МАН-ын 26 гишүүн наадмаар амрахгүй гэв үү
УИХ-ын дарга чуулганыг хаах үеэр УИХ-ын хаврын чуулган 70 орчим хоногийн хугацаанд үргэлжлэхэд УИХ дахь МАН-ын бүлэг тал 30 гаруй хоногт нь завсарлага авсныг дуулгасан. Үнэхээр ч хаврын чуулганы хугацаанд Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг ярьсаар шийдэлд ч хүрсэнгүй хаврын чуулганыг завсарлуулсан. Эдийн засгийг сэргээх арга зам бол ганц сайдтай хариуцлага тооцсоноор болчих зүйл биш гэдгийг тэд ухаарч байсан ч өөр гарц олж хараагүй бололтой юм.
Уг нь ангийн нөхдийнх нь зүгээс МАН-ынханг “Эдийн засгийг эрчимжүүлэх энэ үед Эдийн засгийн сайдыг нь огцруулна гэдэг МАН хариуцлагагүй үйлдэл хийж байна гэж ойлгож байна. Эдийн засгаа эрчимжүүлж, дээшлүүлэхэд аль аль талын дэмжлэг чухал хэрэгтэй байгаа энэ үед сөрөг хүчин эсэргүүцэх, үгүйсгэх, огцруулах үйлдэл хийхээс өөр ажил хийхгүй байна” гэж шүүмжилсэн байна.
Гэхдээ тэд завсарлага шалтгаанаа “Яах аргагүй улс орны эрх ашигтай харшилдсан, ард иргэдийн амьдралыг илт хохироосон шийдвэрийг олонхиороо хууль зөрчөөд, хүч түрэн гаргах гээд байсан. Асуудлыг ард иргэдэд зөв хүргэх, асуудлыг эрх баригчдад зөв ойлгуулахын тулд завсарлага авч байсан. Гэхдээ биднийг завсарлага авангуут тэр чигээрээ байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахгүй, хойшлох тохиолдол байхгүй. Дараагийн асуудлыг хэлэлцээд явдаг. Тийм болохоор цөөнхийн авсан завсарлага хаврын чуулган үр дүн муутай ажиллахад нөлөөллөө гэж үзэх нь өрөөсгөл” хэмээн тайлбарласан.
Ийнхүү чуулганы хуралдааныг тасалдуулсан үйлдэл гаргасан гэх МАН-ынхан гэмээ ухаарсан уу? Ямар ч байсан чуулганы завсарлагааны хугацаанд амрахгүй ажиллахаа мэдэгдэв.
МАН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж “ МАН-ын УИХ дахь бүлэг 18 удаа хуралдаж, 19 ажлын хэсэг байгуулан ажиллаж, есөн асуулга тавьснаас гурвынх нь хариуг өгсөн, 71 албан бичгийг холбогдох албан тушаалтанд илгээхэд 11 газраас хариу иржээ. Энэ бол цөөнхөд ямар хандлага харуулж байгаагийн тод илрэл. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд зангидсан гар шиг байж нэг багийн зарчмаар ажилласан бөгөөд хаврын чуулганы завсарлагааны хугацаанд амрахгүй ажиллах болжээ. Эдийн засаг хүндэрч, иргэдийн ахуй амьдрал доройтсон тул улс орныхоо эрх ашгийн төлөө эрх баригчдад тусалж ажиллахаас аргагүй болоод байна” мэдэгдэв.
Гэвч МАН-ын 26 гишүүн бүлгийн даргынхаа үгэнд орж, амрахгүй ажиллана гэдэг ёстой юу л бол. Бүр найр наадам, амралт зугаалгын цагаар МАН-ынхан улс орны эдийн засгийг өөд нь татахаар нойр хоолгүй зүтгэнэ гэдэг бол бас л сонирхолтой амлалт.
П.УНДРАМ
Оллоо.мн
URL: