“Даварсан” Солонгос эмчийг 1920.0 мянган төгрөгөөр торгожээ
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо буюу та бидний хэлж заншсанаар 16-р хороололд Солонгос улсын ирсэн Ким Чан Коо гэгч эмчилгээ хийдэг ажээ. Тэрбээр өөрийнхөө түрээслэн амьдардаг байранд эмнэлэгийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд ингэхдээ ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийжээ
Гадаадын иргэн монгол иргэдэд эмчилгээ, үйлчилгээ хийж байгаа эсэхийг шалгахад БНСУ-ын иргэн Ким Чан Коо нь зүүний эмч мэргэжилтэй, ЭМЯ-наас 2012-2013 онд 6 сарын хугацаагаар эмчлэх эрхийн зөвшөөрөл авч Монголд ажиллаж байсан ба зөвшөөрлийг сунгуулахаар материал бэлтгэсэн байна.
Эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа ажлын байр нь Ким Чан Коо эмчийн өөрийн амьдарч байгаа түрээсийн байр бөгөөд эмнэлгийн үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй нөхцөлд иргэдэд үйлчилж байсан нь тогтоогдсон ажээ.
Иймд Монгол улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн эмчилгээ, үйлчилгээг зогсоож, хэрэглэж байсан эм, эмнэлгийн хэрэгсэл /23 нэрийн 582.5 мянган төгрөгийн/-ийг хурааж, Монгол улсын “Эрүүл мэндийн тухай” хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтыг үндэслэн БНСУ-ын иргэн Ким Чан Коод 1920.0 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаад эмч нараар үйлчлүүлэх бол иргэд зөвшөөрөл болон ажлын орчин нөхцлийг харгалзан үзэх шаардлагатайг анхааруулж байна.
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: