Ерөнхий сайд Bank of China-аас “зай барьлаа”
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга Засгийн газрын танхимын хаалгыг гаднаас нь хааж байгаад, “Монгол Улсын иргэн” гэдгээ тодотгон байж Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүн Н.Алтанхуягт ил захидал бичсэн. Тэр аргаа барсандаа ийнхүү ил захидал бичих аргаар “тэмцэж” хийх гэж буй үйлдлийнх нь сөрөг үр дагаврыг “уудлан ил гаргасанд” олон нийт гайхсан. Тэр ч байтугай андуурсан, эсвэл бантсан зарим нь “АН-ын фракц хоорондын зөрчил дээд цэгтээ туллаа” хэмээн дүгнэж байв. Уг захидалд “Сүүлийн өдрүүдэд УИХ болон Засгийн газраас Монгол Улсын ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг сулруулах, хортойгоор нөлөөлөх, нэн аюултай үр дагавар авчрах хэд хэдэн шийдвэрүүдийг батлан гаргахаар завдаж байна.
Үүнд:
1. Харилцаа холбооны салбарт БНХАУ-ын Huawei компаний тоног төхөөрөмж, програм хангамжийг голчлон ашиглах;
2. Уул уурхайн орд газруудаас хятадын хил рүү түүхий эд зөөхдөө гурван чиглэлээр мухар төмөр замыг нарийн царигаар тавих;
3. ”Банк оф Чайна” (Bank of China)-гийн салбарыг Монголд байгуулахыг зөвшөөрөх;
4. Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын иргэдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах зэрэг шийдвэрүүд болно…” хэмээсэн байлаа.
Ямар ч байсан энэ тохиолдолд Ерөнхий сайд дуугүй байж болохгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд хариу мэдэгдэл гаргалаа. Маш товчхон хариу өгчээ.
Санаа амраасан эхний хариулт нь “Bank of China-гийн салбарыг Монголд байгуулах асуудал Засгийн газрын түвшинд огт яригдаагүй” гэнэ шүү. Тус банкны салбарыг Монголд нээхгүй бол сайн хэрэг. Харин “Засгийн газрын бус түвшинд ярьсан байвал надад хамаагүй шүү” гэсэн хариу байвал яана. Учир нь Монголбанкны удирдлага, бодлого, банкны салбарын асуудлуудыг УИХ шийддэг. Эдүгээ “Bank of China-гийн салбарыг Монголд байгуулах асуудал ч мөн л УИХ-ын нэр бүхий гишүүдийн лобби гэдэг нь тодорхой болсон. Тэгэхээр “гэрэлд цохиулснаа” ч бодсон, шийдвэрлэх институцийн хувьд ч УИХ-д “наах” нь хамгийн зөв хариулт байсан болов уу. Гэхдээ лобби амжилттай хэрэгжиж, УИХ шийдвэрээ гаргасны дараа өгсөн үүрэг, даалгаврыг Засгийн газар үг дуугүй биелүүлэх хуультай.
Жишээ нь өчигдөр Хууль зүйн сайд Өршөөлийн тухай хуулийн талаар хэвлэлд ярилцлага өгчээ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар татвараас бултагчдыг Хууль зүйн сайд “өршөөх”-ийг хүсээгүй аж. Гэтэл “УИХ Засгийн газарт үүрэг өгөхдөө энэ хоёр хуулийг хамтатгаж оруулж иргэсэн байна. Тэгэхдээ бүр хугацаатайгаар, зургадугаар сарын 1-ний дотор төслөө өргөн барь” гэснийг биелүүлсэн гэнэ.
Яг ийм аргаар “Bank of China-гийн салбарыг Монголд байгуулах асуудлыг шийдвэл яах вэ. Хуулиа л биелүүллээ гэж тайлбарлана. УИХ-ын түвшинд энэ асуудлыг хэлэлцэн батлах нь магадгүй илүү “ашигтай”, давуу талтай ч байж болох юм. Энд Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрх барьж буй АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга “түүний үнэнч фен”, ерөөсөө л түүнд хангалттай хүч бий. Тийм ч учраас ам бардам дээрх мэдэгдлийг Ерөнхий сайд гаргасан бололтой.
Зөвхөн “Bank of China-гийн салбарыг Монголд байгуулах асуудлаас гадна Huawei-ийн “өгөөмөр тусламж”-ийн хувьд “түүхэн үүрэг”-ээ биелүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тиймээс ҮАБЗ-ийн “экс” бүрэлдэхүүний зөвлөмжийн дагуу ажил нь хэрэгжээд дууссан биз. Харин нарийн царигтай төмөр замын тухайд “Манай Засгийн газар Таны өргөн барьсан саналыг огт зөрчөөгүй” гэдэг нь хатуухан сонсогдов. Андуураагүй бол тэд хоёулаа манай улсын иргэн. Цаашилбал саяхан болтол нэгэн Засгийн газарт ажиллаж байсан ч үзэл бодлын зөрүү гарсны төлөө ийн хүнийрхэх юм гэж огт санаагүй билээ. “Гэрэлд цохиулаад” Газрын тухай хуулийн нэгэн адил “гацсан” л болохоос Х.Баттулга гишүүний захидалд худал гүтгэлэг байгаагүй. Бүгд олон зуун жил монголчуудын тээж ирсэн болгоомжлол, сэрэмжлүүлж ирсэн айдас шингэсэн байсан. Хэрэв УИХ дээрх хууль, тогтоолыг баталсан бол Ерөнхий сайд мэдэгдэл гаргах тэнхэл, түүнийг илэрхийлэх үг олдохгүй, бас санасандаа хүрсэн хүчирхэг эрх мэдэлтний нэгэн адил иргэддээ тайлбарлахааргүй додигор байх байсан биз ээ.
Гэвч Ерөнхий сайдын “ажил”, түүнтэй холбоотой тайлбар үүгээр дуусахгүй. Тэрбээр Монгол Улсын газрыг Монголын иргэдтэй адил эрхтэйгээр гадаадын иргэдэд урт (100 жил хүртэл) хугацаагаар эзэмшүүлэхийг хуульчлах зэрэг шийдвэрүүд, харилцаа холбооны салбарт БНХАУ-ын Huawei компаниудын тоног төхөөрөмж, программ хангамжийг голчлон ашиглахын сөрөг талыг судлах ёстой. Яагаад дэлхийн олон оронд харилцаа холбооны салбарт ноёрхлоо тогтоохыг оролдсон, Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран, Энэтхэг, Норвеги зэрэг орнуудын татгалзсан төхөөрөмжийг хэрэглэсээр байгаа юм бэ. Цуцалж болдоггүй шалтгаан нь юу юм бэ гэдгээ тайлбарлах ёстой.
АНУ-ын Конгрессын тагнуулын албыг хариуцсан байнгын хороо Huawei хэмээх компаниуд АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулж байна” гэж албан ёсоор мэдэгдэл гаргачихаад байхад бид хөрш минь юм аа гээд бусдын чихэнд төрийн хар хайрцгаа уячихаад суугаад байх уу.
Яагаад бид заавал БНАСАУ-ыг л дуурайж 1435 мм-ийн царигтай төмөр замаар олон боомттой, тэр тусмаа төдийлөн шаардлагагүй боомтуудад хүртэл гарцаа нээж хятадуудад л боломж олгохыг чухалчлах өртэй юм бэ гэдгийг Ерөнхий сайд тайлбарласангүй.
Хамгийн гол нь Х.Баттулга гишүүний ил захидалдаа бичсэнчлэн “Танаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг аливаа төрлийн шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулахгүй байхыг МоАХ, Монголын ард түмэн, Монгол Улсын иргэн миний бие шаардаж байна. Сайд Н.Батбаяр Та хоёр Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хууль тогтоомжоо огоорч, бусад үндэстний түүхэнд алтан үсгээр бичигдэх “гавъяа”-г байгуулж болзошгүй байна.
Та хоёрын зүгээс УИХ-ын гишүүдэд мөнгө, төсөл, албан тушаал амлах, бизнесийн дарамт учруулах замаар үндэсний бодлогыг унагахаар чармайж байсныг хожмын өдөр Монголчууд тод санаг гэсэндээ Танд сануулж байна. Хогийн уут тараах тухай ялихгүй жижиг асуудлыг ард түмнээсээ асууна гэж жүжиг тоглож байхын оронд Үндэстний оршин тогтнол, аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудлыг ард түмнээсээ асуухгүй байгаа тань ямар учиртай вэ? Төмөр замын цариг, гадаад улсын төрийн өмчит банкыг улсдаа оруулах, газрыг гадаадынханд эзэмшүүлэх, харилцаа холбооны сэжигтэй технологийг нутагшуулах асуудлыг ард түмнээр хэлэлцүүлсний үндсэн дээр шийдвэр гаргахыг Танаас шаардаж байна” гэсэн хэсэгт нь тэр тусмаа тодорхой хариу авах ёстой. Энэ бол Х.Баттулга гэдэг иргэний /өөрийнх нь бичсэнчлэн/ төдийгүй Монголын бүх ард түмний асуулт юм. Хэрэв түүнийг “Хэн ч биш” гэж байгаа бол тэрбээр УИХ-ын гишүүн. Сайдын суудлаа өөрийн хүсэлтээр өгсөн, ардчиллынхны анхдагчдын нэг, хөлснийхөө дусал бүрийн хүчээр олондоо үнэлэгдэж, ардчиллын буянд олсон баялгаасаа МоАХ-ын партизанууддаа орон байр хүртэл хүртээж явдаг тийм том хүрээний улстөрч билээ. Чамлахын аргагүй түүнд “тавхан” үгээр хариулт өгч ам таглана гэвэл ард нь Монголын бүх иргэн бий гэдгийг энэ дашрамд сануулъя.
C.Чулуун
URL: