнд суртлыг бий болгосон бодит жишээ юм. Уг нь бол сангийн яам, нийслэлээс бүх дүүргүүдийн удирдлагуудад сургалт зохион байгуулж дээрх зөрчил үүсэж болзошгүйг олж хараад Засаг даргын орлогчоор тендерийн хороог ахлуулах үүрэг чиглэл өгсөн билээ.

Баримт4
Инженерийн шугам сүлжээтэй газарт зөвхөн нийслэлийн Засаг дарга газар олголт хийх эрхтэй байдаг бол Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нь эрх мэдлээ хэтрүүлэн 1,2,3 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар хэдэн арваар нь газар олголт хийсэн байна.

Баримт5
Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нарын томилгоог өнөөдрийг хүртэл бүрэн шийдсэнгүй. Тухайлбал 13-р хорооны Засаг даргад Монгол Ардын Намаас нэр дэвшээд Хорооныхоо иргэдийн нийтийн хурлаар хоёр ч удаа ялалт байгуулсан хүнийг томилсонгүй. Харин оронд нь өөрийнхөө намын хүнийг хүчээр хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэж шинэ албан тушаал бий болгож томиллоо. Түүгээр тогтохгүй одоо 4, 9, 10, 13, 15, 16 дугаар хорооны Засаг дарга нарыг мөн л үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаалд томилосон хэвээр байгаа аж. Угтаан бол ямар хүнийг Засаг даргаар сонгох нь тухайн хорооны иргэдийн бүрэн эрх байдаг. Хуулиар олгогдсон иргэдийн энэ эрхийг Ж.Ганхуягтан үл тоожээ.

Баримт
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулиар төсвийн Ерөнхийлөн захирагч нь эрхлэх асуудлынхаа хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг ханган ерөнхий менежерүүдтэй үр дүнгийн гэрээ байгуулах үүрэгтэй байдаг. Тус үр дүнгийн гэрээг Улсын төсвийг УИХ баталснаас хойш нэг сарын дотор байгуулахаар хуульчлан заасан байдаг боловч 2011 он гарсаар хагас жилийн хугацаа өнгөрлөө.
Гэтэл тус дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид болон өрхийн эмнэлэгүүдтэй Засаг дарга Ж.Ганхуяг өнөөдрийг хүртэл үр дүнгийн гэрээг 2010, 2011 онд байгуулаагүй нь төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12.1.5, 12.1.6, 12.1.7, 17.1.1, 18.1, 18.2, 18.3, 18.4 дугаар заалтыг тус тус зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл үр дүнгийн гэрээ байгуулаагүй Ерөнхий менежерүүд төсөв захиран зарцуулах эрх байдаггүй ч Ж.Ганхуяг нь энэ хугацаанд төсвөө захиран зарцуулсаар иржээ. Ж.Ганхуягийн хууль бус энэ үйлдэлээс нь болж доод шатных нь дарга нар бүгд хууль зөрчихөд хүргэжээ. Хан-Уул дүүрэгт байдал ийм байхад Нийслэлийн эрүүл мэндийн газар, боловсролын газар юугаа харж, хийж байдаг хүмүүс байдаг нь сонин.
Монгол улсын арван хэдэн хуулийг зүйл заалтаар нь зөрчсөн, тэр нь баримтаар нотлогдсон, түүгээр ч барахгүй үүнийх нь төлөө “Ж.Ганхуягийг огцруулсугай” гэсэн дээд удирдлага нь болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын 2010 оны хоёрдугаар сарын 10-ний дугаар 128 тоот захирамж гарчихсан байхад л мань нөхөр өнөөдрийг хүртэл ширээ сандал дээрээ шигдсээр, үргэлжлүүлэн хуулиа зөрчин будлианаа тарьсаар байгаа нь ардчилсан нийгэм дэх эрүүл үйл явц мөн үү. Монголын хууль ийм хүчгүй, албан тушаалтнууд ийм арчаагүй болжээ гэж дүгнэх үү. Асар их авилга, мөнгө юуг ч өмнөө сөхрүүлдэг юм байна гэдгийг харуулж байгаа хэрэг биш үү.
Энэ бүхний эцэст иргэд хохирч энэ нөхөр хожсоор дуусах нь. Ж.Ганхуяг гэж хүний өмнө жижгэрдэг хууль, нийслэлийн дарга нар байж болно. Харин Ж.Ганхуягийн өмнө жижигрэх ард түмэн гэж байхгүй. Хууль зөрчсөн нь нэгэнт тодорхой энэ нөхрийг Хан-Уул дүүргээс зайлуулах цаг болжээ. Үүнээс цааш цаг хугацаа одоо алга. Байх аваас дүүргийн иргэд хохирсоор дуусах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих