Ардын намын жигүүр “амь оров”
Т.Аюурсайханаар ахлуулсан МАН-ын Шинэчлэлийн хороо тун удахгүй их хурлаа хийхээр болжээ. Намынхаа 27 дугаар Их хурлаас өмнөхөн сүрхий идэвхжиж, намынхаа даргад хүртэл нэр дэвшээд амжсан Т.Аюурсайхан нар өнгөрсөн хугацаанд шинэхэн фракцийнхаа дүрэм журмыг шинэчлээд завгүй байсан аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор бүртгүүлж төрийн бус байгууллага болсон Шинэчлэлийн хороо удирдах зөвлөлөө хуралдуулж даргаараа Т.Аюурсайханыг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Удаанжаргалыг, Нарийн бичгийн даргаар Б.Ганхуяг нарыг сонгожээ.
Удирдах зөвлөл нь 11 гишүүнтэй, төдийгүй нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн МАН-ын Шинэчлэлийн хороог албан ёсоор байгуулж тамга тэмдгийг нь хүлээлгэн өгсөн байна.
Баян-Өлгий аймгийн МАН-ын Шинэчлэлийн хорооны даргаар А.Эрбол, Б.Бат-Амгалан Булган, С.Түмэнбаяр Дорноговь аймгийг, Т.Амартүвшин Дорнод аймгийг, С.Отгонжаргал Дундговь аймгийг Д.Мөнхбат Орхон аймгийг тус тус удирдахаар болсон байна. Тэд анхдугаар их хурлаа 2015 оны тавдугаар сард багтаан зохион байгуулах аж.
Гэхдээ анхдугаар Их хурлаар хэлэлцэх асуудал, төлөөлөгч сонгох асуудал, бэлтгэл ажлыг зохион байгуулах Шинэчлэлийн хорооны Бага хурлыг ирэх арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөсөн байна. Тус бага хуралд нийгмийн бүх салбарын 99 төлөөлөгчийг оролцуулахаар болжээ.
Б.Тогтох
ulstor.mn
URL: